Улстөрчдийн хөргийг сонирхолтой, ёж егөө хэлбэрээр бичсэн “Гол тоглогч I, II” болон яруу найргийн “Дотоод тэнгэр” номын зохиогч, сэтгүүлч Д.Дамдинжавтай уулзаж ярилцлаа. Бүтээл нь уншигчдын дунд хэдийн танил болж, шуугиан тарьж байгаа ч өөрөө төдийлөн нээлттэй биш нэгэн ажээ. Тийм ч учраас түүний дотоод ертөнцөд зочлохыг хүссэн юм.
–Та “Гол тоглогч” номынхоо хоёрдугаар дэвтрийг гаргаад удаагүй байгаа. Бас л их шуугиан дэгдээж байх шиг. Ер нь яагаад улстөрчдийн талаар ийм хурц хөргүүд бичих болов оо?
-Олон хүн миний номыг их гайхаж, шулуухан хэлэхэд цочирдож хүлээж авч байна л даа. Тэд үнэндээ улстөрчдийг ингэж ил тод, эрээ цээргүй бичиж болдог юм байх даа гэж гайхаж байна. Сэтгүүл зүйд памфлет гэдэг төрөл зүйл байдаг. Энэ нь ёжлол, егөөдөл, адилтгал, зүйрлэлийн аргаар улстөрчдийг шогчлон бичдэг, шүүмжилж болдог хөргийн нэг төрөл юм л даа. Хөрөг гэдэг найруулал, хөрөг, памфлет гээд дотроо олон төрөлтэй. Ярилцлага хүртэл хөргийн нэг төрөлд ордог. Миний хувьд сэтгүүлчээр ажиллаж эхэлснээсээ хойш л ерөнхийдөө далд егөө утгатай, хурц шүүмжлэлт агуулгатай нийтлэл бичдэг байсан. Бүр 2007 онд “Нийгмийн толь” сонинд ажиллаж байхдаа тухайн үеийн Засгийн газрын бүх сайд нарыг нэр зааж байгаад, памфлет гэдэг төрлөөр шүүмжилдэг байлаа. Тэр үед бичсэн миний нийтлэлийн гарчгууд зарим улстөрчийн хоч хүртэл болчихсон явдаг. “Дон жунай”, “Хүнд жингийн коммунист”, “Зөрүүд зүтгүүр”, “Алтан жур” гээд л. Памфлет гэдгийг сэтгүүл зүй судлаач Т.Баасансүрэн гуай “Улс төрийн шог” гэж хөрвүүлсэн. Уншиж байгаа хүнээ байтугай бичиж байгаа хүнээ уйдаадаггүй, шүүмжилж егөөдөж байгаа хүнээ хүртэл хэлэх үггүй болгодог үнэхээр сонирхолтой төрөл л дөө. “Гол тоглогч 1” номонд маань “Нохой шуугиулсан баатар” гэж бичигдэж байсан “Hero entertainment”-ийн захирал Б.Баатар ямар сайндаа “Алаад ч байгаа юм шиг, авраад ч байгаа юм шиг ямар хачин бичдэг нөхөр вэ” гэж байх вэ дээ(инээв).
-Өмнөх үеийн томчуул ч энэ төрлөөр бичдэггүй байсан гэх юм билээ. Монголын хувьд нэг ёсондоо эзгүй арал байж. Анхнаасаа энэ аралд өөрийн тугийг зоох хүсэл байв уу?
-Анхандаа бол ийм том бодол, зориг зүрх хаанаас яаж байхав. Гэхдээ ийм нэг төрөл зүйл орхигдсон байгааг эрт анзаарсан. Оюутан байхад Д.Цэмбэл багш маань “Түүхийн шүүмж гэж заавал байдаг. Маргаашийн түүхийг засахын төлөө шүүмж байх ёстой. Амьдарч байгаа эрин үедээ үнэнийг зоригтой хэлэхээс битгий айж бай” гэдэг байсан. Сэтгүүл зүйн төрөл зүйл бүхэн өөр өөрийн гэсэн онцлогтой. Бүх төрөл зүйл хөгжиж байж сэтгүүл зүй сая бүрэн цогц байдлаар үүргээ гүйцэтгэнэ. Зөвхөн мэдээ, эсвэл дан ганцхан ярилцлага гэж явцуурч болохгүй. Сэтгүүл зүйн илэрхийлэх боломж тийм ядуу биш. Сэтгүүл зүйгээр бүх өнцөг, бүх баримтыг харуулж болдог. Памфлет бол ердөө л нэг боломж нь. Өөр ашигладаггүй, хэрэглэж амжаагүй сэтгүүл зүйн төрлүүд Монголд зөндөө байна.
-Нөгөө талаар муу, сайн хэлэгддэг улстөрчдийн талаар ингээд биччихвэл хүмүүсийн сонирхлыг татах юм байна гэсэн маркетинг бас байна уу?
-Памфлет гэдэг энэ төрөл зүйлийг сонгоод, ном болгоод гаргавал сайн зарагдах юм байна гэж бодсон уу гэж үү.
-Тийм ээ. Одоо үед номоо зарахын тулд сэдвээ сонгодог болсон юм уу гэж санагддаг?
-Та итгэхгүй байх л даа. Би анх энэ номоо учиргүй зараад л, их орлого олно гэж тооцоогүй. Тэр байтугай, ном болгож хэвлүүлэх тухай бодол, ухаан ч эхэндээ байгаагүй. Уран бүтээлч, нийтлэлч, сэтгүүлч хүнд нэг шунал байдаг шүү дээ. Тэр нь өөрийн бичсэн бүтээлээ аль болох олон хүнд уншуулах, хүргэх юмсан гэсэн хүсэл. Би бичсэн хөрөг памфлетуудаа “Зиндаа” сэтгүүлд хэвлүүлдэг байсан юм. Гэтэл нэг өдөр “Зиндаа” сэтгүүлийг үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр “Чи энэ нийтлэлүүдээ ном болгож боовол ямар вэ. Хэрвээ тэгье гэвэл найз нь ивээн тэтгээд хэвлүүлж өгье” гэж хэлсэн. Ингээд хэвлүүлсний дараа ёстой л шорхийгээд дууссан даа. Үүний дараа уншигчид “Гол тоглогч 1” номонд ороогүй улстөрчдийн памфлетуудыг надаас нэхэж эхэлсэн. Тухайлбал, С.Баяр, М.Энхболд, Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл нарыг яагаад бичээгүй юм бэ гэж загнах маягтай. Ингээд л “Гол тоглогч 2”-оо гаргахаар шийдсэн дээ. Түүнээс биш, анхнаасаа тооцчихсон, төлөвлөчихсөн зүйл нэгээхэн ч байгаагүй гэж болно. Харин ч маркетинггүй, сүйхээгүйгээсээ болж, олонд илүү их хүргэж болох боломжийг алдсан ч юм уу даа гэж боддог юм. “Гол тоглогч 1”-ийг дууссаны дараа чамгүй эрэлт үүсчихээд байхад нэмж огт хэвлүүлээгүй өнөөдрийг хүрсэн байх жишээтэй.
-Улстөрчид өөрсдийгөө захиалгаар их бичүүлдэг. Таны номны гол дүрүүдээс тийм санал ирж байсан уу?
-Үгүй дээ. Памфлет гэдэг төрөл өөрөө захиалгатай байх ямар ч боломжгүй төрөл. Хурц ширүүн, хайр найргүйёжилж, хатгаж бичдэг төрөл шүү дээ. Нэр хоч зүүх бол бүр энүүхэнд. Улстөрчдийг ингэж бичиж зүрхлэнэ гэдэг явж явж тэнэг л хүний ажил даа.Нөгөө талаар, би номоо бичихдээ талаа сонгох хэрэгтэй болсон. Ард түмний талд гарч бичих үү, эрх мэдэлтэй, том улстөрчдийн талд бичиж тэдэнд нэр нүүр олж авах уу. Ингээд би талаа сонгосон. Ном маань хүмүүст таалагдсаны бас нэг гол шалтгаан бол энэ гэж боддог. Би улстөрчдийн тухай бичихдээ хэнийг нь ч магтах, эсвэл муулах зорилго агуулаагүй. Ердөө л бодит байдал, баримт, үйл явдал, тухайн хүний үг үйлдэл, түүхэн үүрэг роль дээр хийсэн сэтгүүлчийн ажлууд тэнд байгаа. Зарим нь өнгөрсөн 30 жилд Монголын төрийн толгойд байсан хүмүүсийн талаар бичсэн гэхээр захиалгаар магтах юм уу, эсвэл зөвхөн шүүмжилж харлуулахын тулд бичсэн байх гэж таадаг. Тэр бол уншаагүй хүмүүсийн таамаг. Ер нь дүгнэлт хийх гэж яарахаасаа өмнө уншаад үзээрэй л гэмээр байна.
-Гэхдээ л та үнэхээр хурц бичсэн байна лээ. Ц.Элбэгдорж бол “жүжигчин”, Ц.Нямдорж бол “нохой”, С.Баяр бол “хулигаан”, З.Энхболд бол “бацаан”, М.Энхболд бол “шаазан бурхан”, Ж.Оджаргал бол “чөтгөр”, Н.Энхбаяр бол “мангас” гээд л. Би цөмийг нь уншсан. Тэгээд таны өмнөөс айдас төрсөн шүү?
-Юунаас тэр вэ…
-Юу юу гэж. Монголын хамаг л сүр хүчтэй, эрх мэдэлтэй хүмүүсийг шууд нэр зааж байгаад тэгж бичнэ гэдэг бодохоос л айдас хүйдэс шүү дээ. Янз бүрийн дарамт шахалт, үзэн ядалт ирвэл яана?
-Аан. “Тэрний тухай тэгээд худлаа биччихэж. Яана аа” гэж айсан юм болов уу л гэж бодлоо(инээмсэглэв). Гол нь би худлаа зүйл бичээгүй шүү дээ. Жишээ нь, Ц.Элбэгдорж бол жүжигчин гэдэгтэй өнөөдөр хэн ч маргахгүй. Жүжигчин гэчихээрээ зөвхөн сөрөг утгаар нь тусгаж авч болохгүй. Эерэг утга, магтахаас аргагүй ур чадвар ч энэ үгний ард бий. Тэр тасралтгүй 30 жил улс төр гэх жүжигт гол дүр бүтээж байгаад сая л тайзнаас буулаа. Уйдаасангүй шүү дээ. “С.Баяр бол хулигаан биш, чи юугаа дэмийрээд байгаа юм” гэх хүн нэг ч гарахгүй болов уу. Яагаад чухам хулигаан гэх болов гэдгийг уншаад “Нээрээ л ханатай аваад хаячихаж шүү” гэж бодогдож байх нь л гол.
Ер нь памфлетийн онцлог нь нэг үгээр зөвхөн нэг утга илэрхийлдэггүй. Дандаа хоёроос дээш салаа утгатай, олон далд санаа агуулгатай байдаг. Муулаад л байгаа юм шиг хэрнээ эцсийн дүндээ сайн, эерэг дүрийг хүртэл бүтээж болдог. Их л эвгүй, барьцгүй, зальжин, уян хатан, тэгсэн хэрнээ дур татам, зэвүүн, яг энэ гээд хэмжээд явчих хатуу баримжаагүй хэцүү төрөл юм билээ.
-Унаж яваа хүнийг шүүмжлэх, ёгтлох амархан. Харин хүнийг ид мандаж, эрх мэдэлтэй байхад нь ёгтолж, егөөдөж оролдоно гэдэг сэтгүүлчээс эр зориг шаардана биз?
-Үхлээ эрсэн хулгана л муурын сахлаар оролддог гэж үг бий. Миний үйлдэл бол муурын сахлаар оролдож байгаа хулганы л үйлдэл шүү дээ. Гэхдээ ялгаа нь би үхлээ эрээгүй, үнэнийг эрж байгаа юм. Сэтгүүлч хүн үнэнийг бичихдээ олон янзын арга хэлбэр, бичлэгийн төрөл зүйл ашигладгийн нэг нь л энэ шүүмж, егөөдөл шүү дээ. Тиймд арга хэлбэр, төрөл зүйл нь л өөр өөр болохоос биш бүх сэтгүүлч л эр зоригтой ажил хийж байгаа гэж би боддог. Би памфлетуудаа бичихдээ тухайн хүнийг яг одоо хэн байгаад нь нэг их ач холбогдол өгдөггүй. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад нь “Сүүлчийн гавьяат жүжигчин” гээд л бичиж байсан. Женко Х.Баттулгыг болохоор УИХ-ын сонгуульд ялагдаад, хэрэгт холбогдчихсон байх үед нь “Өнгөрсөн 20 жилд ийм байсан Женко ирэх 20 жилд үүнээс ч том амьтан болно” гэж бичиж байлаа. Үнэхээр ч найман сарын дараа Ерөнхийлөгч болсон доо.
