XААИС-ийн харьяа МААЭШХ /Мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэн/ -ийн нэр дээр бүртгэлтэй 3303 УБВ дугаартай автомашиныг амин хувьдаа ашигласан баримт нь дэлгэгдээд буй Т.Батсүхийг ажлаас нь чөлөөлсөн гэв.
Үйл явдлыг zarig.mn шууд сурвалжилж, үзэгчдэд хүргэсэн. Тус хүрээлэнгийн захирлаар ажилладаг Т.Батсүх нь, өөрийн хүүдээ дээрх албаны машиныг дур мэдэн унуулсан. Хүү Б.Батсайхан найзуудын хамт албаны машинаар Өвөрхангай аймагт зугаалж буй бичлэг нь цахим орчинд цацагдаад байсан юм.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, “Машиныг хүүхэд нь унасан уу, ажилчид унасан уу, нарийн тогтоогоогүй байна” гэх тайлбарыг уг асуудал дээр хийгээд буй. Харин өнөө өглөө МААЭШХ-ийн захирал Т.Батсүхийг ажлаас нь чөлөөлсөн гэлээ.