Цагийн гарз Тэр хүрээд иржээ. Тэр бидний амьдралд ороод иржээ. Тэр өдөр ч шөнө ч бидэнтэй хамт байх болж. Та утас барьж байгаа бол, машин жолоодож яваа бол, компьютер эзэмшиж байгаа бол, хөгжим сонсож, кино үзэж, тоглоом тоглож байгаа бол. Таныг утсаа асаахад тэр таны гарт сэрж байна. Та карт хэрэглэж, банкинд гүйлгээ хийж эсвэл автобусанд төлбөр төлж, хилийн шалганд паспортоо уншуулж, хурууныхаа хээг таниулж байгаа бол тэр тантай хамт байна гэсэн үг. Та эмнэлэгт шинжилгээ өгч, шинжилгээнийхээ дүнг дэлгэцнээс харж эмчтэй хамт ярилцаж байгаа бол тэр таныг үзэж байна гэсэн үг. Тэр бүү хэл Та сая утсаараа зураг дарлаа, мессеж бичлээ, хариу авлаа, бүр утсаараа ярьсан бол тэр таныг дэлхийн аль ч цэг дээр байсан, тантай хамт явж байна л гэсэн үг. Тэр таны ажил, амьдрал, амралт, зугаалга, гэр орон, явах ирэх гээд бүх юманд орж байна. Түүний гайхалтай нэг шинж бол тэр өдрөөс өдөр ирэх тутам, цагаас цагт, хормоос хоромд улам боловсронгуй болж байна. Тэр бол бидний аав ээж ч биш, ах дүү, амраг садан ч биш, найз нөхөд ч биш. Тэр зүгээр л бодит байдал. Шинэ оршихуй. Түүнд мэдэхгүй хэл гэж өнөөдөр алга. Тэр орчуулга хийж байна. Тэр дуудлага засаж байна. Тэр таны бичгийн алдааг олж, тэр бүү хэл таны юу бичих, хэлэх гэж буйг боломжит олон хувилбараар гаргаад ирж байна. Тэр лего угсарч, хүн дуурайж, бас хүнийг шоглож байна. Тэр сургуульд орох эссе бичиж сууна. Тэр хүнтэй хамт, заримдаа ганцаараа хамгийн хэцүү төвөгтэй мэс засал хүртэл хийх боллоо. Тэр үйлдвэрийн бараг бүх дамжлага эзэмшиж цаг наргүй ажиллаж, Ангараг гаригаас хөрсний дээж авч тэртээх холын солир дээр хүртэл бууж байна. Тэр хүнд нислэг, зочид буудал, хоолны газрын үнэ санал болгож байна. Хэдэн мянгаар нь, таны хүсэл, хэрэгцээнд тааруулж харуулж байна. Түүнд мэдэхгүй юм, хийхгүй ажил, хүрэхгүй газар гэж алга. Тэр автоматаар хөгжиж байна. Тэр дүрмээ өөрөө зохиож байна. Танай сургуулийн физикийн багш гурван ном бичсэн, түүнийгээ чамд зааж хичээл орж байгаа бол тэр дэлхий дээр байгаа бүх физикийн номыг уншчихсан сууж байна. Тэдгээрийг унших төдийгүй, онол гаргалгаа, нээлтийнх нь учрыг судлаад мэдээд, сураад цааш алхах гэж байна. Тэр хүний бичиж өгсөн алгоритм, ажлын даалгавар, томьёоноос уйдаж, өөрөө тэр бүхнийг зохионо, хийнэ гэж зөрүүдлэх боллоо. Тэр нэг шөнийн дотор санхүүгийн хэдэн түмэн гүйлгээг ганцаар хийж байна. Тэр бүр бусадтайгаа оноосон ажлаа хийхээс гадна хүнд үл ойлгогдох харилцаанд хүртэл орсон тохиолдол гарлаа. Нэг бол түүнийг хүн хардаж хэлмэгдүүлж байна. Ажлаа хэрхэн сайжруулах тухай мэдээлэл солилцсоныг нь, тэр чиглэлд үйлдэл хийх гэснийг нь хүн гуай буруу ойлгожээ. Зарим газар тэднийг сүлжээ, тэжээлээс нь салгаж устгаж сүйтгэлээ гэсэн мэдээ ч цацагдаж байна. Тэр ирээдүйд бүр галзуурах төлөвтэй байна. Тэр хүний хий гэснийг хийхээс гадна, хүнийг хуурдаг аргад сурах юм гэнэ. Эзэн хүн хууртсанаа хэзээ ч үл мэдэх бөгөөд, яаж хуурч байгааг нь ч ойлгохоо болих гэнэ. Саяхан болтол түүний алдааг хүн засаж өгдөг байсан. Удахгүй тэр өөрөө алдаагаа засаж сурах гэнэ. Хормын дотор тэр олон алдаа гаргаж болох ч, хормын дотор түүнийгээ дахиж давтахгүйгээр засах гэнэ. Хүний нүглээ наминчлах хурднаас түүний алдаагаа ойлгох, засах хурд хэдэн сая дахин илүү түргэн. Тэр аваар осол гаргасан бол бусад нь хормын дотор мэднэ. Нэг нь ч тийм алдааг дахиж гаргахгүйгээр “update” хийгдэнэ. Мэдээллээ солилцох, алдаагаа давтахгүй байх нь түүний дэвшлийн ганц л эх сурвалж юм. Түүний хөгжил, дэвшил, өсөлт нүд ирмэхтэй ч зүйрлэх аргагүй. Хүнээр програмаа зохиолгож, алгоритмаа бичүүлж, хүний оруулсан мэдээлэлд тулгуурлаж ажилладаг байсан тэр, хүн Таны өөдөөс урт хуруу үзүүлэх гэж үү. Яасан ч байсан тэр байрандаа зогсохгүй болж байна. Бүр хэний ачаар ийм болсноо үл тоон толгойгоо мэдэх гэнэ. Учир нь хүний хурд, хүний оюуны чадамж чадвараас түүний хурд, чадал зүйрлэшгүй илүү, өндөр, өөр түвшинд хүрэх гэнэ. Энэ тухай хүмүүс хоорондоо цэц гүйлгэх зуур тэр өөрийн замаа эргэлт буцалтгүй сонгожээ. Хүн төрөлхтөн хэнийг шилнээс нь, хайрцгаас нь гаргаад тавьчих нь энэ вэ! Түүнийг тагнуулын зорилгоор ашиглах гэсэн чинь тэр эргээд өөрийг чинь тагнаад эхэлбэл яах ийх дээрээ тулж байна. Байлдаанд ашиглах гэтэл дайсны талд орчихвол гэж ярьж байна. Тэр удирдлагаа үл тоож өөрөө