Улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж буй аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах ажлын хүрээнд техникийн хяналтын ээлжит үзлэгийг Автотээврийн үндэсний төвөөс зохион байгуулан ажиллаж байна.
Уг үзлэгт хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж буй 61 ААНБ-ын 728 тээврийн хэрэгслээс 488 тээврийн хэрэгсэл буюу 67% хамруулснаас 55 тээврийн хэрэгсэл тэнцээгүй аж.
Зам, тээврийн салбарын 2019-2020 оны “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах” ажлын хүрээнд Автотээврийн үндэсний төвөөс “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах” ажлын хэсэг байгуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 15 багц ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.
ЗТХЯ-ны дэд сайдын “Төлөвлөгөөт шалгалт хийх тухай” хяналт шалгалтын Удирдамжийн дагуу Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ байгуулсан Улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж буй нийт 61 аж ахуйн нэгж байгууллагаас 60 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулж байна.
Тус хяналт шалгалтаар Улаанбаатар хот болон орон нутгийн салбар төвүүдийн тоног төхөөрөмж, барилгын сантехник, дулаан, цахилгааны шугам, сүлжээний засвар, дулаалга, үйлчилгээг хийлгэж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангах, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажлын хүрээнд нийт 29 салбарыг хамруулаад байна. Тус үйлдвэрийн газраас улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж буй аж ахуйн нэгж байгууллагуудад жолооч нарыг өвлийн хувцсаар бүрэн хангасан, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд хийгдэх байгууллагын захирлын нэрэмжит шалгалтыг дотооддоо зохион байгуулсан, сэлбэг, тос тослох материалын нөөцийг тодорхой төвшинд бүрдүүлж, жолооч нарыг шугам замд заавал авч явах сэлбэгээр хангалт хийж өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах шаардлагыг тавьдаг.
Энэ хүрээнд улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж байгаа нийт гэрээт аж ахуйн нэгж, байгууллагуудын тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, тээвэрлэлтийн явцад зорчигч болон иргэдийн амь нас, эд хөрөнгийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор байршил тогтоох төхөөрөмжийн тусламжтайгаар 24 цагийн турш хяналт тавьж, шуурхай зохицуулалтаар ханган ажиллаж байна.
“Цаг уур, орчны шинжилгээний газар”-тай байгуулсан гэрээний дагуу “Автозамын дагуух цаг агаарын 4 хоногийн урьдчилсан мэдээ”-г долоо хоног бүрийн Даваа болон Баасан гарагуудад авч, Улаанбаатар хот дахь зорчигч үйлчилгээний төв, орон нутгийн автотээврийн төвүүд болон улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэн тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах талаар зааварчилгаа өгч болзошгүй саатал, зөрчлөөс урьдчилан сэргийлэхээс гадна цаг агаар хүндэрсэн үед хаагдаж, боогддог зам даваануудын судалгааг гаргаж “Онцгой байдлын ерөнхий газар”, ЗТХТөв, орон нутгийн АЗЗА-тай хамтран зорчих хэсгийн бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна.