УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа эрх баригч МАН Монгол Улсын Ерөнхий Сайдад Ж.Эрдэнэбатыг нэр дэвшүүлсэн нь улс төрийн хүрээнийхэн төдийгүй олны гайхшралыг төрүүлсэн явдал болж байлаа.
Учир нь Худалдаа Үйлдвэрлэлийн дээд сургууль төгссөн нягтлан мэргэжилтэй, УИХ-д 2012 онд сонгогдох хүртлээ зөвхөн Сэлэнгэ аймагт л ажилласан түүнийг ямар мэргэжил, боловсрол, чадвартай, нийгэмд ямар үзэл санаа илэрхийлсэн болоод юм уу? за ядаж л МАН гэх намынхаа өмнө ямар гавьяа байгуулсан болохоороо Монгол Улсын Ерөнхий Сайд болж буйг ойлгоход хэцүү байсан нь үнэн.
Улс төрийн хүрээнд түүнийг М.Энхболдын ээжийн талын хамаатан гэдэг яриа хүчтэй байдаг.
Үнэн худлыг нь нотолж чадахгүй ч үйл ажиллагааны хувьд бол тухайн үед УИХ-ын дарга, МАН-ын дарга байсан М.Энхболдын “гарын хүн” болох нь цаг хугацааны явцад харагдсан билээ.
Иймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн дараа түүний тэргүүлсэн Засгийн Газрыг огцруулсан нь нууц биш.
Монгол Улсын Ерөнхий Сайдаас огцорсноосоо хойш удтал чимээгүй байсан түүний тухай дуулиан саяхнаас хэвлэлийн хуудаснаас салахаа болилоо.
Тодруулбал Монгол Улсын Ерөнхий Сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Улаан сайр 2 гэх талбайг “Элбэг орд” ХХК-аас өөрийн эзэмшлийн“Хэрх-илч” ХХК-ийн нэр дээр худалдан авч, улмаар “Алтай Констрашкн” ХХК-ий Ерөнхий Захирал Х.Бат-Эрдэнэд ганцхан сая төгрөгөөг зарсан нь ил болж, улмаар тэрээр АТГ-т шалгагдаж эхэлсэн билээ.
Энэ бүхэнтэй зэрэгцэн түүний улс төрийн карьерт ч бэрхшээл учирч эхэлсэн аж.
Тодруулбал УИХ-ын 2020 оны сонгуульд тэрээр МАН-аас нэр дэвшиж чадах эсэх нь ихэд эргэлзээтэй болжээ. МАН-ын дээд удирдлагын түвшинд мэдээж түүнийг аль болох УИХ-д нэр дэвшүүлэхгүй байвал таалагдах нь гарцаагүй.
Түүнээс гадна Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны түвшинд ч “Ж.Эрдэнэбат энэ удаа өнжсөн нь дээр, Дуучин Г.Эрдэнэтунгалагтай хүртэл тааруулж өрсөлдсөн болгож хангалттай дэмжлээ, одоо хангалттай” гэсэн уур амьсгал хүчтэй байгаа аж. Түүний оронд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, “Сөүл” группийн Захирал Г.Өнөрболор нарын нэгийг УИХ-д нэр дэвшүүлэхийг дэмжих магадлал өндөр байгаа тухай эх сурвалжууд өгүүлж байна.
Нөгөөтэйгүүр АТГ-т шалгагдаж буй хүн УИХ-д нэр дэвших хууль эрх зүйн боломжгүй ажээ.
С.Сарнай
sonin.mn