Монголын төр нэгэнт дампуурлаа. Сайд дарга болох дуртай хэдэн хүмүүсийн нэгдэл болсон энэ төрд итгэх хүн ч алга. Энэ алдарсан итгэл хэзээ мөдгүй тэсэрч, төрийн өөдөөс босохоос өөр арга алга гэх хүмүүс цөөнгүй болжээ. Тушаал авсан эр цэрэг чинь хүртэл та нарыг хараан зүхэж байна. Ардчилсан хэмээх нийгмийг цогцлоон байгуулснаас хойш 25 жилийн нүүрийг үзэж, өнөөдөр ардчилсан хувьсгалын ойн баяр хэмээн нэг нэгнээ шагнаж зогсоо нь ичмээр зүйл. Тэр үнэт зүйл, хүнлэг нийгэм энэ тэр хаана байна вэ.
Төрийн дампуурал зөвхөн өнөөдөр бий болчихсон хэрэг биш гэдгийг хэн ч мэдэх байх. Өнгөрөгч хугацаанд төрийн эрх барьж ирсэн бүх улстөрийн хүчнүүдэд хамаатай. Бид ардчилсан хэмээх нийгэм цогцлоон байгуулсан өдрөөсөө эхлээд л дампуурлын суурийг тавиад эхэлчихсэн, харин өнөөдөр оргил цэгтээ хүрчээ гэж болохоор. Энэ байдал 2012 оны сонгуулиас хойш бүр ч хүчээ авч айсуй оны босгон дээр чухам ямар төр, хаана хэнд үйлчилээд байгааг ч ойлгоход бэрх боллоо. 2012 оны сонгуулийн үр дүнд ялалт байгуулсан АН “шинэчлэлийн” хэмээх сүрхий нэртэй Засгийн газар байгуулаад ажилласан ч эдийн засаг, нийгмийн байдал улам л доройтов.
Тиймээс Н.Алтанхуяг Ерөнхий сайдыг ажлаа хийж чадахгүй, улс орон дампууруулсан гэх шалтгаар унагаж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад тохоон томилов. Нэг тэрэгний хоёр дугуй л гэсэн үг. Үүнд чанарын өөрчлөлт орохгүй нь лавтай. Ингэхээр өнөөгийн нийгэм эдийн засгийн байдал улам л унаж таарна. Ч.Сайханбилэг арга барсан уу яасан, Ерөнхий сайд болсон даруй парламентад суудалтай бүх улстөрийн намыг Засгийн газарт хамтарч ажиллахыг уриалж буланд шахагдав. Анхнаасаа засагт орохгүй хэмээн тоть шиг давтаж байсан МАН ч мэдэн будилаад засагт яваад орчихлоо. Жинхэнэ төрийн хямралыг хамтдаа туулж гарах балай шийдвэрийн өмнө саяхан л толгой сэгсрэн зогсож байсан ууган улстөрийн хүчин засагт орох ямар учир шалтгаан байсныг янз бүрээр л тайлбарлаж байна. Яахав, нийгэм эдийн засгийн байдал хүнд байгаа учраас бид Засгийн газарт хамтрахаас өөр арга байсангүй хэмээн цагаатгаж л байна, өөрсдөө.
Өнөөх төрийн данхар бүтэц, бусад олон зүйлийн төлөө тэмцэж байсан сөрөг хүчний хамтарч байгаа төр улам л данхайж байгаа нь ч энэ хямралд сайнаар нөлөөлөхгүй нь лавтай. Эрх баригч намынхан МАН-ыг л засагт урих байсан юм бол анхнаасаа л хамтраад ажиллах байсан юм. Ядахад сая урихдаа “Шударга ёс” эвслийг засгийн хашааны гадна гаргах байв. “Шударга ёс” гэж ёстой шударга царайлсан новшнууд байна,аа. Өнгөрөгч хоёр жилд унасан нийгмийн амьдрал, эдийн засгийн байдалд энэ бүлэглэлийн гай их бий. Ямар ч туршлага, зангараг байхгүй гологдол гомдогсодын нэгдэл. Зүгээр л албан тушаалын төлөөх хэнд ч хэрэггүй нэгдэл. Ийм юмнуудыг засагт урихаар яаж эдийн засаг өөдтэй байх юм бэ. Дээр нь ИЗНН гэж нэг бас дүүрчихсэн бүлэглэл байна. Цагийн цагт л нэг ийм хоол горьдсон юмнуудын бүрдэл болж, ямар ч хамаагүй засагт дэлүү шиг наалдаж ирсэн ИЗНН энэ тэрийг бол засгаас хөөгөөд гаргах хэрэгтэй. Засгийн газарт бүү хэл УИХ-д хэрэггүй нөхдүүд.
Одоо “Шийдлийн” гэх Засгийн газар чухам яаж эдийн засгаа өөд татах тухай бол ямар ч төлөвлөгөө алга. Шуудхан л панз наймааны аргаар эдийн засаг өсгөлөө гэсэн пиарыг нийгэмд үзэгдэл мэт тавихаар санаархаж байна. Ч.Сайханбилэг өөр ямар ч арга зам ярихгүй байна. Шуудхан д панз үсэргэх, мөнгө зээлэх гэсэн хоёр салаа замын уулзвар дээр зогсож байгаа юм. Алийг нь ч сонгосон ялгаа байхгүй. Оюутолгой, Тавантолгой хоёр орд газраа түншлэл нэрийн дор гадныханд өгч, мөнгө авах. Энэ мөнгөө дотоодын эргэлтэд оруулснаар үнэ тогтворжиж амьдрал сайжирна гэсэн мөчидхөн бодол л энэ Засгийн газрын толгойд эргэлдэж байна.
Нөгөө зам нь урт хугацааны хүүгүй зээл авч, эсвэл бонд босгож дотоодын эргэлтэд мөн адил оруулах. Хөшигний цаана бол барьцаанд нь өнөөх л хоёр толгой байхаас өөр зам алга. Засгийн газрын сонгох гээд эргэлзэж зогсоо хоёр салаа зам нь хэлбэрийн хувьд өөр ч агуулга нь ижил юм. Тэнэгтээд эргэлзэж бодоод байх зүйл алга. Ч.Сайханбилэгийн хувьд бол юу ч байхгүй хэмээн чуулганы индэр дээрээс эвэр амлаж зогсоо нь хэнд буруугаа чихэх гэсэн хэрэг юм бол гэж уур инээд хоёр зэрэг хүрнэ. Өөрөө ЗГХЭГ-ын даргаар нэг тэрэгнийхээ дугуйтай хамт өнхөрч өнөөдөрт хүрчихээд Н.Алтанхуягт чихэх гээгүй л баймаар юм.
Тэртээ тэргүй энэ төр хямарчихлаа. Эдийн засаг гэхээсээ илүүтэй төр нь хямарчихлаа. Энэ хямарлаас өнөөдрийн эдгээр олигархиуд гаргаж чадахгүй. Хямралаас гаргахаар засагт ороод буй МАН, МАХН, ИЗНН, МҮАН өөр бусад хэн ч бай энэ хямарлаас гаргаж чадахгүй. Хоосон жүжиг тавьж 2016 оны сонгуульд орохыг л дор дороо бодож суугаа. Төрийг хямралаас эх орончид л гаргаж чадна. Эх орончдын нэгдсэн бүлэглэл улстөрд байж гэмээнэ сая хямрал илааршина. Тиймийн тулд улстөрд байгаа өнөөдрийн энэ олигархи бүлэглэлээс салах нь зүйн хэрэг байж таарна. Үүнээс салахын тулд их бага хэмжээний хувьсгал өрнүүлэх шаардлага ч тулгарч магадгүй. Юутай ч эх орон, элгэн садангаа гэсэн зоригт түмэн байгааг мартаж болохгүй.
С.Баяр
Эх сурвалж: www.unen.mn