–Ингэхэд “Гол тоглогч” номонд орсон баатруудаас ямар нэг сөрөг реакци ирж байсан уу? Дарамтлах, сүрдүүлэх тохиолдол гарсан уу?
-Шууд өөрөөс нь бол ирж байгаагүй ээ. Дам байдлаар сөрөг хандлага мэдээж хүлээж авч байсан. “Үнэхээр их уурлаж байна лээ шүү” гэх үгийг бол зөндөө сонссон(инээв). Тэгэхээс ч аргагүй л дээ. Ерөнхий сайд байсан Сү.Батболдыг “Хүйтэн цуст капиталист” гэж их эвгүйгээр бичсэн. Хэнийг ч хүйтэн цустай гэхээр эгдүүцэл, зэвүүцэл нь хүрч таарна. З.Энхболдыг “Зи бацаан” гэж бичсэн. Тухайн үедээ их л уурласан сураг дуулдаж байлаа. Гэхдээ энэ бүхний цаана зөвтгөлүүд бас байдаг л даа. Хүйтэн цуст капиталист гэдэг нэг талаар үнэхээр хатуу хэлж байгаа юм шиг хэрнээ цаана нь магтаалын өнгө аяс бас байгаа. Өнөөгийн өндөр хөгжсөн АНУ-ыг өнөөх Д.Рокфеллер, Э.Карнеги, Ж.П.Морган зэрэг хүйтэн цустай капиталистууд нь л бий болгосон шүү дээ. Эд баялгийг бий болгох, өрсөлдөөнд тэсч үлдэхийн тулд ер нь өршөөлгүй, хатуу байхаас аргагүй. З.Энхболдыг болохоор бацаан гэж басах хэрэггүй, шазуураа зуучихаараа тавьдаггүй энэ шавилхан биетэй бацаан алх барьчихаараа асар том дарангуйлагч болж чадна гэж бичсэн. Зарим хүмүүс миний номыг уншаагүй байж “Улстөрчдийг баахан доромжилсон, нэр хоч зүүсэн” гэж дүгнэдэг. Үгүй л дээ, үүнийг доромжлол гэж хүлээж авч байвал хэтэрхий их бялдуучлал дунд жинхэнэ үнэнийг сонсож чадахаа байсны шинж. Намхан хүнийг намхан гээд хэлчихээрээ доромжлол болчихгүй. Гэхдээ үнэнийг хэлж байна гээд намхан хүнийг “Чи муу газрын бэтэг” гэвэл доромжлол болно. Үнэнийг доромжлохгүй, гүтгэхгүйгээр хэлнэ гэдэг л хэцүү.
–Олон хүн таны номонд үнэлгээгээ өгсөн байсан. Уран бүтээлч хүний хувьд энэ бол маш том баяр баясал байх?
-Тийм шүү. Номыг минь уншаад сэтгэгдэлээ хэлсэн олон хүн байгаа. Цөмөөрөө л үнэхээр сэтгэлд үлдэх сайхан, сайхан урмын үг хэлсэн. Үг сольж үзэх нь байтугай уулзаж ч байгаагүй шүтэж биширдэг хүмүүсээсээ санаанд оромгүй магтаал сонссон шүү. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай жишээ нь намайг огт танихгүй байхдаа “Энэ хүүхэд их чамбай бичдэг хүү байна. Нэг авчирч танилцуулаарай” гэж манай сэтгүүлийн редакторт захисны дагуу очиж танилцаж байлаа. “Чи хөвөн дотор чулуу боосон байна” гэж надад хэлсэн дээ. Сэтгүүл зүйн судлаач, доктор Т.Баасансүрэн гуайг би өмнө нь огт танихгүй, ямар сайндаа номын нээлтэндээ урьчихаад ирсэн хойно нь танилгүй явуулчихсан байх вэ дээ. Нэр цуугаар нь л мэддэг байсан гэсэн үг. Гэтэл тэр хүн намайг тоож, ямар мундаг том шүүмж бичив ээ… Памфлет гэдэг ийм төрөл зүйл байдаг юм гэж тэр хүн л хүмүүст тайлбарлаж, ойлгуулж өгсөн. Сүүлд Ардын уран зохиолч Т.Галсан, нэрт сэтгүүлч Г.Жамъян, Х.Цэвлээ гуай, М.Зулькафиль багш, сэтгүүлч Б.Ганчимэг, Г.Отгонбаяр, Ш.Даваадорж, А.Баатархуяг гээд хүндэлж явдаг том том сэтгүүлчдээсээ урмын үг сонссон. Манай салбарынхан мэднэ дээ. Энэ хүмүүсийн хэн нэгнээс нь л магтаалын ганц үг сонсоно гэдэг амнаас нь нэг цэн алт унахын дайтай үнэтэй, хүндтэй зүйл. Би тэгэхээр одоо бараг нисч байгаа гэж ойлгож болно(инээв).
