Comment.mn

Цахим хувьсгалд Монголчууд бид хаана явна вэ?

Ердөө гурван жилийн дараа, 2022 онд дэлхийн улс орнуудын ДНБ-ний 60  хувь нь дижиталчлагдах бөгөөд даяршлын үндсэн тулгуур цахим ижилсэл болох нь гарцаагүй гэж үзэж байна. Энэ бол хүн төрөлхтөний өмнө ирж буй ирээдүй. 

Энэ жил манай өмнөд хөрш Хятад улсын дижитал эдийн засаг 4.6 триллион долларт хүрч, Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 34.8 хувийг бүрдүүлэх болсон тухай Синьхуа агентлаг мэдээлэв. 

2013 онд АНУ-д дижитал эдийн засгийн салбарт 300 тэрбум ам. долларын бүтээгдэхүүн, үйлчилгээг буй болгосон бөгөөд ойрын 10 жилд энэ үзүүлэлт 6.1 триллион доллараар хэмжигдэх ажээ. McKinsey and Co-гийн судалгаагаар АНУ-ын 10 доллар тутмын 1 нь биет мөнгөн хэлбэрт байгаа бөгөөд үлдсэн 9 нь цахим хэлбэртэй байдаг. 2016 онд Их 20 бүлгийн эдийн засагт дижитал эдийн засгийн эзлэх байр 4.2 триллион долларт хүрсэн.

Өндөр хурдны сүлжээний үйлчилгээнд интеграцчлагдсан төрийн инститүци e-government-ийг нэгэнт буй болгож, энэ нь хамгийн хурдан шуурхай засаглалын үйлчилгээг иргэдэд санал болгож байна. Өндөр хурдны сүлжээний үйлчилгээнд холбогдсон дунд, их, дээд сургууль өндөр зэрэглэлийн чанартай e-education тогтолцоог буй болгожээ. Жижиг, дунд үйлдвэрлэгчид дижиталчлагдсан системд холбогдон e-commerce-т суурилсан b-to-b-гийн (business-2-business) гарцтай болсон. 

Мэдээллийн технологид үндэслэсэн бизнесийн хувьсгал ажлын байрны зах зээлийг эрс өргөжүүлж, нэмэгдсэн өртөг илүү өндөр шингээсэн бизнес, ажил үйлчилгээг буй болгов. Цахим худалдаа буюу e-business олон улсын бизнес болон өдөр тутмын худалдаанд өргөн нэвтэрлээ. Гадаад харилцаанд e-diplomacy нэвтэрснээр үр ашгийг өндөрт гаргав. Өндөр хурдны сүлжээнд суурилсан on-line эмнэлгийн үйлчилгээ амьдралын чанарыг эрхгүй өөрчилж буй ажээ. 

Шинэ мянганы эрин үеийн эхнээс хөгжингүй орнууд e-Society-г байгуулсан билээ.

Цахим хувьсгал бол орчин үеийн дэлхий ертөнцийн хөгжлийг тодорхойлох хиймэл оюуны хувьсгал мөн. Хүн төрөлхтөний хөгжлийг сүүлчийн гурван зуунд Аж үйлдвэрийн хувьсгалууд тодорхойлж, өнөө үед хүргэсэн. Харин хором мөчөөр шинэчлэгдэн өөрчлөгдөх Цахим хөгжил энэ зууны хөгжлийг тодорхойлж байна. 

1970-аад оны эхнээс Өрнөдийн ирээдүй судлаачид «үйлдвэржсэний дараах» нийгмийг таамаглан судлах болжээ. Америкийн футурологч Херман Кан 1972 онд, “Аж үйлдвэрийн нийгмээс үйлвэржсэний дараах нийгэмд шилжих шилжилт нь орчин үеийн хүний бүхий л аж төрөх ёсны хамгийн үндсэн үр дагавар болох юм. Эдийн засгийн үйл ажиллагааны хамгийн чухал шинж нь үйлдвэрлэл биш, харин «үйлчилгээний хүрээний үйлчилгээ» буюу өөрсдөө өөртөө зорилго болсон үйлчилгээ буй болно” гэж тодорхойлжээ. Даниел Белл ХХI зууны эхлэл орчимд шинжлэх ухаан, технологиийн хувьсгалын нөлөөгөөр «аж үйлдвэржсэн нийгэм» шинэ шатанд хүрч «PostIndustrial Society» буюу «үйлдвэржсэний дараах» нийгэм болон хувирна гэж үзэж байв. Энэ нийгмийн онцлог шинж нь “шинжлэх ухаан, технологийн элит”, шинжлэх ухааны инститүцүүдийн үүрэг хэлбэрэлтгүй өсөн нэмэгдэж, үндэстэн дамнасан нийгэмлэгүүдийн нийгмийн үүрэг харьцангуй буурах явдал гэжээ. Хэрэв сүүлийн зуун жилд leadership нь үйлдвэрийн эзэд, бизнесмен, менежерүүд байсан бол «үйлдвэржсэний дараах» нийгмийн гол тэргүүлэгчид нь кибернетикч, эрдэмтэн математикч, тооцоолон бодох шинэ технологийн инженерүүд болно гэсэн байна. Аж үйлдвэрийн корпорациуд биш “оюун ухааны хүрээлэн”, мэдлэг, эрдэм судалгааны корпораци, аж үйлдвэрийн лаборатори болон их сургуулиуд тэргүүлэх үүрэгтэй болно гэсэн байна. Хэрэв аж үйлдвэрийн нийгэм таваарын үйлдвэрлэлд үндэслэдэг бол “үйлдвэржсэний дараах” нийгэм шинжлэх ухааны мэдлэгийн үйлдвэрлэлд үндэслэх бөгөөд энэ нөхцөлд нийгмийн шинэ харилцаа, нийгмийн бүтцийг буй болгоно. Аж үйлдвэржсэний дараах нийгэм нь «мэдээллийн эдийн засаг» дээр суурилна” гэж таамаглаж байжээ.

