ЖДҮ-тэй холбоотойгоор зарим УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан 2018 оны арваннэгдүгээр сарын эхээр УИХ-ын даргад хүргүүлсэн. Энэ дагуу УИХ хэлэлцээд “Түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж шийдвэрлэсэн байдаг.
Тэгвэл уг асуудлыг УИХ-ын Байнгын хороод, Нэгдсэн чуулганаар хэлэлцэхийн өмнөх өдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 6-нд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Тэр хурлын тэмдэглэлээс “Зууны мэдээ” сонин цувралаар хүргэж эхэлжээ. Тус сонин дээр гарсан хурлын тэмдэглэл дээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.
МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болжээ. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Б.Жамбал, Ц.Энхжаргал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, Ба.Цэцэгдэлгэр, референт Бс.Цэцэгдэлгэр нар оролцсон бол УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал, Л.Энхболд, Чөлөөтэй: Ц.Гарамжав, Д.Сумъяабазар нар өвчтэй, Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар гадаадад, Н.Номтойбаяр, Ц.Цогзолмаа, Н.Цэрэнбат, Б.Чойжилсүрэн нар томилолттой, Т.Аюурсайхан, С.Батболд, Ж.Ганбаатар, Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, А.Сүхбат, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нар хуралдаа очоогүй байна. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хуралдааныг удирдаж, хэлэлцэх асуудлыг танилцуулсан байдаг.
Хурал дээр хамгийн түрүүнд үг хэлсэн хүн нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат байв. Тэрээр ““…Энэ их амаргүй асуудал. Бид 65 дотроосоо нэгийгээ явуулсан. Одоо 64 дотроосоо дахиад нэгийгээ явуулах уу, үгүй юу гэдэг асуудал ярих гэж байна. Хэцүү асуудал шүү дээ.
Би дүрэм, журам зарчмынхаа дагуу ярья гэдэг горимын санал гаргаж байгаа юм. Энэ намд сүүлийн үед дүрэм, журам, зарчим алдагдаад удлаа. …УИХ-ын гишүүнийг Их Хуралд нэр дэвшүүлэхэд Намын Удирдах зөвлөл нэр дэвшүүлдэг. Намын Бага хурал нэр дэвшүүлдэг. Удирдах зөвлөлөөс гараад. Одоо энэ энэ гишүүнийг эгүүлэн татуулах асуудал дээр Намын Удирдах зөвлөлд нэр дэвшүүлсэн, Намын Удирдах зөвлөл улс төрийн шийдвэр гаргах ёстой. Гантулга гишүүнийг эгүүлэн татах дээр ийм зарчим алдагдаад явсан шүү.
Тухайн үед би хуралд байхгүй, Эрхүүд ажилтай явж байсан. Занданшатар сайд бид нар. Одоо энэ нэр дэвшүүлсэн энэ бүрэн эрхтэй улс төрийн шийдвэр гаргаж нэр дэвшүүлдэг нь байгууллага нь эргүүлээд энэ хүмүүсээ татах асуудлаар улс төрийн шийдвэр гаргах ёстой. Намын Удирдах зөвлөлийг хуралдуулах ёстой гэж би бодож байна.
Сүүлийн нэг жилийн дотор Намын Удирдах зөвлөл хоёр, гуравхан удаа хуралдлаа. Содбаатар сайдыг томилоход хуралдлаа. Халтар дэд сайдыг томилоход нэг хуралдлаа. Бусад бүх аймгийн дарга нарыг, Нийслэлийн намын хорооны даргыг шийдэхэд нэг хуралдсан. Бүгдийг нь мессэжээр, е-майлээр авч байгаа шүү дээ. Энэ зарчмыг бид хэзээ болих юм. Тийм учраас би дүрэм журмынхаа дагуу, зарчмынхаа дагуу явъя гэсэн ийм зарчмын бөгөөд горимын саналыг гаргаж байна. Намын Удирдах зөвлөл хуралдаж ер нь энэ үүсээд байгаа нөхцөл байдлаа ярих хэрэгтэй гэсэн горимын санал гаргав” гэсэн байна.
C.Саруул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин