Энэ жил Манай Улсын түүхэнд магадгүй маш онцгой гэж хэлж болох нэгэн салбарын тэмдэглэлт ЖАРАН-ны ой тохиож буйг тэр бүрий анзаарах хүмүүн цөөн мэт санагдахын улмаас үзэг, цаас нийлүүлюү гэж зоригловой. Учир юу гэвээс энэ салбарыг хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг гэдгээ хаана ч бардам хэлж чадах билээ. Тэгэхээр би бичиж, тэмдэглэж, сануулж, бас дурсахгүй юм бол өөр хэн гэж?
Өгүүлэх нь: 1959 оны есдүгээр сарын 9-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл нэгэн чухал тогтоол гаргасан байдаг юм. “Нийслэлийг дулаацуулах байгуулалтыг хүлээн авахтай холбоотой зарим арга хэмжээний тухай” хэмээх энэ тогтоол бол Монгол хүний, тэр тусмаа нийслэлчүүдийн тав, тухтай амьдрах нөхцөлийг шийдсэн түүхэн цаг бөлгөө. Өөрөөр хэлбэл Монгол Улсад хүн ам шигүү төвлөрсөн хот суурин амьдралыг цогцлоох үндсэн суурь болсон Төвлөрсөн дулаан хангамж хэмээх цоо шинэ салбар энэ мөчөөс үүсч, бий болсон юм.
Монголчууд асар тав, тухыг эрхэмлэдэг үндэстэн. Тийм болохоор миний тэрлэж буй энэ бичиглэл Монгол Улсын гол зүрх Улаанбаатар хотын минь тав тухтай, сэтгэл тэнүүн ЖАРАН жилийн амьдралын тухай сэдэвтэй холбогдох юм. “Дулаан явбал, мянган лан “ гэдэг үгийг амьдралд нотлож, ард түмнээ, нийслэлчүүдээ дулаан байлгахын төлөө хил манасан цэрэг, хүний амь нас, эрүүл мэнд, амар амгаланг батлан сахисан эмч, цагдаа лугаа адилөндөр хариуцлага хүлээж, амсхийх завгүй зүтгэсэн Улаанбаатар дулааны шугам сүлжээний хамт олны ажил хөдөлмөрийн онцгой, чухлыг энгийн иргэд, басхүү холбогдох эрх мэдэл бүхий хүмүүст бага ч болов ойлгуулж, хүргэх нь зөв байх гэж бодлоо.
Өнөөдөр нийслэл хот маань өдрөөс өдөрт өнгө засаж, өргөжин тэлж, өндөр өндөр байшин барилга, хороолол, үйлдвэр аж ахуйн газрууд баригдаж, хүн ам нэмэгдсээр л байна. Энэ бүхнийг харах бүрий бахархах сэтгэл эрхгүй төрдөг. Үнэхээр сайхан. Гэхдээ хүн бүхний нүдэн дээр ил энэхүү гайхамшиг газар дор бүтээн байгуулагдаж, хөгжиж сүндэрлэж байдаг гэдгийг мэддэг хүн хэр олон билээ дээ. Нүдээрээ хүн бүр харж чадахгүй ч, сэтгэл зүрх, бодол санаандаа төсөөлж чадах газрын доорх “хот” –ыг бүтээгчид нэгэн ЖАРАН-г тууллаа. Улаанбаатар хотоо хүнээр зүйрлэвэл, цахилгаан станцын үйлдвэрлэсэн дулааныг нийслэлийн бүхий л эд , эсүүдэд дамжуулан түгээж байдаг зүрх , судасны систем нь газар доорх тэр нүсэр байгууламж байж таарна. Нийслэлийг дулаангүйгээр төсөөлөх зүрхтэн гэж үгүй. Гэхдээ дулаангүй болох аюул ямагт бий. Иймээс л монгол хүнийг хэдийд ч аюулд оруулахгүйн тулд, аз жаргалтай, тав тухтай, халуун дулаан