-Эсрэгээрээ таны голд ортол шүүмжлэл хэлсэн тохиолдол бий юу?
-Намайг гэхээсээ илүү номонд орсон гол тоглогчдыг маань л гол гогодтол муулж байгаа харагддаг юм. Яахав, сайн муу нийлж сав дүүрнэ. Шүүмжлэл мэдээж байна. Яруу найрагч Ай.Төмөр-Очир ах “Чи том бөхийг бол даацтай сайхан давж байна. Харин жижиг бөхөд л уначих гээд байна шүү” гэж хэлсэн. Цаагуураа бас хөөрхөн чимхэж байгаа биз…?
-Нийтлэлч А.Баатархуяг “Энэ залуу цаашдаа өөрийгөө яаж эвдэж чадах нь сонирхолтой байна” гэсэн байсан. “Гол тоглогч 3”-аа хэзээ гаргах вэ?
-Дараагийн номныхоо ажилд орчихсон яваа. Өмнөх хоёр номондоо өнгөрсөн хугацаанд голлон үүрэг гүйцэтгэсэн улстөрчид, бизнесмэнүүдийг оруулсан бол одоо ирээдүйн гол тоглогчдын талаар бичих бодолтой байгаа.
-Ирээдүйн гол тоглогчид гэхээр ямар хүмүүсийн талаар байх вэ?
-Ирэх найман жилд Монголын хувь заяаны залуур дээр хүссэн ч, эс хүссэн ч залуучууд гарч сууна. Тэд хэн байх магадлалтай болон тэдний хэн нь хэн бэ гэдгийг мөшгөх санаатай байна. Ямар хүмүүс байх дээр маш сайн сонгож, шигшиж байна даа. Ямар ч байсан ирэх жилүүдэд хэн ч биш байх нөхдүүд тэнд орохгүй гэдгийг л хэлье.
-Та сая “Гол тоглогч 2”-тойгоо хамт яруу найргийн номоо бас хэвлүүлсэн байх аа?
-Тийм ээ. “Дотоод тэнгэр” гэж яруу найргийн түүвэр. Ёстой нэг хүсч, хүлээж, догдолж гаргасан бүтээл минь байгаа юм. Яруу найргийн гурав дахь ном л доо. Эрс тэрс хоёр өөр төрлийн ном зэрэг гаргасанболохоор хүмүүсийн төсөөлөлд нэг хүний бүтээл гэж буухгүй байх шиг байна лээ. Хэдэр, ёдор, ёж гашуун үгтэй нийтлэл, сэтгэлийн гэгээн уярал хөндсөн шүлэг хоёр хоорондоо нийцгүй санагдах нь мэдээж. Хүмүүс нэг хүний бүтээл гэж бодохгүйгээр хоёр өөр зохиогчтой мэт тусдаа тавьж байгаад унших хэрэгтэй. Зүрх нэг өөр, тархи нэг өөрөөр үг хэлнэ шүү дээ.
-Шүлэг бичээд удаж байгаа байх. Тэгсэн хэрнээ “Болор цом” ч юм уу, шүлгийн тэмцээнүүдэд огт оролцож байгаагүй юу?
