УИХ-ын дэд дарга, гишүүн агсан Г.Батхүү Төрийн ордонд болсон архидан согтуурлын үеэр харамсалтайгаар амиа алдсан ноцтой асуудал гараад хагас жил болох гэж байна. Энэхүү асуудлыг хууль хяналтын байгууллага хуулийн дагуу шалгаж байгаа талаар Хууль зүйн сайд Ц.Нямдорж болон албаны эх сурвалжууд мэдээлдэг.
Төрийн ордон бол хуулиараа төрийн тусгай хамгаалалтад байдаг онцгой обьект бөгөөд тэнд хэн нэгэн архи согтууруулах ундаа хэрэглэх нь битгий хэл оруулах ч боломжгүй гэдгийг бүтэн нэгжүүлээд арай гэж нэвтэрдэг олон түмэн хэнээр ч хэлүүлтгүй мэднэ.
Гэтэл, Төрийн ордонд архи дарсыг авдар саваар нь оруулчихаад байхад түүнийг хянах үүрэгтэй Төрийн тусгай хамгаалалтын газрынхан огт мэдээгүй байсан байж болох уу? Хэрвээ хэн нэгэн этгээд тэсрэх бөмбөг оруулсан бол яана?! Бас л мэдээгүй гээд ангайгаад сууж байх уу?
Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Пүрэвжавын Батаа гэж нөхөр бий. 2017 оны 7 сард ТЕГ-ын дарга асан Б.Хурцын тушаалаар томилогдсон түүнийг албаа авснаас хойш Төрийн ордонд дан ганц архи дарс нэвтрээгүй бөгөөд М.Энхболдыг УИХ-ын дарга байхад түүний өрөөнд орж уулзсан жагсагчдын дотор шургалсан нэг нөхөр хутга авч ороод халдлага үйлдэхийг завдсан тохиолдол ч бий. Улс төр бужигнасан тухайн үед асуудал тэгэс гээд намжсан. Хэн ч хариуцлага хүлээгээгүй. Ямар ч дарга сахилга хариуцлагаа сайжруулсангүй. Өөрөөр хэлбэл, одоог хүртэл төрийн онцгой хамгаалалтанд байдаг гуравхан хүн буюу төрийн гурван өндөрлөгрүү хэн нэгэн жагсагч хутга барьж ороод халдлага үйлдэх боломжтой хэвээрээ…
2018 оны 8-р сарын дундуур ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга агсан Т.Гомбосүрэн ажлын байран дээрээ амь насаа алдсан ноцтой хэрэг гарсан. Тухайн үед ЗТХЯ-ны удирдлагууд хариуцлага хүлээж бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон боловч Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаа ямар ч хариуцлага хүлээгээгүй. Яам бол Төрийн ордонтой яг адилхан төрийн тусгай хамгаалалттай онцгой обьект. Тэнд согтуу хүмүүс хоорондоо зодолдож биесээ алах нь бүү хэл архи дарс нэвтрүүлэх ч хориотой!
Их тэнгэр цогцолборын зөөгчөөс ажлын гараагаа эхэлсэн П.Батаа нь албан тушаалаа урвуулан ашиглаж Их тэнгэр цогцолборынхоо засварын ажлыг тооцоо судалгаагүй, тушаал шийдвэргүйгээр өөрийн хамаарал бүхий Скудо Таур ХХК-д өгч, гүйцэтгэлийг хүлээн аваагүй байхдаа төлбөрийг нь шилжүүлдэг зэрэг ноцтой зөрчлүүдийг алба хаагчдаа шахаж шаардан хийлгэдэг талаар ажилтнууд нь дургүйцэн ярьж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлаа авснаасаа хойш л “хариуцлага тооцно” гэх сүржин мэдэгдлээ удаа дараа давтсаар ирсэн. Тэгсэн хэрнээ, яг яагаад өөрийнхөө хариуцсан Засгийн газрын “тусгай” агентлаг доторх сахилга хариуцлагыг сахиулахгүй байна вэ?! Ямар учраас Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаа гэх ажлаа хариуцаж мэддэггүй нөхрийг удаа дараа онц ноцтой алдаа дутагдал гаргаад байхад нь толгойг илж, цээжээрээ хамгаалаад байна вэ?
Хоёр жилийн өмнө П.Батаа нь Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч даргаар ажиллаж байхдаа цагдаа зодож танхайрсан асуудлаар шалгагдаж байсан ба албаны эх сурвалжийн мэдээлэлд “Энэ сарын 18-ны 01:42 цагт “Бааранд согтуу хүн агсам тавиад байна” гэсэн дуудлага ирсэн. Цагдаа нар очиж шалгахад Баянгол дүүргийн XIX хороонд суух Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга Пүрэвжавын Батаа, мөн тус газарт ахлах ажилтан Сүхбаатар дүүргийн I хороонд оршин суух Тойвонгийн Батбилэг нар согтуурсан үедээ бүлэглэн танхайрсан хэрэг гарсан.
Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасаг шалгаж байна. Мөрдөн байцаалт, гэрчүүдийн мэдүүлгээр Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга Пүрэвжавын Батаа, мөн тус газарт ахлах ажилтан Тойвонгийн Батбилэг нар согтуурсан үед олон нийтийн газарт танхайрсан. Мөн цагдаагийн ажилтны хууль ёсны шаардлага биелүүлээгүй. Төрийн тусгай хамгаалалтын газрын албаны /00-11 УНҮ/ автомашинаар цагдаа нарыг мөргөхийг завдан түрсэн.
П.Батаа нь цагдаа П.Эрдэнэцогтыг түлхэж унагаан цээжинд нь хоёр удаа, хэвлийн зүүн хэсэгт нь нэг удаа цохиж, ахлах ахлагч Б.Ганбаатарын дүрэмт хувцсыг урж, Б.Ганжаргалын гар утсыг шидэж эвдэн эрх чөлөөнд нь халдсан гэх үндэслэлээр шалгаж байна” гэж байсан ч ямар нэгэн хариуцлага хүлээлгүй Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга болж дэвшсэн нь түүний Ерөнхий сайдтай багын найз, Ерөнхийлөгчтэй гэр бүлийн найз хэмээн сайрхдагтай нь холбоотой байх.
www.eguur.mn