байлгахын тулд 365 км урт , яг аалзны тор шиг адармаатай сүлжээ бүхий системийг ямагт анхаарч, тордож, тэтгэж, тэлж, хөгжүүлж, шинэчилж байх шаардлагатай байдаг юм. Тэрхүү урт хоолойгоор цельсийн 135 градустай халуун уурыг нийслэлийн энхэл донхол, уруу өгсүүр, нугачаа болгоныг давж, үл саатаж, яг хүний цусны даралт шиг хэвийнээр, ихэсгэж, багасгахгүйгээр бүхий л цэгүүдэд тогтмол хүргэнэ гэдэг баргийн бэрхшээлтэй зүйрлэж боломгүй, инженерийн маш нарийн тооцоолол шаардсан, төвөгтэй үйл ажиллагаа байдаг юм. Энэ бүхнийг тооцоолж, удирдаж, тохируулж ажилладаг хүмүүсийг Улаанбаатар хэмээх том “хүн”-ий зүрх, судасны системийг хариуцсан эмч, эмнэлэгийн ажилтнууд гэж тодорхойлбол жинхэнэ оносон зүйрлэл болно. Маш ярвигтай, нарийн ажиллагаа, тохируулгатай, хүний мэдлэг мэргэжил, дадал туршлагаас үр дүн нь шууд шалтгаалдаг, өөрөөр хэлбэл дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэгдэх бидний Улаанбаатар хотоо ямар ч үед хөлдөөчихгүй, дулаан байлгах ажил эрхэлж, хариуцлага хүлээдэг хамт олон гэдгийг тодотгомоор байна.
Өгүүлэх нь: Улаанбаатар хотод 200 гаруй уурын зуух олон орон сууцны хорооллыг галлаж халаадаг байсан гэдгийг одоо сонсоход итгээмээргүй санагдаж магад. Үнэхээр л тийм байсан юм. Хотын иргэд даарч, зутарч өвөлждөг байсан нь нийслэлийн удирдлагуудын толгойны өвчин болсон гол асуудал болж байлаа. Нүүрс түлдэг тэдгээр уурын зуухнуудыг халж, хотыг төвлөрсөн халаалттай болгоно гэдэг нийслэлийн төдийгүй, Монголын түүхэн дэх том бүтээн байгуулалт болсон юм. Миний ажил амьдралын гараа энэ цаг үетэй давхацжээ. 1983 онд Политехникийн их сургуулийг дулааны инженер мэргэжлээр төгсч, Улаанбаатар хотын Дулааны шугам сүлжээний газарт томилогдож ирээд, инженерээс эхлээд байгууллагаа удирдах хүртэл даруй 36 жил ажилласан байх юм. Энэ хугацаанд 1985 онд 16-р хороолол, Цэргийн дээд сургуулийн орчимд тооцоо, судалгааг хийж, тэр хавийн уурын зуухнуудыг зогсоож төвийн системтэй холболоо. 1990 онуудад Төмөр замын хорооллын бүх уурын зуухыг, 2003 онд Ханын материалын төвлөрсөн зуухыг, мөн Их Тэнгэр цогцолбор, 2009 онд “Дэнжийн-1000”, Цэргийн хотхоны уурын зуухуудыг бүрэн зогсоож, төвийн сүлжээнд холбох ажлуудыг дуусгалаа. 2011 онд Цагдаагийн академи, 2016 онд Яармагийн хүүхдийн эмнэлэг, цэцэрлэг, сургуулиудыг, 2017 онд Цайз зах, Их засаг сургууль орчмын уурын зуухнуудыг, 2018 онд Баянхошуу орчмыг төвлөрсөн дулаанд холбох ажлуудын тооцоо судалгаа, техникийн шийдлийг инженерүүдтэйгээ хамтран боловсруулж хийж, гардан ажиллаж, удирдан зохион байгуулжээ.