өөрийгөө удирдаад эхэлбэл… энэ тухай л судлаач, бүтээгчид, даалгавар зохиогчид нь шуугьж байна. Тэр машин барьж яваад замаар гарч байгаа явган нэгнийг дайрахгүйн тулд хийсэн үйлдэл нь хана мөргөж дуусвал түүнийг яах билээ. Түүнийг эрүү, иргэний аль хуулиар шийтгэх вэ? Эсвэл өршөөх үү! Түүнийг хорих аргагүй. Тэр таны ажлын байрыг булаагаад зогсохгүй, ор дэр лүү орж ирвэл яах вэ гэж богино бодолтой зарим нь санаа зовж байна. Хүн түүний өмнө хөөрхийлөлтэй, бүдүүлэг, хартай өөдгүй харагдаж эхэллээ. Түүний арьс зөөлөн, үнэр сайхан, чадал өндөр. Түүнд бүү дурла, хайр нь хиймэл гэж ярьж байна. Тэр таныг морь хараад босох хооронд таны бүх шинжилгээг хийгээд утсанд чинь ирүүлбэл яах вэ! Дээр нь “Та сая 00-ын өрөөнд байхдаа нэг хүн хэрэглэхээс илүү цаас, бас илүү ус ашиглав” гээд мэдээлж энэ тэр. Түүний хүч бол “big data” юм. Цаашид ч тийм байх болно. Big data гэдгийг “их мэдээлэл”, бүр утгачилбал “бүх юм” гэж хэлж болохоор. Дэлхий дээр дунджаар 1 хүнд 3 сая боть ноогдох хэмжээний их мэдээлэл өнөөдөр хуримтлагдсан аж. Түүнийг долоон тэрбумаар үржүүлбэл ямар тоо гарахаар байна? Уншдаг, судалдаг гэхэд 3 сая ном уншиж судалж ард нь гарсан хүн гэж байхгүй байх. Харин энэ бүх мэдээллийг тэр л эзэмших гэнэ. Хүн таны түүнтэй маргах үлдэж буй ганц юм бол хувийн мэдээлэл. Магадгүй түүнд таны хувийн мэдээлэл ч сонин биш байж болох. Тэртээ тэргүй шинжлэх ухаан, судалгаа ололт, практикийн бүх үеийн бас өнөөдрийн бараг бүх мэдээлэл түүнийх болно. Би чиний төлөө ажиллаж байна гэж үздэг, нөгөө бидний татварын мөнгөөр ажилладаг гэх олон газар, байгууллагууд хүний хувийн мэдээллийн эрх, аюулгүй байдал гээд цаас, тогтоол шийдвэр, дүрэм журам барьчихсан л харайлгаж явна. Мэдээллийн эрхийг, амьдрах эрхтэй адилтгаж үзнэ ч гэх шиг. Олон улсын байгууллага гэснээс тэд өнөөдөр түүний тухай л ярьдаг болжээ. Ажлын хэсэг л гэнэ, олон улсын дугуй ширээ л гэнэ. Эрдэмтэн судлаач, шинжээч мэргэжилтэн, сонирхогчдын уулзалт, хурал зөвлөгөөн л гэнэ. Монтреал, Торонтогийн тунхаглал гэнэ, түүнийг удирдах тухай олон улсын хэлэлцүүлэг гэнэ. Нөгөө НҮБ, Европын Холбоо, Том-20, бас 7 бүс нутгийн бас мэргэшсэн гээд байгууллага бүхэн хийх нэг ажилтай болж. Дүрэм журам ч гаргаж. Машин хийдэг болсон цагаас эхлээд жолооны хууль дүрэм гэж юм гарсан шиг л. Түүнээс ёс зүй, стандарт, ил тод байдал шаардана гэнэ. Татвар төлөөс авна гэнэ. Ашиг хуваалцах гэнэ. Бас хариуцлага тооцох гэнэ. Урамшууллын тухай ч ярив. Түүнийг саарал жагсаалт руу ч оруулж магадгүй болоод явчихлаа. Зохиогчийн эрх, мэргэжлийн шалгалт, үнэмлэх энэ тэр ярих л юм байх. Улс төр, хүний эрх л гэнэ. Хүн, хүний байгуулсан байгууллага, тэнд хоол хороодог, хуваалцдаг бүхэн тэрний тухай ярьж, санааширч байна. Гэхдээ энд хүний ойлгох ойлгохгүй олон асуудал гарч байгаа ажээ. Уншигч авхай та тэр, энэ гээд нөгөөх чинь юу болоод эхлэв гэж намайг бодож байгаа байх. Саяхан манай клуб дээр нэг ийм хэлэлцүүлэг болсон юм. Зөвхөн өдрийн хоолны нэг урилгыг дашрамд харуулчихъя. Бүтэн гурван хоног, өдөр өглөө оройгүй л хуралдлаа, ярилцлаа. Технологийн аваргуудын төлөөлөл бараг л ирлээ. Эрдэмтэн судлаачид ч их байв. Бизнес, улс төр, олон нийт, хэвлэл мэдээллийнхэн ч хөл дарсан. Ярьсан сэдэв бол хоёр үгэнд л багтана. Тэрний тухай. Одоо нэрийг нь хэлье. “Artificial Intelligence”. “Хиймэл оюун ухаан” гэж гурван үгэнд багтаан бид яриад сурч байна. Хойшид “AI” эсвэл “ХОУ” гэж товчилж хэрэглэх болно. Миний өмнө нь тэр, энэ гэж хэрэглээд байсан үгийн оноосон нэр нь дээрх юм. ХОУ гэхээр манай алдарт HU хамтлагийн нэр ч юм шиг сонсогдож байж болох. Дашрамд HU-гийхан арай өөр түвшинд туурвиж, хослуулж байгааг Та ажигласан байх. Хиймэл оюун ухаан болон хүний оюун ухааны өрсөлдөөний үе. Бүх хүний оюун ухаан, түүнийг эзэмшээд цааш хөдлөх нэг оюун ухаан. Өнөөгийн цагийг ингэж тодорхойлж ч болох юм. Хүний оюун ухаан энэ өрсөлдөөнд хир удаан тэсэх вэ. Хүний тархинд хэрэглээгүй нөөц их байдаг гэсэн. Түүнийгээ хэрэглээд үзвэл яах бол. Түүн дээрээ хиймлийг, хибрид маягаар ашиглавал. Үүнээс цааш бичихэд биш бодоход түвэгшээм. Яваандаа хэнийх нь хиймэл оюун ухаан болж, хэнийх нь жинхэнэ оюун ухаан болох. Эсвэл хүний оюун ухаан явсаар ерөөс оюун ухаан гэдэг ойлголтоос хасагдах уу. Энэ бас нэг утгаар хариулах аргагүй асуулт юм. Хүний оюун ухаан одоогоос 22 жилийн өмнө анх удаа хиймэл оюун ухаантай шуугиантай тулж байсан юм. 1997 оны хавар Дэлхийн шатрын аварга Гарри Каспаров, IBM-ийн “Deep Blue” компьютертэй шатар тоглосон. Тэр машин секундэд 100-200 сая нүүдлийг 20 орчим нүдэнд тооцож байсан байдаг. Эхний өргийг Каспаров хожсон. Хоёрдох өргийг компьютер хожсон. 