Түүний гаргасан хүсэлтийн дагуу хууль бус мөрийтэй тоглоомын газрыг цагдаагийн алба хаагч орон байраар хангаж, өөрөө тэндээсээ ашиг хүртэж байсан эсэхийг шалгаж байгаа.
Харин өчигдөр буюу энэ сарын 25-ны өдөр оройн 20 цагийн орчимд цагдаагийн хурандаа Э.Бөхбатын бусдад гэрэний дагуу түрээсэлдэг байранд хэвлэл мэдээллийнхэн, цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд хамтран шалгалт хийсэн билээ.
Энэ үеэр ТЦА-ны УСХ-ийн дарга Э.Бөхбат хэлэхдээ: “Би энэ байрыг 2003 онд худалдаж аваад өргөтгөл барьж, ресторан ажиллуулж байгаад ажил ихтэйн улмаас 2007 оноос хойш түрээслүүлдэг болсон. Тэр үеэс хойш энэ байрандаа ирээгүй. Гэтэл манай байрыг түрээсэлсэн гэх хүмүүс давхар түрээслээд явж байсныг нь хяналт шалгалтынхан тогтоосон байна. Хүнд түрээсэлж орхиод ийм зүйл болсныг мэдээгүй явсандаа уучлалт гуйж байна. Та нар үнэнийг тогтоож өгөөрэй. Үнэндээ ийм хууль бус юм хийвэл өөрөө өөрөөсөө ичнэ. Өчигдөр би мэдээлэл аваад юу болоод байгаа талаар судалж, хайж эхэлсэн. Түрээслэгч нар нь мөнгөө дансаар өгчихдөг болохоор ирдэггүй.
Би энд хууль бус ажиллагаа явуулсан бол үнэхээр хувцсаа тайлж өгөөд ерөнхий газрынхаа даргад илтгээд явахад бэлэн. Үнэнээ л хэлж байна. Энэ газарт олон жил ирээгүй.
Энэ байр дахин төлөвлөлтөд орсон нурах гэж байгаа байр. Тиймээс хоолны газраар явахаа болиод ийм байгууллагад давхар түрээсэлсэн юм байна. Та бүхний хүчинд мэдэж авлаа. Мэдээж би одоо түрээсээ цуцална. Хуулийн дагуу намайг олон газраас шалгах байх. Манай дотоодын хяналт өчигдрөөс шалгаж эхэлсэн. Зарим нэг зүйлийг тогтоосон байна. Хэрвээ би энд үйл ажиллагаа явуулаад үйл ажиллагаанд нь оролцоод хаагдчихаар нь нээгээд байдаг байсан бол би хариуцлага хүлээхэд бэлэн байна. Монголын цагдаагийн олон алба хаагчдын нэр төрийг сошиалаар гутаахыг би хэзээ ч тэсэж чадахгүй. Үнэн зөвийг мэдүүлж өгөөрэй” гэв.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү:
-“Гарсан мэдээллийн дагуу Э.Бөхбат хурандаа дотоод хяналт шалгалтад шалгуулахаар хүсэлтээ өгсөн. Үүний дагуу хяналт шалгалтын ажил явагдаж байна. Энэ асуудлыг өнөөдрийн байдлаар зөрчлийн хуулиар шалган шийдвэрлэж байгаа. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх албанаас энэ тоглоомын газарт хэд хэдэн удаа арга хэмжээ авсан. Объект гэхээсээ илүү хууль бус мөрийтэй тоглоомыг зохион байгуулж буй этгээдүүд, үйлчлүүлж байгаа иргэдийг нь хяналтдаа авч ажиллаж байсан”.
Түрээслэгч: “Би энэ газрыг тоглоом тоглуулахад түрээсэлдэг гэж мэдээгүй. Зар тавихдаа агуулахын түрээс гээд зар тавиад орсон. Би дансаар мөнгөө авдаг байсан. Өчигдөр мэдээлэл хараад сандраад ирээд байж байна”.
Түрээслэгч Ц.Түмэнжаргал:
-“Би түрээслээд, автомат тоглоомын газрыг 2-3-уулаа нийлээд ажиллуулж байсан. Хүмүүсээс дам сонсоод ашигтай байдаг гэхээр нь сонирхсон. Гэтэл ямар ч ашиг алга, би өөрөө балраад сууна. Мөрийтэй тоглоом хууль бус гэдгийг нь мэднэ. Алдсан хүн 10 тамтай гээд л байж байна. Энэ 5-6 төрлийн тоглоомыг Монголд орж ирчихсэн байхад нь авсан. Нийт 5 сая орчим төгрөг хөрөнгө оруулсан. Нэг удаад 10-20 мянган төгрөгөөр тоглуулдаг. Би залуучуудад мөрийтэй тоглоом хэрэггүй гэж зөндөө хэлдэг. 2018 онд ямар хүмүүс байсныг би мэдэхгүй. Би цагдаагийн байгууллагад хоёр сая төгрөгөөр хоёр удаа торгуулсан. Орж ирсэн цагдаа нар хураахыг нь хурааж авч, эвдэхийг нь эвдсэн. Түүнээс хойш ямар ч үйл ажиллагаа байхгүй зогссон. Тоглоомоо эвдүүлээд цагдаагийн алба хаагчид гомдол гаргасан”. Олж уулзах гээд чадахгүй байна. Хэн гэдэг нь мэдэгдэхгүй. Ер нь би эд хөрөнгөө эвдүүлээд хохирчхоод байна” гэв.