Өнгөрсөн хавар Монгол Улсын Ерөнхий Сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуягийг Ардчилсан Намын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаатай хасах шийдвэрийг АН-ын Үндсэн дүрмийн хорооны Сонгинохайрхан дүүргийн салбар хороо гаргасан билээ.
Үүний дараахан хэвлэлийн бага хурал зарлах үеэрээ тэрээр уг шийдвэрт : ” Би Ардчилсан хувьсгалд МУИС-ийн багш байхаасаа эхлэн ажилласан. Намайг хассан гэх албан бичиг би олж үзээгүй л байна. Тэдний хасдаг, тэднээс хауулдаг гэж юу байсан юм. Одоо боль, хэтэрлээ. Болд, Батзандан нар хасагдлаа гээд яагаад шинэ нам байгулдаг юм. Намаа шинэчлэхийн төлөө явах ёстой юм биш үү. Би АН-аас гарахгүй. Тэмцэнэ, өөрчилнө” хэмээн хариулсан билээ.
Тэрээр мөн энэ оны гуравдугаар сарын 15-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөхийн үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн юм.
Үүнээс хойш тэрээр үе үе МАНАН гэх үндсэн цуврал видео хийхийн сацуу С.Эрдэнийг огцруулах АН-ын залуу гишүүдийн тэмцэл гэгчийг чиглүүлэн ажиллаж буй ч үр дүн муутай байгаа аж.
Мөн МАН болон ШИНЭ намын удирдлагуудтай хамтран ажиллах хэд хэдэн уулзалт, оролдлого хийсэн ч бүтэлгүйтжээ. Түүнчлэн нэгэнт АН-ын гишүүнчлэлгүй болсон түүнээс өмнөх жилүүдэд бий болсон тойрон хүрээлэгчдийнх нь дийлэнхи ч нэгэнт зайгаа авч эхэлсэн байна.
Ийнхүү улс төрд ганцаардах нөхцөл байдалд орсон Н.Алтанхуяг хоёрдогч этгээдүүдээр дамжуулан АН-ын өнөөгийн удирдлагатай ч холбогдохоор оролдсон тухай эх сурвалж өгүүлж байна.
Тэрээр энэ удаад УИХ-д нэр дэвшүүлэх элдэв квотын тоо ярилгүй, гагцхүү АН-ын гишүүнчлэлээ сэргээх, УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших л хүсэлтэй байгаа аж.
Э.Мягмар