Мөн хотын дулаан хангамжийн системийг 2004 онд АХБ-ны зээлээр, Дани улсын орчин үеийн тоног төхөөрөмжөөр бид шинэчилж автомат горимд оруулсан явдал бол энэ ЖАРАН-нд гарсан нэгэн том техник технологийн дэвшил өөрчлөлт юм. Яагаад гэвэл, өмнө нь дулаан түгээх автомат тохируулгагүй, бүх хэрэглэгчдэд жил бүр 5000 төмөр нүхэлж тавиад түүнийхээ хэмжээгээр дулаан түгээдэг байсан гэвэл зүүд зэрэглээ шиг сонсогдох байх. Ийм байхад байр орон сууц нэг бол хэт халдаг, эс бөгөөс хөрж хүйтэн болдог байсныг Улаанбаатарчууд санаж буй нь лавтай. Өнөөдрийн нэгэн жигд автомат түгээлтийн тав тухад нэгэнт дассан иргэд тэр үеийг төсөөлөхөд бэрх байх нь аргагүй ээ.Энэ бүх шинэчлэл, өөрчлөлтүүд миний бахархал юм . Хийсэн бүтээснээрээ бахархах нь хэнд ч зүй ёсны хэрэг буюу.
Идэр есийн хүйтэн ид тачигнаж байхад дотуур өмд, дан майктай монгол хүн халуун дулаан пүн хийх орон байрныхаа цонхоор гадаах өвлийн жавар, цанг үл мэдрэн харж зогсохдоо ЖАРГАЛТАЙ байдаг гэдэгт хүн бүр санал нийлэх байх, нийслэл Улаанбаатар хотод оршин амьдарч буй сая хол гарсан нийслэлчүүддээ ЖАРГАЛ БЭЛЭГЛЭЖ ирсэн хамт олноороо омогшиж хайрлан бахархахаас аргагүй болдог юм.
Л.Дашзэвэг, Б.Жигжид, Ш.Баасанжав, Р.Аюурсэд, Р.Хайдав гээд салбар, хамт олноо сайн мэддэг, чадварлаг, оюунлаг дарга нарын удирдлага, үе үеийн ахмадууд, ажил мэрэгжилдээ жинхэнэ эзэн болсон хамт олон, мэдлэгтэй инженер, техникийн ажилтнууд, гайхамшигтай ур чадвартай алтан гартай слесариудын нуруун дээр Улаанбаатар хэмээх том айлын дулаан, тав тухтай тохилог амьдралыг батлан сахисан байгууллага маань оршин тогтнож, ажил үүргээ нэр төртэй гүйцэтгэн нэгэн ЖАРАН-г тууллаа.
Эх газрын эрс тэс уур амьсгалтай, хахир хүйтэн цаг агаартай манай орны тухайд тэр тусмаа нийслэл хотын маань хувьд өнгөрсөн 60 жилд юу эстэй тулгарч хот хөлдөх шахаж байсан түгшүүртэй өдрүүд, хүнд цаг үеийг давсанаа хэрхэн мартах билээ.
1980-д оны үед ТЭЦ-3, 1990-д оны сүүлчээр ТЭЦ-4-т зуух тоног төхөөрөмжүүд нь ихээхэн доголдож хэрэглэгчид ихээхэн бухимддаг байсан. Гэхдээ ДЦСтанцын ажилсаг хамт олон өвлийн их ачааллыг амжилттай давж Нийслэлээ хавартай золгуулдаг байсан. Газар доорхи 300 гаруй хос.км шугам сүлжээ байсхийгээд хагарч, хот хөлдөх аюулд орж байхад Дулааны шугам сүлжээний ажил мэргэжилдээ үнэхээр эзэн болсон алтан гартай слесариуд, ИТА-ны хүчээрхотоо зутраалгүйгээр олон өвлийн бэрхшээлийг даваад гарсан гавьяатай юм. 2000 оны эхээр орон сууцны томоохон хорооллуудын тухайлбал I,III,IV,VI,X,XI,XII,XIII,XIV,ХV хорооллуудын дотор систем ээлж дараалан бөглөрч, халаалтын системүүд дээр ихээхэн доголдол гарч айлын өрөөнүүд алаг цоог халж ихээхэн бухимддаг байсан. Тэр бөглөрсөн трубаг өвлийн хүйтэнд тайрч, дахин угсарна гэдэг мөн л жирийн хүнд төсөөлшгүй хүнд, жинхэнэ нарийн мэрэгшсэн, жинхэнэ өндөр зэрэглэлийн слесариуд л бардаг ажил байлаа. Тиймээс би тухайн үеийн Орон сууцны конторын ажилчдыг бишрэхгүй байхын аргагүйг онцлон хэлмээр байна.
Тэр үеийн Дулааны цахилгаан станц, Дулааны шугам сүлжээ, Орон сууцны конторын ажилчид гавьяа шагнал, сайшаал магтаал гэхээсээ илүү хатуу өндөр шаардлага, хариуцлагын дор өгсөн үүрэг даалгаврыг чин сэтгэлээсээ өндөр чанартай хийж гүйцэтгэж байсан ажилчид, инженерүүдийн хүчинд НийслэлээЖАРАН-д зутраалгүй авч гарсан бахархалт түүх бидэнд бий.
Эцэст нь өгүүлэхэд өнгөрч буй жаранд төвлөрсөн дулаан хангамжийн системийг байгуулж чадсанаар өнөөгийн Улаанбаатар бий болсон юм шүү гэдгийг бахархалтайгаар хэлэх байна.
Хот хөгжих үндэсийн үндэс болсон газар доорхи “хот” маань хэцүүдэх аваас хотын амьдрал зутарч бүхэлдээ хэцүүдэнэ гэсэн үг. Хэрвээ бид хөгжлийг зорьж байгаа юм бол нэн даруй дулааныхаа шугам сүлжээг хамгийн түрүүнд эрс шинэчлэх хэрэгтэй, тухайлбал 1978 онд баригдсан III цахилгаан станцын хүчин чадалд тохируулж, хуучин ЗХУ-н зураг төслөөр хийсэн дулааны гол шугамуудыг маш сайн тооцоолсон зураг төслөөр яаралтай шинэчилж тухайлбал, 5А магистралийн 800 мм-ийн голчтой шугамыг 1000 мм болгох, IV цахилгаан станцын дулааны гол шугамыг 1400 ммболгох шаардлага тулаад ирлээ. Мөн Нийслэлээ утааны хөнөөлөөс салгаж, тав тухтай, эрүүл амьдрахын тулд гэр хорооллыг барилгажуулах нь хамгийн зөв шийдэл юм. Иймд хотын хамгийн их гэр хороолол бүхий хойд хэсгүүдэд нүүрс түлдэггүй, байгалийн хий, шахмал түлш, био түлш ашигладаг, орчин үеийн бага оврын дулааны эх үүсвэрүүдийг байгуулах хэрэгтэй.
Амгалангийн дулааны станцаас 1000 мм-ийн голчтой дулааны шугам татаж, Сэлбэ, Цагаан даваа орчмыг төвлөрсөн дулаанд холбож орчин үеийн хот болгох хэрэгтэй. 1980, 1990-ээд оны угсармал барилгуудын ханыг дулаалж, тоолууржуулах гээд нэн даруй хийх ажил мөн ч их байна даа. Шинэчлэлийг хийх хөрөнгө мөнгийг гадаадын хандивлагч, хөрөнгө оруулагч улс орнууд, Дэлхийн банк, ЕСБХ банкнаас гээд санхүүжилт хийх боломж бүрээс хайх хэрэгтэй. Энэ бүхнийг хийж чадвал жаранд зутраагүй ирсэн нийслэл маань цаашид ч зутрахгүй байх билээ.
Монголын дулаан хангамжийн холбооны тэргүүн, Монгол Улсын Төрийн
соёрхолт, Техникийн ухааны доктор Д.Бямба-Очир