Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх Хотод суух Ерөнхий Консул асан Д.Мөнх-Эрдэнэ нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ Хууль зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдоржийн хүү Гадаад Харилцааны Яамны Төрийн Захиргаа, Удирдлагын Газрын дарга Ц.Анхбаяр, бэр Б.Болорсувд ЗГХЭГ-т хүний нөөц хариуцсан референтээр ажилладаг болохыг дэлгэсэн билээ.
Үүнтэй зэрэгцэн, эрх баригчид төрийн албыг төрлийн алба болгож хувиргасан завхарлаа “Аав, хүүгийн нулимстай түүх” болгож, олон нийтийг хуурахаар тайлбар өгч эхэлжээ.
“Хүүгээ дэмждэггүй аав үгүй” гэх мэт уран тайлбартай элдэв мессежийг сошиал медиагаар хүчтэй тарааж буй бөгөөд Монгол Улсын Ерөнхий Сайд асан С.Баяр хүртэл энэ тухай : “Түших,түшүүлэх аавтай байхаас илүү заяа энэ хорвоод үгүй.Багадаа ааваа алдсан учраас үүнийг би мэднэ. “Тэр аавын хүү” гэдгээс өөр шинжгүй бол тэртэй тэргүй хол явахгүй.Харин мэдлэг,чадвар,шийр 3-ыг заан гарч ирсэн бол хэний хүү байх нь хамаагүй.Адлаад, ааваар нь “аргамжаад” байх есгүй” гэж өгүүлсэн байх юм.
Үнэн. Хэний ч хүү ямар ч алба хашиж болно. Дэлхийн бусад оронд ч сайдын хүү сайд болдог тохиолдол бий.
Харин Монголд ердийн л тохиолдол биш хавтгайрсан завхрал болсоныг бид баримтаар өгүүлж байна.
УИХ-ын гишүүн М.Энхболдын хүү Э.Анар Монголбанкны төлбөр тооцооны бүртгэлийн газрын дарга, охин Э.Хулан Нийслэлийн Залуучууд, Хүүхэд, Эмэгтэйчүүд, Гэр бүлийн хөгжлийн Газрын дэд дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын худын дүү С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Б.Баттүшиг Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн, гэргийнх нь дүү Б.Асралт Гаалийн Ерөнхий Газрын дарга, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы төрсөн эгч Т.Наран Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын дэд дарга, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Ганболд Хөдөлмөр Халамж үйлчилгээний газрын Хяналт, мониторингийн газрын дарга, гэргий Р.Саранцэцэг нь Монголбанкны мөнгөн тэмдэгтийн газрын захирал, УИХ-ын гишүүн, Эрүүл Мэндийн сайд Д.Сарангэрэлийн дүү Үнэнбат Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн охин С.Баясгалан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга, хүү С.Түвшинтөр Зам тээврийн яамны Далайн захиргааны газрын дарга, УИХ-ын гишүүн, Батлан Хамгаалахын Сайд Н.Энхболдын хүү Э.Одмөнх Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газрын дэд захирал, УИХ-ын гишүүн, Өргөдлийн Байнгын Хорооны дарга М.Оюунчимэгийн эгч М.Цэцэгээ Чингэлтэй дүүргийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, дүү Эрхэмзаяа “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Дэд бүтэц, тээвэр хариуцсан газрын захирал, УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр Н.Мөнхбаатар “Чингис хаан” нисэх онгоцны буудлын дарга, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын эхнэрийн дүү С.Мөнгөнчимэг Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд, УИХ-ын гишүүн Н.Учралын хадам ээж Б.Отгонжаргал Нийслэлийн нийгмийн халамжийн газрын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын дүү С.Тунгалагтамир Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны газрын дарга, Т.Бадамжунайгийн охин Б.Гаваа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Тамгын газрын дарга, УИХ-ын гишүүн асан Т.Очирхүүгийн хүү О.Эрдэмбилэг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн бэр Болормаа Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирлаар, Ерөнхий Сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын дүү Ж.Бат-Эрдэнэ “МИАТ” компаний Япон улс дахь төлөөлөгчөөр тус тус ажиллаж байна.
Дээрх нэрс бол зөвхөн жишээ бөгөөд Монголын төрийн алба, улс төрчдийн хувийн өмч шахуу болсныг дээрх баримтаас дүгнэж болно.
Эдгээр нөхөд бүгд л “Хүүгээ дэмждэггүй аав, дүүгээ дэмждэггүй ах” гэх мэт утга уянгийн халилтай тайлбараар халхавч хийсэн Монгол төрийг завхруулагчид бөгөөд өөрсдийг нь хэн ч яаж ч чадахгүй гэж бодон, аархсаар л байна…
П.Мандах
сонин.мн