2020 он гэхэд нийт бизнесийн байгууллагын 70%, 2025 он гэхэд 90% нь цахим хувьсгалд нэгдэж, шинэ эринд хөл нийлүүлэн ажиллаж эхлэхийг экспертүүд мэдээлж байна. 

2013 оны 2 дугаар сар, 2015 оны 2 дүгээр сард Швейцарийн Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын салбар хуралдаанаар «e-World: Towards Globalization» «The Future of the Digital Economy» сэдэвт олон улсын томоохон арга хэмжээний үеэр тэмдэглэж байгаа гол санал дүгнэлт бол “Дэлхий ертөнц дижитал хувьсгалын үр дүнд үйлдвэрлэл технологийн хөдөлгөгч хүч, хуваарилалт болон кибер ертөнцийн үйл явцыг хувирган өөрчлөөд зогсохгүй хүмүүсийн өдөр тутмын амьдралын чанар, хэв маягийг ч үндсээр нь өөрчилж байна”, «Глобал эдийн засаг, үйлдвэрлэлийг үндсээр нь өөрчилж буй гол хүчин зүйл, динамик нь e-revolution болж байна”, “e-manufacturing гэдэг нь мэдээллийн технологид суурилсан е-моделиар жолоодон тухайлбал, аварга том цахилгаан станцын үйлдвэрлэлийг ч энэхүү хувьсгалын үр дүнд кибер орчинд буй болгосон цагт, үлэмж том үйлдвэрлэлийн бодит бүтээмжийг дараагийн түвшинд буй болгох болно” гэжээ.

Дэлхийг хамарсан Цахим хувьсгалд Монголчууд бид хаана явна вэ? Хүний хөгжлийн индексээрээ дэлхийн 188 орноос Монгол Улс 90-т жагссан бол авлигын индексээрээ 103 орноос 93-т орж, цахим оролцооны түвшингээрээ 63 орноос 61-т оров.

Энэ бүх сүүл мушгисан үзүүлэлтээс гарах цорын ганц арга нь дэлхийн хөгжлийн нэгэн ижил гараанаас гарах боломжийг бүрдүүлсэн дижитал зуунд Цахим хувьсгал мөн. Монголчуудын хувьд хамгийн их цаг зарцуулдаг, хүнд сурталтай хэмээн олон жилийн турш шүүмжилж ирсэн төрийн үйлчилгээнд бухимдал үүсгэдэг 100 орчим үйлчилгээг хүнээс хамааралгүй, болгох цорын ганц шийдэл нь “Цахим засаг” юм.

Цахим хувьсгал нь эн тэргүүнд төрийн үйлчилгээ, дараа нь нийгмийн үйлчилгээ, тэгээд бизнесийн орчныг цахимжуулах нь энэ амжилтанд хүрэх үндэс ажээ. Үүний тулд нэгдүгээрт бодлого стратеги, хоёрдугаарт технологи, дэд бүтэц, гуравдугаарт, иргэдийн хэвшилд анхаарлаа хандуулах шаардлагатай.

Цахим засаг бол цахим хувьсгалын ердөө нэг хэсэг нь. Нийгмийн бүх үйлчилгээ цахимжиж, тэр ч байтугай цахим улс хүртэл бий болсноор хүн төрөлхтөн цоо шинэ ирээдүйтэй нүүр тулгарч байна. Энэ бол сонголт биш. Энэ бол хүн төрөлхтөний хөгжлийн гарц.

А.Амар

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.