“Монголын дүрс оношилгооны эмч нарын үндэсний чуулган-2019” энэ сарын 13, 14-ний өдрүүдэд болж байна. Энэ жилийн чуулга уулзалт “Дижитал шилжилт” нэртэйгээрээ явагдаж байгаагаараа ихээхэн онцлог юм. Энэхүү чуулганы үеэр Монголын дүрс оношилгооны эмч нарын 2019 оны конгресс президент Д.Бархүүтэй ярилцлаа.
Энэхүү чуулганы үеэр Монголын Радиологийн Үндэсний Чуулганы 2019 оны конгресс президент Д.Бархүүтэй ярилцлаа.
-Өнөөдрийн уулзалтын талаар?
-Өнөөдөр Монголын дүрс оношлогооны нийгэмлэгийн 24-р их хурал болж байна. Монголын бүх аймаг, орон нутгаас ирсэн нийтдээ 400 гаруй эмч, мэргэжилтэн, эмнэлгийн техникч нар оролцсон хурал болж байна. Энэ хурлаараа бид нар “Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал” гэж яригдаж байгаа үед манай салбарын хамт олон бэлэн үү, хэрхэн яаж бэлдэх үү, дотооддоо ямар стандартыг барих вэ гэдгийг хэлэлцсэн сайхан хурал болж байгаа. Энэхүү хурал нь жил бүр зохион байгууллагддаг. Өнөөдрийн уулзалтын хамгийн гол ач холбогдол нь “Дижитал шилжилт” юм.
-Та бүхэн энэхүү уулзалтынхаа үр дүнгээс юуг хүлээж байна?
-Энэ удаагийн уулзалт маань өмнөхөөсөө илүү эко орчинд болж байна. Тухайлбал, цаасан хэвлэлгүй, ном цаасгүй болж байгаа юм. Дижитал хэлбэрт бүрэн шилжсэн. Бүх дүрс оношлогооны эмч нар нэгдсэн нэг системд холбогдож чадаж байгаа юм. Ингэж холбогдсон системээрээ бид нар дотроо нарийн асуудлаа ярилцаж, шийдээд явах бүрэн бололцоог энэ хурал нээж өгч байгаа.
-Энэхүү системд нь улсын болон хувийн эмнэлгийн, хөдөө орон нутгийн эмч нар бүгд оролцож чадаж байгаа юу?
-Монголын бүх хувийн болон төрийн бүх эмнэлэг, анагаахын сургуулиудын эмч, техниологич, инженерүүд оролцсон хурал болж байгаа. Хурлаасаа гарсан бүхий л асуудлыг үр дүнд хүргэхийн төлөө хамтарч ажиллана.
-Нэн тулгамдаж байгаа асуудлынхаа талаар?
-Бидэнд нэн тулгамдаж байгаа асуудал бол монголын төр ба хувийн хэвшлийн түншлэл. Учир нь бодлого нь тогтворгүй. Үүнийг тогтвортой болгож, ойлгомжтой болгох асуудал л нэн тулгамдаж байна. Мөн нийгмийн даатгалын хөнгөлөлтөд өндөр өртөгтэй шинжилгээ орох уу, иргэдийн кармаанаас төлж байгаа мөнгийг хамгийн их нэмэгдүүлж байгаа нь манай салбарын тоног, төхөөрөмжүүд. Хувийн эмнэлгийн замбараагүй, бодлоггүй тэлэлт энэ бүгдийгээ дотооддоо ярилцаж цэгцлэе гээд хуралдаж байна даа. Энэ чиглэлийн бодлого, төлөвлөлт байхгүйн улмаас тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд эмнэлгүүд маш их мөнгө төлж байна. Тоног төхөөрөмжөө хэт их тэлж, олон төрлийн тоног төхөөрөмж суулгаж байгаа нь ирээдүйд манай улс сервис зардал дээр асар их мөнгө төлөх болно. Энэхүү уулзалтаас тодорхой үр дүн, шийдэлд хүрч чадна гэж бодож байна.
-Уулзалт хоёр өдөр үргэлжлэх юм байна. Өнөөдрийн хувьд олон илтгэл тавигдаж байгаа харагдлаа. Гадны орнуудаас уригдан ирсэн зочдоосоо танилцуулвал?
-Япон, Хятад, Тайван, Солонгос зэрэг орнуудын эрдэмтэд хүрэлцэн ирж оролцож байгаа. Дотоодын төлөөллүүд мөн гадны эрдэмтдийн илтгэл тавигдаж байгаа нь олзуурхууштай хэрэг болж байна.
-Өнөөдөр та ямар сэдвээр илтгэл тавив?
-Бид 24-р чуулга уулзалтаа дижитал шилжилт сэдвээр хийж байна. Энэ шилжилтэд манай салбарынхан бэлэн үү, дотооддоо болохгүй байгаа асуудлаа өөрийн илтгэлээрээ сөхөн асуудал хөндөн ярилаа.
-Таны илтгэлийг сонсож байхад та “Солонгын долоон өнгө” гэж ярьсан. Энэ талаараа уншигчдад сонирхуулвал?
-Монгол улс гуравхан сая иргэнтэй. Гэтэл манайх шиг оронд бол 2-3 төрлийн брэндийн аппарат байхад болох асуудал. Гэвч бид нар 7 түүнээс дээш төрлийн брэндийн аппарат орж ирж байна. Энэхүү брэнд болгоны ард хүн хүч, хөрөнгө яригддаг. Жишээлбэл, 10 томографикийн сервесийг хариуцахад тэрний зардал буурдаг. Харин гурав, дөрвөн аппаратны зардал өндөр байдаг. Ингээд ирэхээрээ иргэдийн нуруунд ачаалал ирж байгаа юм. Тийм учраас бид цөөхөн брэндийн чанартай тусламж үйлчилгээг хамгийн бага зардлаар хүргэх асуудлыг дэвшүүлж байгаа.
-Техник технологи нь хөгжихийн хэрээр эмч нар нь хариугаа сайн унших асуудал сөхөгдөх болсон. Энэ тал дээр монгол эмч нар хэр зөв, оновчтой уншиж чаддаг вэ?
-Энэ асуудлыг маш их ярьдаг. Хариуг манайхан дэлхийн түвшинд уншиж чаддаг болсон. Харин үүнийгээ иргэдэд зөв ойлгуулж, хүргэх тал дээрээ учир дутагдалтай байгаа. Тэрнээс нийгэмд яригддаг шиг аппаратныхаа оношийг уншиж чаддаггүй юм байна лээ гэдэг зүйл бол худлаа. Харин хөдөө орон нутгийн нарийн мэргэжлийн эмч нар дотроо олон салчихсан байдаг. Үүнийг хөдөөний эмч нар бичиж чадахгүй. Буруу хүлээлгэх хэрэггүй. Харин хотынхоо эмч нартай яаж, хэрхэн холбож ажиллах вэ гэдгээ ярилцсан. Аль хэдийнээ холбоод хувийн хэвшлийнхэн энэ үүргээ гүйцэтгээд эхэлчихсэн байгаа. Одоо гол нь стандарт, нэгдсэн зөв зохион байгуулалтад ороход л шийдэгдэх асуудал. Суурь нь хэдийнээ тавигдчихсан байгаа юм.
Сүүлийн 3-4 жилийн дотор эмч нар MRI хариугаа сайн уншдаг болсон.
-Улсын эмнэлэгт эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөө эдлэх гээд хэдэн сараар иргэд хүлээж байж MRI хийлгэж байна. Харин хувийн эмнэлэг дээр мөнгөтэй хүмүүс нь авахуулчихдаг гэдгийг бид бүхэн мэддэг. Гэтэл цаана нь нэн яаралтай MRI хийлгэх хэрэгтэй мөртлөө төлбөрийн чадваргүй хүн хаана, хандаж яаралтай хийлгэх ёстой вэ. Энэ асуудлыг та бүхэн ярилцаж байна уу?
-Монголд байгаа нийт аппаратуудын гуравны нэг нь улсынх. Гуравны хоёр нь хувийн хэвшилд байгаа. Тэгэхээр улсын эмнэлэгт байгаа аппаратаар үйлчлүүлэгчид даатгалаас мөнгө авдаг. Хүн мэдээж үнэгүй учраас тэнд үзүүлэх гээд оочер дараалал үүсгэчихэж байгаа юм. Гэтэл хувийн хэвшлийн нэг ч эмнэлэг даатгалаас мөнгө авдаггүй. Үүнийг авна гэвэл нийгмийн даатгал нь ачааллаа дийлэхгүй. Энэ асуудлыг гадны өндөр хөгжилтэй оронд нэн яаралтай амь насанд заналхийлсэн эмчилгээг хувийн эмнэлэгт даатгалаараа хийлгэдэг. Энэ тогтолцоог нэвтрүүлчихвэл асуудал шийдэгдэх боломж бий. Тухайлбал, Солонгос улсад тархины MRI-г бүх иргэд нь аль ч хувийн эмнэлэгт даатгалаар хийдэг. Яагаад гэвэл хүн гэнэтхэн тархиндаа цус харваж болно. Улсын эмнэлэг оочерловол цаг хугацаа хүрэлцэхгүй. Тиймээс гэрийнхээ ойрхон байгаа эмнэлэгт MRI-ээр онош тодорхой болгоно. Хэдий чинээ хурдан оношлогдон төдий чинээ үр дүнтэй.
Монгол улсад үүнийг зохицуулах боломж бололцоо нь бий. Энэ бүгдийг бид ярина.
-Одоогийн байдлаар манай улсад нэвтэрсэн техник технологийн дэвшил нь ямар түвшинд явагдаж байна?
-Монгол хангалттай MRI-тай болчихсон. Хөдөө орон нутагт ганцхан бий. MRI өөрөө өндөр технологи шаарддаг. Дэлхийн түвшний бүх аппарат монголд суугдчихсан. Ямар ч асуудалгүй.
-Монголд нэвтэрсэн бүх MRI нэг хариу өгнө гэдэгт та итгэлтэй байна гэсэн үг үү?
-Бидний энэ удаагийн уулзалтын бас нэгэн чухал асуудал. Тухайн өвчтөнд хүндрэл учруулахгүй, иргэдийн төлж байгаа кармаанаас гарч байгаа мөнгийг нөгөө эмнэлэгт очихоор нь буруу байна дахиж манайх өөрсдөө авна гэдэг асуудлыг байхгүй болгохын тулд аппарат, эмч нартаа стандарт тавья гэдгийг энэ хурлаараа шийдэж байгаа ач холбогдолтой хурал болж байна.
-Төр засгаас ямар нэгэн оролцоог хүлээж байна уу?
-Эрүүл мэндийн яамны бодлогын хүмүүс хуралд сууж байгаа. Маргааш бид нар нээлттэй хэлэлцүүлэг явуулна. Өөрсдийн санал хүсэлтээ бодлого явуулж байгаа яам руугаа явуулж харилцан уялдаа холбоотой энэ асуудлыг шийдэх бүрэн бололцоотой.