-Өө, тэгээд дуртай бүхэн нь гарч шүлэг уншаад байдаг тайз биш шүү дээ. Шүлгийн тэмцээнд ордоггүй хоёр шалтгаан бий. Нэгд, би шүлгээ унших тал дээр маруухан. Тайзан дээр уянгалуулаад л, хүнгэнүүлээд л шүлгээ дуудаж байгаа хүнийг хараад өөрийгөө шууд голдог. Зүрх үхдэг гэх үү дээ. “Би бол тэдний хажууд чацга алдсан болжмор шиг юм байна, дэмий юм дэмий” гэж бодно. Хоёрт, би их богино, утга зангидаж бичихийг хичээдэг. Тэгээд ирэхээр яг сайхан явж байснаа тас гээд төгсчих тохиолдол олон. Энэ нь уншихад их төвөгтэй. Нэгхэн үгийн утга дээр л тэр шүлгийн амин сүнс оршиж байх жишээтэй. Түүнийгээ сул юм уу, бувтнаад хэлчихвэл тэр шүлэг тэгээд сувс болж хувирна. Тиймд тэгж шүлгээ алаад яахав гэж бас боддог юм. Гэхдээ оюутан байхдаа ганц нэг шүлгийн наадамд ороод түрүүлж, дэд байрт шалгарч явсаан, бас.
-Ингэхэд яруу найрагчдаас хэний шүлгийг унших дуртай вэ?
-Болж өгвөл бүгдийг нь л унших гэж үзнэ. Би яруу найрагчдыг, тэр тусмаа шүлгийг нь муу, тааруу гэж аль болох хэлэхгүй юмсан гэж боддог. Яагаад гэвэл, ямар ч шүлэг тэр хүний сэтгэл зүрх, оюун бодлоос төрж байгаа. Түүнийг нь хөндлөнгийн би муухай гэж дорд үзэх эрх байхгүй. Харин сайныг нь бол үргэлж олж харахыг хичээдэг. Тэр мөрт, тэр үг нь үнэхээр сайхан гээд таашаах нь өөрөө гоё мэдрэмж. Ямар ч шүлгийг жаргаж уншина. Олноос онцгойлж шүтдэг яруу найрагчид мэдээж бий. Дорждамбын Баттогтох байна. Түүний шүлгүүд үнэхээр торгон. Д.Нямсүрэн, Б.Лхагвасүрэн, Н.Нямдорж, А.Эрдэнэ-Очир, Л.Өлзийтөгс гээд цөмийг л уншдаг. Сүүлд гэвэл Т.Амар-Амгалан гээд залуугийн шүлэг их дотортой. Бас Б.Батзаяа байна.
-Яруу найргийн аль нэг бүлгэмд харьяалагддаг уу?
-Үгүй. Ер нь яруу найрагчдаа би л танина уу гэхээс тэд намайг таних нь ховор. Сая л “Дотоод тэнгэр” номоо гаргасны дараа таньж, мэдэж эхлэх шиг боллоо. Мэдээж өөрөө бол бүтээлдээ бүрэн дүүрэн сэтгэл хангалуун байсан ч бусад хүн, тэр тусмаа яруу найрагчид ямраар хүлээж авах бол гэсэн хүлээлт байсан. Гэтэл аль нэг бүлгэм, хүрээлэл гэхгүйгээр намайг хүлээн авч, магтаал урам харамлахгүй хэлж байгаа олон яруу найрагч бий. Б.Лхагвасүрэн гуай амьд сэрүүндээ надад үнэхээр нэг ханатал, цадтал минь магтаалаа зориулж хэлсэн. Монголынхоо яруу найрагчдаар зогсохгүй дэлхийн уран зохиолыг нэвт судалж таньсан Ломбын Нямаа багш бас сайшаасан. Үүнээс илүү баяр хөөр гэж юу байх вэ.
-Та өөрийгөө хамгийн сайн илэрхийлж чадах шүлгээсээ дөрвөн мөрт хэлээч?
-Нэг шүлэг биш, ном бүтнээрээ л намайг хамгийн сайн илэрхийлэх байх даа. Бүх шүлэг маань л миний мөн чанарыг илчлэх байх. Ер нь яруу найрагчид сэтгэлдээ нууцгүй амьдардаг, тийм ч учраас тунгалаг, гэгээн гэх үг их гоё зохидог. Хүн л юм чинь хар муу сэтгэл төрнө. Түүнийгээ навчис сэрчигнэх, цас будрах, үүл хуралдахын зуурт л юу ч үгүй юүлээд, үг болгоод асгачихдаг хүмүүс бол яруу найрагчид. Миний хувьд бусад шиг тэгж гадагшаа халгиж цацаад байхгүй ч дотроо тээштэй явах дургүй. Анир гүмхэн, бас амар амгалан байх дуртай.
Анир гүмхэн аж төрнө
Атаа хорслын нүд олж харахааргүй алс
Алдар хийрхэл хоёрын зэв онохооргүй гүн
Амраг минь ирдэг ганц зөрөгтэй
Аав минь зэмлэдэг ганц зүүдтэй
Анир гүмхэн аж төрнө гэж миний нэг шүлэг байдаг.
