Comment.mn

Иран жүдоч Монголын далбааг өргөн барилдана

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ираны жүдоч, 2018 оны дэлхийн аварга Саид Моллаиг албан өрөөндөө хүлээн авч уулзсан, тэр ч байтугай 27 настай иран эрийг удахгүй Чиндаод болох Мастерс тэмцээнд Монголын багийн бүрэлдэхүүнд оролцоно гэх хоршоо мэдээ түглээ. 

Ираны Засгийн газраас тамирчдаа Израилын бөхчүүдтэй барилдахыг хориглосон. Үүний улмаас Ираны жүдочид энэ жил Токиод болсон ДАШТ-д барилдаагүй. Харин Саид Моллаи өнгөрсөн жил дэлхийн аварга болсон амжилтаа батлах, хошой аварга болохын төлөө хүч сорьсон юм. Тэгэхдээ хагас шигшээд Бельгийн бөх  Маттиас Кассед ялагдаж, тавдугаар байр эзэлсэн билээ. Албаар ялагдахаас өөр аргагүй байснаа тэр сүүлд ярьсан. Учир нь хэрвээ ялбал нөгөө талаас Израилын Саги Муки гарч ирэх нь тодорхой байсан. Тиймээс түүнтэй барилдахгүйн тулд албаар дийлдсэн юм билээ.

Засгийн газрынхаа шийдвэрийн үл тоон, ДАШТ-д барилдсан гээд иранчууд түүнийг ихэд шүүмжилж, тэр ч бүү хэл заналхийлсэн. Тиймээс Саид Моллай аргагүйн эрхэнд Иран руу буцалгүй Германд үлдэн, улс төрийн орогнол хүссэн юм.

Тэрбээр  жүдо бөхийн дэлхийн аваргад Монгол Улсын нэрийн өмнөөс барилдах эхний тэмцээн нь 10 хоногийн дараа БНХАУ-д болох Чиндаогийн “Мастерс” тэмцээн байх аж. Олон улсын жүдо бөхийн холбооны албан ёсны цахим хуудсанд түүнийг Монгол Улсын шигшээ багийн мэдүүлэгт оруулан баталгаажуулсан байна. 

Ингэснээр Монголын жүдогийн 81 кг улам хүчирхэгжиж байгаа нь мэдээж. 81 кг-д ДАШТ-д хоёр удаа V байрт шалгарсан, Токиогийн “Их дуулга”-д түрүүлсэн Монголын анхны эрэгтэй жүдоч, Азийн аварга О.Ууганбаатар, Азийн аварга, олон улсын хэмжээний мастер Н.Дагвасүрэн тэргүүтэй олон шилдэг барилддаг. Өнөө жилийн “World masters”-т Саид Моллаигаас гадна О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн нар зодоглоно.

ДАШТ-ий дараа Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер “Бид Саид Моллаигийн явдлыг олон нийтэд дэлгэсэн нь түүнийг болон гэр бүлийг нь хамгаалах зорилготой байлаа. Засгийн газрынхаа шийдвэрээр ДАШТ-д оролцож чадаагүй бусад иран жүдочдын талаар ч бид ярих болно.Саид Моллаи өөр орны нэр дээр барилдахыг хүсвэл бид түүний чансааны оноог цуцлахгүй” гэж мэдэгдсэн юм.

Иргэншлээ сольсон жүдоч чансааны бүх оноогоо алддаг. Харин Саид Моллаей одоог хүртэл ОУЖХ-ны албан ёсны цахим хуудас дахь чансаанд жиндээ гуравдаугаар байрт бичигдсэн хэвээр байна.    

Төр Төмбөгөр

1 сэтгэгдэл

  • yadgiin ene met ner aldartai erdemten merged, mongol tuurgatanguudaa ch irgenshil olgovol zugeer

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.