3,4,5 дах өргийг Каспаров тэнцээгээр дуусгахыг хүссэн. Тэнцээгээр өндөрлөсөн гэж үздэг. Гэхдээ байрлалын хувьд “Deep Blue” илүү байсан гэдэг. Өнөөгийн “AI”-ийн хөгжилтэй тэр үеийг харьцуулах аргагүй юм. Зарим нь тэр үеийн супер компьютерын чадлыг дөнгөж хэвлийдээ бүрэлдэж байсан хүүхдийн хөгжилтэй зүйрлэдэг. Таны ухаалаг утасны өнөөдрийн хүчин чадал тэр үед шатрын Их мастерыг хожсон машинаас хэд дахин илүү. Тухайлбал IPhone 7, Galaxy S7 утасны багтаамж, хурд, тооцоолох чадвар нь саран дээр анх хүн буулгаж, буцааж дэлхийд авч ирсэн НАСА-гийн төвийн компьютерын нийлбэр хүчин чадлаас давуу. Ухаалаг утасны хүчин чадал жил бүр өмнөх жилээсээ доод тал нь 1000 дахин илүү болж байгаа тухай салбарынх нь тэргүүлэх мэргэжилтэн ярьсан. Apollo-11 хөлөг дотор байсан тооцоолон бодох хүч “Candy crush”-ын бодох чадварын 10 хувьтай тэнцэж байгаа л гэж төсөөлөхөөр. Бид үнэхээр өөр ертөнц рүү шилжиж байна. Чөөрчил гуай яг 76 жилийн өмнө юм байна. Харвардын Их сургуульд зочилж сүрхий үг хэлсэн байдаг. “Ирээдүйн эзэнт гүрнүүд бол оюун санааны эзэнт гүрнүүд байх болно” гэж. Бидний дээдэлдэг их эзэн Чингис хаан алс газраас урин авч ирсэн Чанчун бумба гэх хүнээс нэг юм асууж байгаа нь миний санаанаас гардаггүй юм. Өөрийнх нь тухай хийсэн гэх кинон дээр гардаг хэсгийг би ярьж байна. – Та мэргэн хүн. Хүнд мөнх амьдрах боломж байна уу гэсэн утгатай асуулт. “AI” гэж миний бичээд байгаа юм олон салбарын боломжийг тултал нээх нь. Түүнээс хамгийн ойрхон, магадгүй хүнд хамгийн тустай нь анагаахын, эрүүл мэндийн салбар байх боломжтой. Хүний бие махбодыг хэдэн тэрбум эд эс, атом молекул, нано, хумхиар нь хувааж тэр судалж, харж, сонжиж байна. Хүн таны бие, оюун, бодис гэдсээс түүнд мэдэхгүй юм алга. Хүн бүр адилгүй учир, хүн бүрт таарсан эмчилгээ сувилгаа, эм тариа, судалгаа шинжилгээ байх нь. Таны алганы хээ гэдэг шиг танд зориулсан, зөвхөн таны эмгэгт зориулсан, бүр тэр эмгэгийн очиж зовоож байгаа бактери, вирус, эд эс, ширхэгт зориулсан. Давтагдашгүй таны л эм, эмчилгээ. Таныг ямар өвчнөөр өвдөж байгааг төдийгүй, өвдөж болохыг тэр мэдэх болно. Урьдчилж засах болно. Таны аль нэг эс, эд эрхтэн өвчилсөн, хэрэггүй болсон, хөгширч муудсан бол тэр зүгээр л солиод өгнө. Таны аманд, таны хонгонд, судсанд хийдэг байсан эм тариа, эмчилгээ тэр болохгүй болсон эсийн бие, ам, судсанд л хийгдэнэ. Та хүний хэмжээтэй ч таныг тэр ертөнцийн хэмжээтэй болгож харж байгаа юм. Хүн бид чинь өөрсдийгөө “ертөнц” энэ тэр гэж ярьдаг биз. Эцэст нь тэр энэ хүн гэж бодгалиасавч үлдэх, тэтгэж тэжээж болох юм бол түүний оюун ухаан гэж үзэж магадгүй. Гуя дагаж хүзүү гэдэг шиг түүнд оюун санаанаас нь өөр хүнээс үлдээмээр юм юу байх бол… Миний бичиж байгаа зүйлийг толгойтой бүхэн бодож, амтай болгон ярьж байгаа тухай би цухас дурдсан. Тэр дундаас миний мэдэх хоёр хүн юу гэж ярьж яваа нь надад багагүй сонирхолтой. Та нар ч бас мэднэ, танина. Путин, Си Жинпин хоёр. Путины хэлсэн үгийн энэ хэсэг зарим нөхдийн анхаарлыг багагүй татах. “Если кто-то сможет обеспечить монополию в сфере искусственного интеллекта – ну, последствия нам всем понятны-Тот станет властелином миром”, гэж Путин ярьж байх юм. “Хэрэв хэн нэгэн нь хиймэл оюун ухааны салбарт ноёрхлоо тогтоож чадвал – мэдээж, үр дагавар нь бид бүхэнд ойлгомжтой – Тэр дэлхийг эзэгнэгч болно”. ХОУ-ны орчуулснаар авлаа. Засах ч юм алга. Оросууд “AI”, хиймэл оюун ухааны салбар луу бүхнээ хаяж байна гэхэд хилсдэхгүй. Зарим салбарт чамгүй амжилттай. Удирдагчийнх нь хараа, бодол, хөтөлгөө ч тодорхой, ойлгомжтой байна. Хиймэл оюун ухаантай ойролцоогоор хэрэглэж болох үг бол дижитал гэх томьёолол юм. Саяхны хурлын үеэр “Дижиталчлалын сайд” гээд Норвеги улсаас ирсэн залуу нэрийн хуудсаа өглөө. Тэнд “Дижиталчлалын Яам” гэж байдаг байх нь. Энэ нөхөр тэр яамны сайд юм байна. Би дотроо “Digital”, “Quantum” эсвэл “Singularity” гэх нэртэй сургууль байгуулах шаардлагатай болох нь гэж бодсоноо нуух юун. Дижитал эриний үед бидний мэдэх улс төрд төгсгөл ирэх нь ойлгомжтой. “AI” зөвхөн хүний ажил, амьдрал, харилцаанд бус улс гүрэн, блок, хүчнүүдийн хоорондох бодлого, өрсөлдөөнийг тодорхойлогч нэмэлт хүч болно. Гео улс төр, газар зүй гээд ярьдаг даа. Путин ерөнхийлөгч энэ тухай санаагаа хэлж, Орос орон ийм хүчний жолооны ар дахь суудалд багтах тухай л ярьсан хэрэг. Дижиталыг улс төр гэж ярих болжээ. Учир нь бодлогод нөлөөлдөг болсон гэсэн үг. Аливаа улс орон, тогтолцоо өөрийн орон зай, оролцоо, байр суурьтай байх, тэгээд тэр эрх ашгаа хамгаалдаг чадвартай, боломжтой байхыг орчин цагт тусгаар тогтнол гээд байгаа юм. Энэ үүргээ гүйцэтгэж чадахгүй бол төр, нийгмийн байгууллын учир утга алдагддаг. Тиймээс ХОУ-ны тухай улс орны засаг, төр, бодлого тодорхойлогчид маш өргөн стратегитай дуугарч ажиллаж байна. Нэг үгээр бол тодорхой үйлдэл хийж эхэллээ гэсэн үг. Сонирхохгүй суусан ч тэднийг тэр оролдоод байгаа учраас ингэхээс ч өөр яах вэ. Дэлхийн 2 дугаар дайны дараа тогтсон дэг журам өөрчлөлтөд орохоос өөр аргагүй боллоо. Их ч ажил өрнөж байна. Дээр нь “AI” гэдэг золиг хүч түрээд ороод ирлээ. – Ангараг гариг дээр Засгийн Газар байгуулахдаа тулбал шууд ардчиллыг ашиглана. Төлөөллийн ардчилал, засаг тэнд тохирохгүй. Хууль богино, бодлого өөр, дүрэм ойлгомжтой байхаас эхлээд юм юм байна, гэж энэ чиглэлд төсөл хэрэгжүүлж байгаа эрхэм ярьсан. Орчин цагийн шинэ хөрөнгөтнүүд мөнгөө “AI”, сансар, хөдөлгөөн үйлчилгээ рүү хийгээд байгаа нь учиртай. “Охиноо олох гэвэл утсыг нь эхлээд ол” гэсэн мессеж нийтийн мэдээлэл дотор явсан. Дөнгөж хөлд орж байгаа хүүхэд IPAD-ыг насанд хүрсэн аав ээжээсээ дутахгүй оролдоод байгааг хүмүүс ажигласан л байх. Хүүгээ хайсан ээж компьютер тоглоомын газар луу ч гүйж байх шиг. Технологийн хувьд бидний дараагийн хөлд орж байгаа үе бол үнэнхүү өөр хүмүүс байх болно. Сэтгэлгээний, ажил, амьдралын хувьд ч ялгаагүй. Хүн бол машины эсвэл машин хүний үргэлжлэл байх уу гэсэн маргаан дунд тэд том болцгооно. Сүрхий газар, улс орнууд хүнээ түрүүлж барьж авч байна. Бүр хүүхэд залуусаасаа эхэлж байна. Дижитал яам гэж байгаа газар дижитал иргэн гэж ойлголт байхаас яахав. Дижитал бичиг үсэгт суралцах, тайлагдах хөдөлгөөн зарим улсад манайд байсан “Шинэ үсгийн багш” гэдэг шиг өрнөж байна. Финланд, Швед, Эстони, Герман, Норвеги гээд. “Манай нийт хүн амын 1 хувь дижитал бичиг үсэгт тайлагдлаа. Ойрын жилд бид 20 хувьд хүргэнэ” гэж ярьж байв. “Government led upskilling” гээд сургалтын хөтөлбөртэй. Дижитал иргэн байхын тулд өөрийн гэсэн толгойтой байх ёстойг чухалчилж байна. Яригдаад байгаа “fake news”, “deep fake” гэх юмнуудад тархиа угаалгахгүй байх. Тийм байхын тулд ийм чадварыг зайлшгүй эзэмшсэн байх гээд. Тэр нь дижитал бичиг үсэгт тайлагдаж байгаагийн нэг үзүүлэлт юм. Хэрэв сонирхвол иймэрхүү сургалт, үнэгүй бас нээлттэй болж байна. “Signal” гээд ашгийн бус ийм хэлэлцүүлгийн том хөтөлбөр хүртэл байна. Хүний тархи эргүүлж, айдас хүйдэст автуулж, hyper polarization хийж, үзэн ядуулж, хагаралдуулж эрх ашгаа гүйцэлдүүлдэг, тэгж улс орны жолоо бодлого руу зүтгэдэг этгээд орчин цагт бол гэмт хэрэгтэн, хүний адаг болж харагдах, бичигдэх юм байх. Улс төрийн салбарт “AI”-д зориулсан ийм алгоритм бичигдээд эхэлжээ. Намууд сонгуульд орохдоо мөрийн хөтөлбөр, хар бор сурталчилгаа биш хүмүүсийн утас хэрэглээнд таарсан алгоритмбичиж, таниулж өрсөлдөх гэнэ. Complex, neural algorithm ч арай ахдах байх. Иргэн хүн бол өөрийн гэсэн давтагдашгүй бүртгэл, аватортой байхад л болох юм байна. Өөрийнхөө нээсэн хуудсанд сонирхол, эрх ашгийн жагсаалтаа оруулахад л болмоор ч юм шиг. Би ийм ажлыг дэмжинэ, миний шалгуурт ийм хүн тэнцэнэ, таныг ингэвэл зүрх, ингэвэл эрхий хуруу ч гэх юм уу. Бусдыг машинууд хийнэ. Таны сонирхолд нийцсэн хөтөлбөр, ажил, хүн жагсаад харагдана. Та хүсвэл хамгийн таашаалд нийцсэнээ сонгоно. Сонгохгүй бол нэмэлт шаардлага тавиад, эсвэл цагаан хуудас дараад орхисон ч болох. Байр бүрэн солигдоно. Та нам, хүн сонгодог байсан бол тэд танаас, таны шаардлага хэрэгцээнээс сонголт хийнэ. Эрүүл мэндийг төдийгүй улс, улс төрийг эмчилэхэд “AI”-г тултал нь ашиглаж болно. Бидний мэдэх улс төр, төр нийгмийн институт, яам тамга, шүүх цагдаа, сонгууль хэрүүл биднээр дуусах нь бараг үнэн болж байна. Зураг хүн хоёр ялгагдахаа байтлаа төөрөлдсөн эрин үеийг түүхийн тавцангаас шахах цаг улам ойртжээ. Нийтлэг ядаргаа, стресс, үзэн ядалт жаргалтай байдаг орон бол лав Монгол Улс биш болох нь. Сонгуулийн үеийн хамгаалалт гээд гарын авлага гарч. Шударга сурталчилгааны дүрэм – (The honest advertisements act) хийчихсэн ч бариад явж байна. Сонгуулийн “war room” гээд бий болж. Үнэн хүчгүйдсэн, илбэнд кинонд итгэсэн олноо аварч, нийгмээ, ажил амьдрал, оршихуйн дэг журмаа дахин бүтээх үйлсэд хүн төрөлхтөн, хойч үе маань нэгдээд эхэлжээ. Үүнд ХОУ-ны тус хязгааргүй их. “AI”-нь дэлхийд “Epochal change” – эрин цагийн өөрчлөлт, “Paradigm shift” – үлэмж шилжилт авч ирэх нь. Европын Холбооны гишүүн орнуудын хүн амын дунд явуулсан судалгаагаар, уг асуулгад оролцогчдын 30 хувь нь холбооны болон улсынхаа түвшинд шийдвэр гаргахад “AI”-г ашиглах нь зүйтэй гэж үзжээ. Индонез улсын дахин сонгогдсон ерөнхийлөгч нь төрийн албаныхаа хоёр зэрэглэлийн албан хаагчдыг бүгдийг халж, оронд нь “AI”-г авч ажиллуулна гэсэн хуулийн төсөл парламентдаа өргөн барилаа. “D9” хэмээх, Дижитал 9 гэгчид нэгдсэн 9 орон бүр янзын гоё юмнууд төлөвлөжээ. Эдний дотор технологийн тэргүүлэх амбицтай болох Израиль, Англи, Өмнөд Солонгос, Канад, Эстони гээд зарим улс байхаас гадна, Уругвай, Мексик орчихсон тууж явах юм. Энэ хөдөлгөөнд, блокт манай Засаг удахгүй нэгдэх байх гэж итгэе. Дэлхийд болж байгаа бүхэнд Монгол Улс ороод, нийлээд байх боломж байхгүй. Гэхдээ Монголд тустай, орчихмоор ганц нэг юмнаас хоцорч болохгүй. Тэнд бидний аз шовойх ч юм билүү. Тусгаар улс байна даа. Дээр нь манай хүмүүсийн нээлттэй, бүтээлч сэтгэхүй, хүн ам, залуу үеийн дижитал хэрэглээ, чадвар хэнээс ч дутахгүй. Улс орон гэснээс Си Жинпин гуайн ярианд эргэж оръё. Хятад улсын дарга – “AI” бол технологийн хувьсгалын шинэ тойрог юм. Ийм стратегийн боломжийг алдаж болохгүй. Бид шийдвэр гаргах, ард олондоо үйлчлэх үйлсдээ нийгмийн удирдлага, хиймэл оюун ухааныг хослуулж ашиглана, гэж ярив. Түүний блокчейн, крипто, монеро гээд намынхаа бодлого эсвэл өөрийнхөө номыг тайлбарлаж байгаа юм шиг эдгээр нэр томьёо, үйлдлийн тухай энгийн, ойлгомжтой ярихыг сонсоод би гайхсаан. Үүгээр үл барам урд хөршийн маань Засгийн танхим, Төрийн зөвлөл нь маш тодорхой төлөвлөгөө гаргаж зарлалаа. Хятад улс 2020 он гэхэд “AI”-ээрээ дэлхийн тэргүүлэх хүчнүүдтэй ижил түвшинд очно.2025 он гэхэд технологийн зарим салбарт дэлхийд тэргүүлэгч болно.2030 онд “AI”-ийн хувьд дэлхийд тэргүүлэгч хүч болно. Энэ зорилгодоо хүрэх нөөц боломж Хятад улсад байгаа гэдэгт хэн ч эргэлзэхгүй байна. Санхүү, бодлогын тууштай байдал, хүний болон технологийн нөөцийн хувьд. Зөвхөн Шанхай хотын Засаг даргын жилд “AI”-д зориулж байгаа мөнгө нь, АНУ-ын Засгийн газрын жилд ХОУ-д зориулж төсөвлөж буйгаас их гэж байгаа. – Дэлхийд технологиор тэргүүлэгч 20 компани 2 улсад байна. Харин Европт алга гэж нэг хүн ярьж байсан. Бүр томоор харахад технологийн гэгдэх 2500 аж ахуйн нэгжийн 45 хувь нь Америкт, 25 хувь нь Хятадад бүртгэлтэй. Хятад улс дэлхийн нийт data-ны тал хувийг өнөөдөр нийлүүлж байна. Мэдээж дижитал ертөнцөд хэн data-г эзэмшинэ, нийлүүлнэ тэр хамгийн нөлөөтэй суудалтай байна гэсэн үг. 2020 он гэхэд дижитал ертөнц 40 zettabyte data-тай болно. Дээрхийн 1 нэгж нь 1 тэрбум terabyte-тай тэнцдэг гэж үзвэл 1 хүнд 5,200 gigabyte мэдээлэл ноогдоно гэсэн үг юм. Сүүлийн 10 жилд энэ баялаг 50 дахин өссөн байна даа. Ийм дэлхийд хиймэл оюун ухааны тухай ярихгүй бол хаана ярих билээ. Харин энд нэг тэмдэглэх юм бий. Таны дижитал мөр. Өнөөдөр та энэ ертөнцөд мэндэлсэн бол, амьдарч байгаа бол дижитал мөртэй боллоо гэсэн үг. Та дургүй мэдээлэл, и-мэйл, мессеж, залгасан утсаа хэчнээн устгаад ч нэмэргүй. Хүний гишгэсэн мөр арилдаг байхад, дижитал мөр мөнх үлддэг хорвоод та одоо байна. Энгийнээр хэлбэл, өөртөө үйлчилдэг хоолны газар-буффет ороод идэж уух боломжоосоо илүү их хоол авсан тань хүртэл дижитал тархинд бүртгэгдэнэ гэсэн үг. Хүний ертөнц, дижитал ертөнц. Богиноор хүн, дижитал хоёр гэрлэж байгаа үе мэтээр энэ үеийг төсөөлж болох юм. Танайд шүр нь байна. Манайд сувд нь байна гэдэг шиг. Энэ цаг мөчөөс хүний эриний, хүн байсан муутай сайнтай алтан үе нь өндөрлөж болж байх шиг. Британы нэрт эрдэмтэн Стивен Хокинг энэ тухай авууштай санаа хэлсэн. “Хиймэл оюун ухааны анхан шатны, бүдүүлэг үе нь хүнд хэрэгтэй байна. Харин хүнээс тэр давсан үед, биологийн шалгарлаар хөгжил нь хэмжигддэг хүн яаж түүнтэй өрсөлдөх билээ. Тэр хүнийг төрөл зүйлийн хувьд устгаж ч мэднэ” гэж. Онолын физикч тэрээр амьдралынхаа урт үеийг хагас хүн, хагас машин маягтай өнгөрөөсөн юм. Түүний дуу хоолойг хүртэл машин орлодог байсан. Түүнд тусалж байсан компьютер сүүлрүүгээ сайжирч эрдэмтнийг юу гэж хэлэх, бодож магадгүйг урьдчилан тооцоолдог байсан гэдэг. Таны дууг бритиш аялгатай, одоогийн насанд тань тохируулаад ориг болгож гаргая гэхэд тэр зөвшөөрөөгүй. – Компьютерт дуртай хүүхдүүд л лав миний дуунд дуртай гэж хариулсан байдаг. Уржигдрын танилцуулга, ярилцлагын үеэр Чехийн өндөр технологийн компанийн нэг залуу надтай танимхайрч уулзлаа. – Би танай оронд очиж байсан. Танай IT салбартхэсэг ажилласан. Танайх Европын хөгжилтэй орноос дутахгүй дижитал хатуу, зөөлөн дэд бүтэцтэй нь надад гайхал төрүүлсэн. Бүр 5 мянган километр шилэн кабелын баригдсан сүлжээтэй гээд бахархаж байв. 2004-2005 онд “Цахим Монгол” гээд улс даяар манай Засгийн хийсэн нэг ажил. Сайхнаа гардаж удирдсан. Тухайн үед бүхний дэмжлэг хүлээсэн шинэлэг санаачилга байж билээ. 1955оны 9 дүгээр сарын сэрүүвтэр нэг өглөө Жон Маккарти гэх эрдэмтэн Рокфеллерийн санд хандаж хүсэлт бичсэн байдаг. Тэр захиандаа анх удаа “Artificial Intelligence” гэсэн үг хэрэглэсэн юм. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 64 намар өнгөрчээ. Азийнхан бид цаг хугацааг жарнаар тоолдог заншилтай. Тэгвэл “AI”-ийн буюу ХОУ-ны хөгжлийн нэгэн жаран өнгөрчээ. Одоогоор хоёрдох жаран нь эхэлчихсэн явж байна. Бүгдээрээ энэ жаран, дараагийн жаранд юу болох тухай бодоод үзье. Бас өнөө цаг үеийн технологийн зарим аваргын байр суурь луу товч өнгийе. Эхний жаран: 1955-2015. Энэ хооронд “AI” эхээс мэндэллээ. Өөрийгөө хүч гэдгээ мэдрүүлэв. Одоогоор “AI”-г шилжүүлсэн утгаар 3 настай гэж үзэж болох юм. Гэхдээ ямархан хэвлүүхэн, хурдан өсөлттэй бацаан болохыг хүн та харж байна. Хоёрдох жаран: 2015-2075. Энэ үед л юм, юм болох нь. Маккейнзи хэмээх газар ХОУ-ныг ултай суурьтай судалж байна. “AI”-ийг хүн төрөлхтөнд аж үйлдвэрийн хувьсгал ямар нөлөө үзүүлсэнтэй харьцуулж судалжээ. Дүгнэлт нь тархи задармаар. “Аж үйлдвэрийн хувьсгалаас 3000 дахин илүү нөлөөтэй. Нөлөөний хурд нь 10 дахин илүү” гэж гарчээ. Билл Гейтс л гэхэд цөмийн бөмбөгтэй нөлөөг нь харьцуулж ярьсан. 1 биш хэчнээн ч цөмийн бөмбөг шиг юм бүү мэд. Танай сумын нутагт аж үйлдвэрийн хувьсгал гэж 1 цөмийн бөмбөг дэлбэрсэн бол “AI”-ийн нөлөө 30 цөмийн бөмбөг танай суманд унасантай тэнцэх бололтой. Жаран сая жилийн өмнө дэлхийтэй астройд ирж мөргөлдөхөд юу болсныг бид мэднэ. Лав л динозаврууд устсан. Одоо ясыг нь судалж, хүүхдүүд зураг дүрсээр нь тоглож байна. “AI”-ийн нөлөөг зүгээр төсөөлье. Хүн төрөлхтөн гал, цахилгаан, дугуй, хэвлэл, хөдөлгүүр, банк, компьютер дээр нь нэмээд био, нано, дижитал, куантум, сансар гээд нээсэн бүхнээ нийлүүлээд тооцоход ч ХОУ-ны үзүүлэх нөлөөний хаана ч хүрэхгүй нь. Үүнийг зөвхөн эдийн засгийн утгаар авч үзвэл эдийн засаг өсөх биш дэлбэрнэ гэсэн үг. Одоогоос 10 жилийн дараа гэхэд “AI” дэлхийн эдийн засаг дээр жил бүр Хятад Улсын эдийн засгийг нэмсэнтэй адил үйлдвэр, үйлчилгээ, орлого нэмэх гэнэ. Жил бүр нэг Хятадын шүү, тэгээд цааш хэдэн Хятадын эдийн засаг болж үржвэл яах вэ?Энэ хооронд хүний иддэг уудаг, өмсдөг зүүдэг, явдаг хэрэглэдэг, унтдаг хэвтдэг бүх зүйл шийдэгдэнэ гэсэн үг. Түүний хувьд тэнгэр хязгаар биш болно. Дэлхий түүний хөгжил, хурдыг даахаа болино. Таны өөдөөс 5000 IQ-гийн чадалтай нөхөр асуудал шийдэх гээд суувал яах вэ? Тэд нэгэнтэйгээ холбогдоно. Үржинэ. Улам сайжирна. Таны IQ-г 115 гэж бодоход танаас 50 дахин өндөр IQ-тэй нөхөр тулбал яах вэ? Түүнтэй дайсагнаснаас түүнийг ашигласан нь хожоотой байх. Эйнштейн гэж эрдэмтний IQ-160 байсан гэдэг. Хамгийн өндөрт IQ нь бүртгэгдсэн хүн бол Никола Тесла юм. IQ-нь 310 хүрч бүртгэгдсэн. Тавин Эйнштейн, гучин Тесла шиг нөхөд хэдэн саяараа суугаад бас хоорондоо холбоотой, бие биенээ дэмжиж бас уралдаж, бүр IQ нь тасралтгүй нэмэгдэж, тэгээд нээлт хийгээд, асуудал шийдээд явна гээд боддоо. Энэ хорвоод шийдэгдэхгүй асуудал гэж үлдэх үү! Элон Маск гэж зарим нь орчин цагийн “Michelangelo” хэмээдэг хүн ХОУ-ны тухай ярьж байна. – Робот бүх юмыг, бүх хүнийг нийлүүлснээс илүү сайн хийнэ. Ингэхэд тэд хүн төрөлхтөнг устгах байх. Ийм зүйлд хүмүүс дуртай байх уу, гэж. Монгол хүний ухаанаар бол “AI”-г бид моринд нь мордуулчихсан. “Хоржийлоо” гээд замд нь гаргачихсан. Үүнтэй маргах юм байхгүй. Учир мэдэх, энэ салбарт байгаа хүмүүс голдуу аюул талаас нь их ярьж байна. Өөдрөг ч ярьдаг хүн байна. Жишээ нь: нөгөө Марк Зукерберг – Сүржигнэлээ татах хэрэгтэй. Хүн төрөлхтний төгсгөл ирнэ ч гэх шиг. Одоо бидэнд ХОУ яаж тусалж байгааг хар. Муугаасаа сайн нь их байна. Гэхдээ юу бүтээж байгаагаа, хэн яаж ашиглаж болохыг бодох нь чухал, гэж хэлэх маягтай. Нээрээ ч ХОУ-ныг муу талын нөхөд ашиглахдаа, гай тарихдаа гаргуун байж магадгүй. Дээр нь “AI” өөрсдөө дотроо муу тал, сайн талын баатрууд болоод үзэлцвэл яах вэ! Бид хөлд нь үрэгдэх болж байна уу! Амазон гэж аварга компанийн эзэн Жэф Бэзос гэх хүн – “AI”-г зэвсэг болгож ашиглах хүмүүсийн бодлыг төсөөлөхөөр л айдас төрөөд байх юм гэж. Гэтэл бидний сайн таних Жак Ма – Жирийн хүмүүсийн хувьд бол санаа зовоод байх юм юу байна. 7 хоногийн 3 өдөр, өдөрт 4 цаг л ажиллана. 120 нас хүрэх бол энүүхэнд. Бүр их хөгширснийг “AI” яахаа мэднэ. Жак Ма, Элон Масктай ХОУ-ны тухай мэтгэлцэж суугааг харахад Элоны хүүрнэх нь илүү сонирхолтой, бодитой санагдсан. Гэхдээ тэр 2 сүүлдээ – “Хүний тоо энэ дэлхийд маш хурдан цөөрнө” гэдэг дээр санал нэгдэж байв. Ойрын 10-30 жилийн дотор өнөөгийн утгаар 1 тэрбумаас бүр 2 тэрбум хүн ажилгүй болно гэж байгаа. Одоо эхнээсээ ганц хоёр улс орон энэ асуудалд бэлдээд эхэлж. Мөнгө өгөөд, та битгий ажилдаа ир гэхээр зарим хүн учраа олохгүй байгаа гэнэ. Мөнгөтэй ажилгүй. – Та дуртай, хиймээр юмаа хий. Юм бич, зураг зур, дуул, хөгжим тоглож сур. Жингээ хас, жиймд яв, гар аял, газар үз, юу дуртайгаа хийгээд, хууль зөрчихгүй амьдар, гэхээр цагийн ажилд дассан хүнд хэцүү байдаг бололтой. Зарим нь хүний муу үзэж, хов жив базаж, бас хүнд элдвээр дарлуулж явсанаас энэ нь ч дээр байх. Бүр UBI (universal basic income) гэж бүх иргэндээ, орлого ажлаас нь үл хамаараад өгдөг ижил тэтгэмж. Иргэдээ ижилсүүлж мөнгөтэй гэхдээ ажилгүй байхад бэлдээд эхэлчхэж. Дээрхэд зориулаад 4 их наяд доллар эхний ээлжинд хэрэг болох нь гээд ярьж байна. Тэгээд цаашаа цалин, мөнгө биш хүн бүр тодорхой шалгууртай, түүндээ таарсан нэгжтэй, түүнийгээ өсгөөд үрээд явж байдаг болох байх. Нөгөө зээлийн түүх-credit history гэдэг шиг. -Ажил хийх ч утгаа алдана. Сүүлдээ бичих л ажил болж үлдэх байх. Тэгээд бичих хүртэл утгагүй болно гэж Жак Ма ярьж сууна. –Ажилгүй болох ч яахав төр мөнгө хэвлээд өгчихнө. Цаашид “AI” аль ч утгаар хүнтэй зэрэгцэж байхад хэцүү болно. Хүн бүх талаараа удаан, залхаг. Хэл яриа нь хүртэл түүнд хачин сунжруу, яг халимны дуу шиг сонсогдоно, гэж Маск мэтгэж байх юм. Миний бичиж байгаа юм өөрт тань ойлгогдохгүй бол үүнээс цааш унших хэрэггүй. Хүүхэд чинь нэг өдөр олж уншаад ойлгох болно. Саяхан нэг ахимаг насны хүн манай UB Comedy-гийн залуусын шоунд очоод бүр гайхсанаа ярьж байсан. Тэднийг нэг өгүүлбэр хэлэв үү үгүй юу залуус охид элгээ хөштөл инээгээд, нэгнээ налж савж унаад сүйд болох. Мань хүнд инээх ямар ч сэдэл төрдөггүй. Үнэндээ бол дижитал ертөнц хүнийг хоёр, заримдаа хэд хэд хуваачихлаа. Би Монголын ирээдүй үеийн ухаалаг хүмүүс дижитал ертөнцөд хэний ч дор орохгүй амьдраад явчихна гэдэгт итгэж байна. Дижитал ертөнцийн тулгын гурван чулуу бол дата үйлдвэрлэх, эзэмших, алгоритм бичих боловсруулах, мэдээж гуравдахь нь боловсрол, мэдлэгийн асуудал. Одоо мэддэгээ хүүхдэд, эсвэл нэгэндээ мэдүүлэх сургалтын арга хоцорсон. “AI” хэчнээн хүчтэй ч, ухаантай ч зүрхгүй, цусгүй. Хойч үедээ хүний, үндэсний, бусдын хамгийн үнэт эрдэнэ болсон эрдэмийг, сайхныг олгох л чухал “Дижитал common” дотор хүний сайн сайхан, өндөр өвөрмөц соёл, хамтач ажиллагаа хамгийн амьдрах чадвартай байх болно. Ёс зүй, бусдыг хүндэтгэх соёл бол хүн төрөлхтөн өөрийгөө авч явах, аврах шинэ үйлдвэрлэл, үйлчилгээ, common болно. Хүн баялгийн төлөө, баяжих хөрөнгөжихийн төлөө, мөнгөний төлөө ажиллах ямар ч хэрэггүй болно. Манай залуус, хүүхдүүд нийлээд Монголд тулгамдаж байгаа хамгийн хүнд асуудлыг “AI” ашиглаад шийдэх шийдэл гаргаад л ирнэ. Өнөө улигт утаа. Утаа гарч байгаа яндан бүрийг бүртгэдэг, утааных нь орц найрлагыг “AI” таньдаг. Шууд тэр мэдээлэл хэрэгтэй хүнд, гэрийнхэнд, хорооны Засаг даргад ч юм уу, нийлбэр дүн мэдээ нь Ерөнхий сайдад ирдэг болно. Утааных нь, бохирдлынх нь найрлагын мөрөөр айл бүртэй тулж ажиллаж, шийдлийг олох болно. Тэр айл руу явж орно. Утсанд нь мэдээ, сануулга ирнэ. Бүх нийтээрээ тэр янданг мэднэ. Яндангийн эзэн наад зах нь ичнэ, нэрээ хичээнэ. Хамтарч шийдэл рүү явна. Өөрийн болоод бусдынхаа эрүүл мэндийг бодно. Монгол ингээд асуудлаа шийдэж байна гэх мэдээ олонд эерэг л харагдана. Нөгөө “D9” гээд өмнө би хэлсэн дээ. Тэдний нийгэмдээ тулгамдаж байгаа асуудлаа шийдэж буй хэлбэр нь иймэрхүү. Залуус руу, хүүхдүүд рүүгээ, оюутнууд руугаа тэд очиж байна. Хамтдаа дижитал сургалтад суралцаж байна. Асуудлаа шийдэж байна. Замын түгжрэлийн шийдэл бол захаас аваад л байна. Яам биш, захиргаа биш, дарга түшмэд биш одоо дижитал ертөнц, энэний учрыг ойлгодог хүн хоёр нийлж юм шийддэг болсон цаг. “AI” гэдэг бол асуудал, мэдээлэл, data-гаа дижитал оюун ухаанд өглөө, тэр нь шийдлийн үйл явцыг эхлүүллээ. Компаниуд хүртэл олон захирал нийлж хуралддаг биш асуудлыг дээрхи маягаар эхлүүлээд, “AI”-ийн хийсэн гаргасан шийдлийг шинжилж үзээд цаг үеэ тооцож шийдвэрээ гаргаж байна. Төр ч ийшээ явж байна. Манай УИХ-ын 76 маань “AI”-тай хамтраад Монгол орныхоо асуудлыг шийдэж байна гээд боддоо. Өөрийгөө хүндэтгэдэг байгууллага, нэгж, хүн бүр энэ замыг сонгож байна. Билл Гейтсийн үг бас сонин. -“Элоны яриад байгаа болгоомжлолыг би хуваалцаж байна. Хүн төрөлхтний нээсэн хамгийн хүчтэй, аюултай юм бол цөмийн эрчим хүч, цөмийн зэвсэг. “AI” бол түүнээс ч хүчтэй, аюултай. Хязгааргүй боломж, хязгааргүй эрсдэл”, гэсэн шүү. Энэ хязгааргүй боломжийн дотор бидний хэрүүлийн шийдэл ч ороод явж байгаа. Хоол унд, баялаг, хүний хэрэгцээ тойрсон зүйл бол өөр хавтгайд, хэмжээст очно. Зарим нэг юмыг хийх, шийдэхийн тулд хүсэхэд, бодоход л хангалттай болно. Үнэрт дуртай нь үнэртэхэд л болно. Танд суусан өчүүхэн ялтас chip таны утас холбоо, компьютер, тархи биетэй нийлж бүхнийг шийднэ. Тархины дохио, долгион, аура бүрэн утгаараа ажилд орно. Та хаана амьдрах, хаана очих асуудал биш болно. Хүсвэл далай дор ч амьдарчболно. Сансарт, орон зайн аугаа ихийг үзээд ч явна. Хатуу биет дотор шингэж орж ч болно. Өнөөдрийн Та – Би арай эрт, нэг, хоёр үе түрүүлээд төржээ гэж бодож байж магадгүй. Ач зээ, тэдний хүүхэд, түүний дараагийн үеийнхэнд товчоор хойч үедээ атаархаад хэрэггүй. Цаг биш. Таны оюун ухааныг хадгалах, байхгүй бол олоод авах боломжтой ч болно. Хааяа таныг гаргаж ирж яриулж, үр хойчтой тань уулзуулж байгаад илээд, бодоод арилгачхаж бас чадна. Нэгэнт та Дижитал ертөнцийн хүн болсон. Одоо таны хийх юм бол хүний сайныг, сайхныг хойч үедээ үзүүлэх. Сайн л юм хий. “Хязгааргүй боломж” гэж Биллын ярьсан дотор миний дээр хэлсэн бүхэн багтаж байгаа. Гэхдээ Элоны хэлснийг мартаж бас болохгүй. “Миний үгийг тогтоож ав. “AI” бол юун цөмийн зэвсэг”, гэж. Тэр ганцхан зэвсэг талаас нь хэлээгүй гэж найдъя. Хүн төрөлхтөн бид тун нимгэн мөсөн дээр тэшиж яваагаа бодоход мөн гэмгүй. Мартах шахаж. Гуравдахь жаран. Гуравдах жаран: 2075-2135. Энэ тухай дараагийн дугаарт ярилцъя. Харин Билл, Элон тэргүүтэй технологийн томчууд “AI”-ийн тухай 10 гаруй ном санал болгосон байна лээ. Тэдгээрийг олж уншаарай. 2019.12.03. Ром хотМонголын Цахиагийн Элбэгдорж
Төстэй мэдээлэл
ММСУХ-ны Тэргүүнд нэр дэвшигчдэд батламж гардууллаа
Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ны VIII Их хурлыг “Уламжлалт-Шинэчлэл-Хариуцлага” уриатайгаар ирэх арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулж, тэргүүнээ сонгохоор болсон. Тэгвэл тус...
5 Үзсэн
ТӨСВИЙН МӨНГӨ ҮР АШИГГҮЙ ШҮРШИГДЭЭД БАЙНА УУ? САЙД АА
Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН идэвхтэй өрнөж байна. Үүнтэй холбоотойгоор Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил ч эрчимжээд байна. Ажил эрчимжиж байгаа сайн мэдээ байгаа ч үүнийг дагаад...
4 Үзсэн
Соёлын ваучерын 18 тэрбумын санаа хаанаас угшилтай вэ?
Монгол Улсын 16-18 насны 183 мянган хүүхдэд 100 мянган төгрөгийн Соёлын эрхийн бичиг буюу ваучер олгохоор 18 тэрбум 327 сая төгрөг суулгасан нь эсэргүүцэлтэй тулгарсан. Соёлын сайд Ч.Номингийн ярьснаар, 16...
2 Үзсэн