Өнгөрсөн долоо хоногт Энэтхэг болон Монгол Улс Батлан хамгаалахын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцжээ. Хил хамгаалах ерөнхий газрын дарга, бригадын генерал Ш.Лхачинжав тэргүүтэй Монголын төлөөлөгчид Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Ражнат Сингхтэй Шинэ Дели хотод уулзсан байна. Энэтхэгийн агентлагуудын мэдээлснээр хоёр тал терроризм, хар тамхи, хүний наймаа түүнчлэн хууль бусаар зэвсэг худалдаалах зэрэг олон улс дамнасан гэмт хэргээс урьдчилсан сэргийлэхэд хамтран ажиллах талаар санал бодлоо солилцжээ.
Үүний зэрэгцээ Энэтхэгийн тал Монгол Улсын батлан хамгаалахын салбар тэр дундаа кибер хамгаалалт, байлдааны тактикаа сайжруулах, хилийн тусгай ажиллагаа явуулах, орчин үеийн зэр зэвсгээр хангах зэрэгт туслалцаа үзүүлэхээр болсон байна. Мөн ноён Сингх хоёр улсын хамтарсан цэргийн сургуулилт хийж болох талаар онцлон тэмдэглэжээ. Гэхдээ хамтарсан сургуулилт хэзээ хийгдэх нь тодорхой болоогүй байгаа аж.
Түүнчлэн манай хоёр улс хоёулаа БНХАУ-тай хиллэдэг учраас хил хамгаалахын салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа Энэтхэгийн талаас илэрхийлжээ. Учир нь сүүлийн жилүүдэд БНХАУ Мьянмар, Пакистан зэрэг улсуудтай батлан хамгаалахын салбарт нягт хамтран ажиллах болсон нь тус улсын эрх баригчдын санааг зовоох болсон гэж ажиглагчид үзэж байна.
Манай хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 60 жил өнгөрч байгаа ч Батлан хамгаалах тэр дундаа аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагаа хязгаарлагдмал байжээ. Монгол Улсын хувьд БНХАУ, ОХУ-тай хоёр талт болон гурван талт хамтын ажиллагааг сайжруулах тал дээр илүүтэй анхаарч байгаа гэж Энэтхэгийн хэвлэлүүд бичсэн байна.
Харин Энэтхэг улс Зүүн болон Зүүн өмнөд Азийн орнуудтай харилцаагаа өргөжүүлэх зорилготой “Look East” бодлогыг хэрэгжүүлдэг бөгөөд Монгол Улсын Батлан хамгаалахын салбарт үзүүлж буй тусламж нь энэхүү бодлогын нэг чиглэл юм байна. Түүнчлэн Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди эдгээр улс орнуудтай дипломат харилцаагаа сайжруулахын тулд “Act East” бодлогыг санаачлан хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
Дашрамд дуулгахад, Монгол Улс, Энэтхэгийн хооронд 1955 оны арванхоёдугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоож байсан бөгөөд манай улс Делид 1956 онд, Энэтхэг улс Улаанбаатарт 1971 онд тус тус Элчин сайдын яамаа нээж байсан түүхтэй. Өнөөдөр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 60 жилийн ой тохиож байна.
Б.Саруул
Эх сурвалж: www.Eagle.mn