Comment.mn

Усанд автсан “Эко констракшн” ХХК-ийн барьж буй барилгыг зогсоосон ч…

“Эко констракшн” ХХК-ийн барьж буй “King Tower-2” дээд зэрэглэлийн тансаг орон сууцны  4 блок  16 давхар барилга Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа. Харин хэд хоног үргэлжлэн орсон борооны улмаас тус барилгын суурь болон зоорийн давхар бүхэлдээ усанд автсан байдалтай байгаа бөгөөд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас барилгын ажлыг нь зогсоожээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ц.Алтансүх: НМХГ-аас 2019 оны 6 дугаар сар 03-ны өдөр шалгалт хийгдсэн. Мөн 2019 оны 8 дугаар сар 06-ны өдөр дахин шалгалт хийгээд хур бороо орсны улмаас хөрсний усны түвшин өндөрсөж, суурийн нүхэнд хөрсний болон гадаргууны ус хуримтлагдсан тул яаралтай арга хэмжээ авч барилгын ажлаа зогсоо гэсэн шаардлага тавьсан. 2019 оны 8 дугаар сар 09-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн.

Мэдэгдлийн дагуу бид  2019 оны 8 дугаар сар 09-ны өглөө очиж албан ёсоор ажлыг нь зогсоосон. Ингэхдээ байгалийн үзэгдэл, болзошгүй эрсдэлээс сэргийлж хөдөлмөрийн болон  техникийн аюулгүй байдлыг бүрэн хангуулж, хөрсний усыг соруулахаар болсон. Энэ асуудлаа шийдээд мэргэжлийн хяналтын байгууллагад дахин шалгуулаад, усанд автсан  нь суурийн чанарт нөлөөлөх эсэхийг мэргэжлийн байгууллагуудаар судалгаа шинжилгээг гаргуулаад цаашид арчилгааны ямар арга хэмжээн зонхилж авах шаардлагатайг бэлдэж, шалгуулаад ажлаа үргэлжлүүлж болно.” Гэв.

НМХГ-аас 2019 оны 06-р сард “Эко констракшн” ХХК-ийн барьж буй энэ барилгад хяналт тавьж, зөрчил гаргасан тул 3 000 000 төгрөгөөр торгож байсан юм. Энэ удаад үйл ажиллагааг нь зогсоолоо. Өөрөөр хэлбэл НМХГ-аас аливаа эрсдэлээс сэргийлж  асуудлаас урьдчилан сэргийлж байгаа нь энэ.

Үүгээр ч зогсохгүй  тус барилга баригдахгүй байх үндэслэлтэй аж. Тодруулбал, Туул голын орчим, цэвэр усны эх үүсвэрт барилга барьж болохгүй. Барьсан бол чөлөөлөх ёстой гэдгийг Туул голын сав газрын захиргааны дарга Я.Болдбаатар хэлж байсан.

Нийслэлийн цэвэр усын эх үүсвэр болон Туул голын эргээс нэг км орчим талбайд баригдаж буй “King Tower-2” хэсгийн хөрсний ус ихээр гардаг болохоор бороо орвол зоорийн давхар дахин усанд автахгүй гэх баталгаа байхгүй юм. Өөрөөр хэлбэл энэхүү барилга баригдаад бороо ус ихтэй жил зоорийн давхар ийнхүү усанд автаж иргэд эд хөрөнгө, цаашлаад аюулгүй байдлын горим алдагдсанаас амь насаараа хохирох эрсдэл байгааг сэрэмжлүүлж байна.

Бид дараагийн хэсэгт “King Tower” ямар асуудалтай болохыг хүргэх болно. 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.