-Номондоо “Уйлдаг чулуу” гэх их сайхан уянгын дурсамж оруулсан байсан. Уншаад уйлахаар бичсэн байна билээ шүү?
-Ээж минь намайг тавтайд, аав минь долоотой байхад бурхан болсон. Би дээрээ хоёр сайхан эгчтэй. Аав, ээжийг өнгөрөхөд том эгч ердөө есдүгээр анги, дунд эгч долдугаар ангид байлаа шүү дээ. Юугаа ч мэдэхгүй гурван амьтан үлдсэн. Ядаж байхад яг зах зээлд шилжих үе ч таарсан. Мал хуй, бурхан тахил гээд хамаг юм нь талын нэг эзэнгүй тарж, бид гурвыг нэг нэгээр нь хамаатнууд салгаж аваад өсгөсөн. Гэхдээ хоёр эгч маань өөрсдөө сургууль соёлд явах боломжоо хойш тавьж, аравдугаар ангиа төгсөөд шууд намайг хажуудаа авч, ёстой нэг мачийтал зүтгэж хүн болгосон.”Энийгээ л нэг ном соёл хөөлгөе” гэж зүтгэсний хүчинд би сайхан мэргэжлийн захад хүрсэн нь энэ. Тэгээгүй бол ч айлын мал бараадсан, барлаг шахуу нөхөр явж байж мэдэх байсан даа.
-Танд хэрвээ тэгсэн бол гэж харамсах зүйл байдаг уу?
-Харамсах гэдэг чинь хамгийн хэцүү шаналан. Өнгөрсөн үед ийм тийм боломжоо алдчихлаа гэж харамсахаасаа илүү хайрлаж амжаагүй хүмүүсээ хагацалд алдах л хайран. Алдсан боломжийг бол хүн буцаагаад л олчихож болно. Харин хагацлын шарх эргэж аньдаггүй юм байна. Гэхдээ хүн харамслаа ухаарал, хонзонгоо хайр болгож амьдрах хэрэгтэй юм болов уу. Энэ тухай эргэцүүлсэн мөртүүд надад бий. Уншиж өгвөл болох уу?
-Тэг л дээ?
-Бэх мэт харамсал энгэр сараачивч
Бийр мэтийг түүнд дүрж дурсамж зурна.
Зүү мэт хонзон зүрх хатгавч
Утас мэтийг түүнд сүвлэн хайр урлана.
-Ямар сайхан мөртүүд вэ. Та ингэхэд аль нутгийнх билээ?
-Дорнодын Гурванзагал сумынх. Манлай баатар Дамдинсүрэнгийн нутаг шүү дээ.
–Та Монголын сэтгүүл зүйд хэдэн жил ажиллаж байгаа хүн бэ. Миний мэдэхээр сүүлийн хоёр жилд л таны нэр дуулдах болсон?
-Сэтгүүлч болсноос хойш гэж тоолбол их олон жил гарна. 2006 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн л дөө. Оюутан байхаасаа л сэтгүүлчээр ажилласан. “Өдрийн сонин”, “Нийгмийн толь”, “Өнөөдрийн Монгол” гээд өдөр тутмын сонины гал тогоонд сэтгүүлчийн дөр сууж байв. Гэхдээ 2008-2015 оны хооронд огт сэтгүүлчээрээ ажиллаагүй. Ингээд бодохоор яг сэтгүүл зүйн тогоонд буцалсан гэвэл цөөхөн жил гарах юм байна.
-Нууц биш бол 2008-2015 оны хооронд юу хийсэн юм бэ?
-Бизнес хийж яваад дампуурсан(инээв). Юм юм л хийсэн дээ. Ер нь бол залуу насны алдаа, оноогоо гүйцээсэн гэж хэлж болно доо. Ямаа туйлаад янгиа эвдэхгүй гэдэг шиг тэнгэр зүүдэлж нисч яваад буцаж газардсан. Харин тосч авсан газар маань сэтгүүл зүй. Угаасаа сэтгүүл зүйдээ л буцаж ирэх тавилантай байсан юм байна даа гэж би боддог шүү.
-За, ярилцсанд баярлалаа. Уран бүтээлд нь улам их амжилт ерөөе.