Өрхийн эмнэлэгт нарийн мэргэжлийн эмч нарыг ажиллуулдаг болмоор байна. Манай улсын хувьд өрхийн эмнэлэг бол шинэ эмч нарын “дамжин өнгөрүүлэх” газар. Иргэд өрхийн эмнэлгийг төрийнх гэж боддог хэдий ч үнэн хэрэгтээ төрийн байгууллагын үүргийг гэрээгээр гүйцэтгэдэг хувийн хэвшил билээ. Холбогдох хуульд ч ингэж заасан.
Тодруулбал, иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй өрхийн эмнэлэг нөхөрлөлийн журмаар үйл ажиллагаа явуулдаг. Эрүүл мэндийн тухай хуулийн 16.2-т өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн байгууллага гэж заасан байдаг. Тэгэхээр сайн дурын байгууллагын, нөхөрлөлийн гээд олон хуульд нийцэж ажиллах шаардлага тулгарч, хуулийн далбаан дор хүлэгдсэн газар гэсэн үг. Гэхдээ бид энд өрхийн эмнэлгийн статус бүтцийн талаар олныг нуршаад яахав. Гол нь манай улсын эрүүл мэндийн салбарын бүтэц тогтолцоо олон улсын жишигт нийцэхгүй байгаад л учир байгаа юм. Иргэд гэртээ хамгийн ойр газраас эрүүл мэндийн цогц үйлчилгээг хүндрэл, чирэгдэлгүй авах хүсэлтэй. Дэлхийн ихэнх орон ч ийм бүтэц зохион байгуулалтаар ажилладаг. Өөрөөр хэлбэл, нарийн мэргэжлийн эмч нар нь анхан шатныхаа эрүүл мэндийн төвд ажилладаг гэсэн үг. Гэтэл манай улсад эсрэгээрээ.
Өрхийн эрүүл мэндийн төв бол шинэ эмч нарын дадлагажиж, туршлагажих дамжин өнгөрүүлэх цэг нь болж байна. Зарим өрхийн эмнэлэгт эмч тогтохгүй, боловсон хүчин гэдэг толгойны өвчин болж хувирсан. Гурван сард нэг эмч солигдох бол энгийн үзэгдэл. Өрхийн эрүүл мэндийн төвийн боловсон хүчний тогтворгүй байдал үйлчлүүлэгчид түвэгтэй байдаг аж. Настайчуудын хувьд өөрийнх нь өвчний түүхийг мэддэг эмчээр эмчлүүлэх нь амар санагддаг учраас өрхийн эмчийн тогтворгүй байдал нь байнгын хяналтад байдаг өвчтөн болоод өндөр настнуудад хүндээр тусдаг байна. Баянзүрх дүүргийн иргэн өндөр настан Д.Пагма гуай “Өрхийн эмнэлэгт тогтвор суурьшилтай ажиллах эмч олддоггүй бололтой. Байсхийгээд л шинэ эмчийн царай харж, өвчний түүхээ эхнээс нь ярьж өгөөд байх түвэгтэй санагддаг. Олон багшийн гар дамжсан хүүхэд сурлага муутай болдог шиг нэг эмчээр дагнан эмчлүүлэх нь дээр байдаг. Гэтэл үргэлж шинэ эмчтэй нүүр тулахаар “энэ ч дээ хэр мэдэх юм бол доо” гэсэн эргэлзээ төрдөг. Аргаа бараад өөрөө өөрийгөө ч эмчлэхээр оролддог үе бий” хэмээв. Энэ мэт өнөөх жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн чавганц дээр гэдэг үгийг ахмадуудад жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байна.
ЖИЛ БҮР ӨРХИЙН ЭМЧИЙН 40 ХУВЬ НЬ СОЛИГДДОГ
Тэгэхээр өрхийн эмчийн тогтворгүй байдлын горыг иргэд амсдаг гэсэн үг. Нөгөөтэйгүүр, өрхийн эмч нар ажлын байран дээрээ тогтдоггүй шалтгаан олон. Залуу эмч нар өрхийн эрүүл мэндийн төвд удаан ажиллахыг хүсэхгүй нь тодорхой. Өсөж дэвжихгүй нэг газраа удаан суухыг хэн хүсэх билээ. Мөн цалин хөлс, ажлын үнэлэмжийн асуудал ч залуу эмч нарын ажлын байраа ойр ойр солих шалтгаан болдог аж. Түүнчлэн ажлын ачаалал тэднийг ийн залхааж, тууштай ажиллах сонирхолгүй болгодог байна. Хороо, сумынхаа хүн амаас шалтгаалж, 1800-2000 хүнд нэг эмч, нэг сувилагч ногдох стандарттай. Одоогийн байдлаар өрхийн нэг эмч, сувилагчид 2500 гаруй иргэн ногдож байна. Энэ байдлаас болоод өрхийн эмнэлэгт ажиллахыг эмч нар хүсдэггүй аж. Хуулиараа өрхийн эмнэлэгт хоёр жил дадлагажигчаар ажиллах ёстой гэсэн шаардлага тавьдаг юм байх. Гэтэл хоёр жил ч болохгүй гарах нь энүүхэнд, бүр ихэнх нь Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэгэн төрийн бус байгууллагаас хийсэн судалгаагаар жилд өрхийн эмч нарын 40 гаруй хувь нь солигддог гэсэн үзүүлэлт гарсан байна.
ХҮҮХЭД, ХӨГШИДГҮЙ ДАДЛАГАЖИГЧ ЭМЧИЙН “ТОГЛООМ” БОЛЖ БАЙНА
Угтаа бол өрхийн эмнэлэгт хамгийн чадварлаг эмч ажиллах ёстой. Яагаад гэвэл өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нярай хүүхэдтэй эхчүүдийн гол зорьж очдог газар бол өрхийн эрүүл мэндийн төв. Зарим эмч харшил уушгины хатгалгааг ч ялгалгүй тохирохгүй эмчилгээ бичиж өгсөн тохиолдол цөөнгүй гарсан. Тиймээс өрхийн эрүүл мэндийн төвд чадварлаг нарийн мэргэжлийн эмч ажиллуулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Нэг ёсондоо энэ шатлалын эмнэлгийг төгөлдөржүүлэх цаг хэдийн болжээ. Жишээлбэл, Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны өрхийн эмнэлэг гэхэд л хүүхдийн мэргэшсэн эмчгүй. 14 байр хариуцсан ганц эмч нь өндөр настан, хүүхэд, хэвтрийн өвчтөн гээд бүгдийг нь үзэх үүрэгтэй. Дөнгөж сургууль төгссөн нөхдүүд ийм хүмүүстэй нүүр тулахаар шантрахаас аргагүй. Өрхийн эрүүл мэндийн төвд нарийн мэргэжлийн эмч нар ажилладаг болчихвол хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн ачаалал буурах нь гарцаагүй. Дөнгөж сургууль төгссөн хүүхдүүдийг өрхийн эмнэлэгт хуваарилж суулгачихаад нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийдэг аппарат, тоног төхөөрөмжөөр хангаад байвал үүнийг ямар эрүүл тогтолцоо гэх вэ. Уг нь эмзэг, өвчлөмтгий бүлгийнхэнд үйлчилдэг анхан шатны байгууллага нь хамгийн чадавх сайтай байх учиртай. Гэтэл Монголд хамгийн чадавх сул байгууллага нь өрхийн эмнэлэг болоод байна. Хатуухан хэлэхэд, хүүхэд, хөгшидгүй дадлагажигч эмчийн “тоглоом” болж байна.
ӨРХИЙН ЭМЧ НАРЫН ЦАЛИНГ НЭМЬЕ
Анхан шатны тусламж үйлчилгээ сайн байвал бусад эмнэлгт дугаарлаж цаг гарздахгүй. Нэг дороос бүх үйлчилгээгээ авдаг болчихвол иргэдэд ч хүндрэл, чирэгдэлгүй хялбар болно. Уг нь манай улсад ДЭМБ анхан шатны эрүүл мэндийн байгууллагын тогтолцоогоо өөрчилж, чадавхжуулахыг байнга зөвлөдөг. Гэтэл өнөөдөр энэ зөвлөмжийг хүлээж авч хэрэгжүүлсэн зүйл огт алга. Өрхийн эмнэлгийн үйлчилгээ, оношилгоо сайн байвал хүн амын дундаж наслалт нэмэгддэг гэж олон улсад үздэг юм билээ. Харин манайд энэ зарчмыг хөсөр хаясан. Түүнчлэн энэ шатлалд ажиллаж буй эмч, сувилагч нарын цалинг нэмэх шаардлага бий. Манай хойд хөрш л гэхэд анхан шатныхаа эрүүл мэндийн байгууллагад ихээхэн анхаарал хандуулдаг болоод удлаа. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин анхан шатны тусламж үзүүлдэг эмч нарын цалинг гурав дахин нэмсэн. Тэднийг дэмжээд өгвөл II, III шатлалын хөсөр хаясан газар Монголоос өөр байхгүй гэхэд хилсдэхгүй. Уг нь иргэд нь эрүүл байж улс орон хөгждөг учиртай. Гэтэл эрүүл мэндийн салбарын тогтолцооны гажуудлаас болоод иргэд чанартай үйлчилгээ хүртэж чадахгүй байна. Тиймээс өрхийн эрүүл мэндийн төвийг чадавхжуулж, иргэдэд чанартай үйлчилгээ үзүүлэхэд анхаарал хандуулаач салбарын сайд аа.
С.Энэрэл
Засгийн газрын мэдээ