Comment.mn

Монголд УИХ-ын 76 гишүүн байгаа нь бусад улстай харьцуулахад ихдэж байна

УИХ-ын гишүүдийн тооны зохист хэмжээний асуудал

Бүх иргэдийн социаль харилцааны цогцос бол нийгэм мөн гэж тодорхой утгаар үзэх аваас тэдгээрийн (иргэдийн) нийгмийн шинж, байдлыг үл алдагдуулан хумьж, төвлөрүүлж, зангидаж буй мэтээр хэмжээг нь олон зуу, мянга дахин багасгаж, агшааж байж тэднээс (иргэдээс) төр, засгийн газрыг байгуулдаг гэж дүрслэн хэлж болох юм. Тэгэхлээр төр, засгийн газар бол ард түмэн, нийгмийг төлөөлж, тэднээс эрх ба хүч авч, эдийн засгийн хувьд тэднээр тэтгүүлж байж үйл ажиллагаагаа өрнүүлдэг удирдан зохион байгуулагч хүч, үндсэн хуулийн дагуу буй болгосон төрийн тогтолцоо мөн юм. Тухайлбал Парламентын гишүүд ард түмнийг, сонгогчдоо төлөөлдөг. Гэвч нэг гишүүн нь хэдэн иргэн, хэдэн сонгогчдыг төлөөлж байвал хамгиийн оновчтой вэ? Энэхүү оновчтой хэмжээний их, бага байхад нь юу юу нөлөөлдөг юм бэ? Тухайн улсын газар нутгийн том, бага, хүн амын олон, цөөн, нүүдэл, суурьшлын байдал, хүн амын нягтралын хэмжээ, сонгогчдын боловсролын түвшин, тэдний улс төрийн идэвхи, сонгогчдын насны бүтэц зэрэг нь эл оновчтой хэмжээнд тус тус хэрхэн нөлөөлдөг юм бэ? Мэдээлэл сайтай, өндөр боловсролтой иргэдийг цөөн хүн төлөөлж болох биш үү? Угаас дуулгавартай, номой, бага боловсролтой, мэдээлэл багатай, бүдүүлэгдүү сонгогчдыг мөн л ганц, хоёр хүн ор нэр төдий төлөөлж байж бас болох биш үү? Асуудлын нөгөө талыг авч үзье. Өндөр боловсрол, өргөн цар хүрээний мэдлэг, мэдээлэл бүхий, маш идэвхитэй, санаачлагатай гишүүн (сонгогдогч) хэдэн ч зуун мянган сонгогчийг төлөөлж чадах биш үү? Эсвээс боловсрол, мэдлэг, мэдээлэл, идэвхи, санаачилгаар сул, дорой гишүүд олонтой парламент аль болохоор том л байвал үнэнд ойролцоо шийдвэр гаргах бус уу? Энэчлэн, хэдэн арван янзын асуулт тавьж болох юм.

Өмнө дурдсан, асууснаас огт өөр зарчим, хүчин зүйлүүд энд чухалчлагддаг байж бас болно. Жишээ нь татвар төлөгчид нь тэжээж чадаж л байгаа юм бол төрийн хэмжээ хичнээн ч том байж бас болох талтай. Ингэхлээр баян, чинээлэг улс оронд төв төрийн хэмжээний асуудал лав л эдийн засгийн талаасаа босож ирэхгүй байж болох юм. Дуртай хүмүүс нь дуртай үедээ, дуртай тоогоороо сонгогдоод парламентын танхимд сууж, хууль батлалцаж л байг. Тэднийг цөөн, олон, яг таарч тохирсон хэмжээтэй гэж ангилах, судлах нь илүүц гэж бодож болох л доо…

Ер нь юуг юутай уялдуулж, юуг юутай холбож, шүтэлцүүлж байж парламентын хэмжээг, түүний гишүүдийн тооны нэн оновчтой хэмжээг тогтоодог юм бэ? Парламентын хэмжээнд боломжит дээд хэмжээ (максимум), боломжит доод хэмжээ (минимум), яг таарсан хэмжээ (оптимал) гэж бий юу?

Парламентын гишүүн хүн сонгогчдынхоо чухам юуг төлөөлдөг юм бэ? Улс төр, эдийн засгийн тодорхой үзэл, баримтлалыг уу, эсвээс асуудал нэг бүрээр сонгогчдынхоо олонхийн ашиг, сонирхлыг төлөөлдөг үү?

Аль ямар оронд парламентын нэг гишүүн хэд хичнээн тооны сонгогчийг төлөөлөх бодит бололцоо, эрхтэй байдаг юм бэ? Ер нь төлөөлж чадах бодит боломж, түүнд суурилсан төлөөлөх бодит эрх гэж бий юу? Хэтэрхий олныг төлөөлсөн (сонгогчид 100% санал өгсөн) гишүүний эрх нь их, түүнээс хэд дахин цөөн сонгогчийг төлөөлсөн (сонгогчдын 20-30 хувийн санал авсан) гишүүний эрх нь бага байж болох уу?

Прагматик байр, сууринаас хандвал “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж” төрийнхөө хэмжээ, парламентын тоог тогтоох нь хамгийн дөт зам, зөв арга байж ч болох талтай.

Олон улсын практикаас харахад улс, үндэстэн, ард түмнээ ердөө ганц иргэн нь төлөөлөх нь бий, цөөн хэдэн хүн төлөөлөх нь ч бий, хэдэн арван хүн төлөөлөх нь ч бий. Ерөнхийдөө бол төлөөлөгчдийн тоо олон байснаар заавал зөв шийдвэрт хүрдэг биш. Цөөн байснаар заавал буруу шийдвэр гаргаж, алдаа хийдэг биш билээ. Хэдэн мянгуулаа зөвлөлдөөд, хуралдаад буруу шийдвэр гаргасан тохиолдол олон. Хэд гурвуулахнаа хуралдсан хэрнээ алдаа ер гаргаагүй нь бас олон. Иймээс зарим орон зөвхөн тэжээж чадах, цалинжуулж чадах тооны хүнийг л төв төрдөө сонгон ажиллууж иржээ.

Ихэнх орны жишгээс харахад парламентын гишүүдийн тоо цөөн болох тусмаа тэдний шигшигдэх, шилэгдэх магадлал өндөр болж чанарждаг байна. Шилдгүүдээс нь шилсэн гэдэг утгаар парламентын гишүүдийн тоо цөөрөх хэрээр түүний чанар дээшилдэг ажээ. Бүр анхнаасаа л нам бүр шилдгийн шилдэг гэсэн цөөн хэдэн хүний (25 эсвэл 27 хүний гэе) нэрийг шигшин байж дэвшүүлэх аваас төгс сайн бэлтгэгдээгүй, бүтээл болон улс төрийн ажлын практикгүй, хэрэг дээрээ тохиолдлын шахуу хүний нэр дэвшигддэггүй байна.

Нэр нөлөө бүхий том намын нэрээр нэр дэвшээд худал амлалт, хуурамч сурталчилгаа, хээл хахууль, заль мэхний ачаар сонгогдчих магадал ч эрс багасдаг. 76 хүний тоонд яаж ийж байгаад багтчихаж чадах байсан хүн ч гэсэн шилдгийн шилдэг гэгдэх 25-27 хүний тоонд багтах ч, багтаах ч боломжгүй юм. Уг хүн өөрөө ч гэсэн зүтгэж зүрхлэхгүй нь тодорхой билээ. Аливаа зүйлд хэр хэмжээ гэж байдгийг ямар тэнэг хүн ч гэсэн мэддэг, мэдэрдэг байна.

Амьдралаас харахад олон гишүүнтэй парламентын баталсан хууль нэр хүнд ихтэй, чанар сайтай байдаггүй. Тэрчлэн цөөн гишүүнтэй парламентын баталсан хууль нэр муутай, чанаргүй байдаггүй. Ард түмэн адилхан л хүлээж авдаг, сахидаг. Манай орны саяхны жишээ гэхэд л Улсын Бага Хурал 50 гишүүнтэй ажиллаж хууль баталж л байсан. Ард түмэн хүлээн авч биелүүлж л байсан. Дараа нь эл тоог 50 гаруй хувиар өсгөж 76 гишүүнтэй УИХ байгуулагдаад хууль баталж эхлэхэд өмнөх байдал янзаараа л үргэлжилсэн. Хэрэв 1992 онд Улсын их Хурлын гишүүдийн тоог мөн л 50 орчим хувиар цөөлж 25 болгочихсон бол одоо УИХ хийдгээ хийгээд л, ард түмэн баталсан хуулиудыг нь сахиж биелүүлсээр л байх байсан нь тодорхой билээ…

1991-1992 онд УИХ-ын гишүүдийн тоог 76 байхаар тогтоосон нь Нэгдүгээрт:Өмнөх Ардын их хурлын хуучны инерци хүч, нөлөөлсөн (АИХ-ын депутатуудын тоо 430-д хүрсэн байв), Хоёрдугаарт: Хөрш хоёр их гүрний төрийн бодлого, шийдвэрийн их дарамтыг сөрөн зогсож чадахуйцаар олон тоо, толгойг буй болгох гэсэн “олны хүчинд шүтэх” туйлширсан сэтгэлзүй нөлөөлсөн, Гуравдугаарт: тэр үед гэнэтхэн шахам буй болсон улс төрийн тогтворгүй байдлаас айх, бэргэх, хань татах гэсэн үл хазаарлагдах хүслэн, психоз 76 гэсэн их тоо руу түлхсэн, Дөрөвдүгээрт: УИХ-ын гишүүний тооны асуудлыг шинжлэх ухааны үүднээс авч үзэж, хянаж, оптимальчлан тогтоох хэмжээний холын хараа, улс төрийн соёл Улсын Бага Хуралд ч, Ардын Их Хуралд ч байгаагүйтэй холбоотой юм.

УИХ 76 гишүүнтэй байх, 67 хувиас доошгүй ирцтэй байж чуулах, үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бол бүх гишүүний 75 хувиас доошгүйн саналаар батлах гэх мэтийн их тоонууд нь бүгд л шинэчлэл, өөрчлөлтөөс, хөдлөнгө, динамик байдлаас айсан, бэргэсэн, ганцхүү олонхийн хүчинд дулдуйдах гэсэн туйлшрал, психозын нөлөө, үр дагавар байлаа.

1990-1992 оны үеийн улс төрийн сэтгэлзүй нь аливаад зөвхөн олонхийн саналд, массад шүтэх, жагсаал, цуглаанаар хүч түрэх шинжтэй психозыг буй болгосон нь ийм үр дагаврыг үүджээ. Тиймээс улс төрийн шинэ үзэл, ухамсрын оновчтой нөлөө, ухаалаг зохицуулалтын зэрэгцээ улс төрийн шинэ сэтгэлзүйн урсгал, таагүй нөлөө, хүчээр зарим асуудал шийдэгдэх буюу шийдэгдэхэд хүрсээр байсан болно. Тэрчлэн дан ганц идэвхтэй тэмцэгчдийн хүчээр биш харин дэмжигч, талархагч массын түрэлтээр, дотоод тохироо, нөхцлийн хүчээр биш гадаад тохироо, нөхцөл, гадаад жишээ, үйлдлийн аясаар олон зүйл шийдэгдэхэд хүрч байлаа. Иймэрхүү өвөрмөц сэтгэлзүй, психоз нь хуучин нам, төрийн зүтгэлтнүүдийг мохоож, дарамталж, шинэ нам, хүчнийхнийг зоригжуулж, түлхэж байсан юм.

Монгол оронд парламентын гишүүний тоо 76 байгаа нь бусад улсын жишээ, туршлагаас үзэхүл илт олон болохыг бид дараах харьцуулалтаас харж болох байна. 

Австрали улс 18,3 сая хүн амтай. Төрийн тэргүүн нь Их Британийн хатан хаан. Парламент нь 2 танхимтай. Дээд танхим нь 76, төлөөлөгчдийн танхим нь 148 депутаттай. 2 танхим нийлээд 224 гишүүнтэй. Австрали улсын жишгээр Монголын парламент 28 гишүүнтэй байх, харин Монголын жишгээр бол Австрали улс 604 гишүүнтэй байхаар  байна.

АНУ 270 сая хүнтэй. Парламентын дээд танхим (сенат) 100, доод танхим (төлөөлөгчдийн) 435 гишүүнтэй. Нийлээд 535 депутат, АНУ-ын жишгээр бол Монголын парламент 4 гишүүнтэй, харин Монголын жишгээр АНУ-ын парламент (конгресс) 8921 гишүүнтэй байх юм.

Африкийн Гана улс 20 сая хүн амтай. Парламент нь 200 гишүүнтэй. Энэ орны жишгээр бол Монголын парламент 23 гишүүнтэй, харин Монголын жишгээр бол Гана улс 660 гишүүнтэй байх ажээ.

Бангладеш улс 122 сая хүн амтай. Парламент нь 330 гишүүнтэй. Энэ улсын жишгээр бол Монголын парламент 6 хүнтэй, Монголын жишгээр бол Бангладеш 4031 гишүүнтэй байхаар байна.

Гватемал улс 12 сая хүн амтай. Парламент нь 100 гишүүнтэй. Эдний жишгээр бол Монголын парламент 19 хүнтэй, харин Монголын жишгээр Гватемалын парламент 396 гишүүнтэй байж болохоор юм.

Дани улс 8.2 сая хүнтэй. Парламент нь 179 гишүүнтэй. Данихаар бол Монголын парламент 50 хүнтэй, харин Монголын жишгээр бол Данийн парламент 270 гишүүнтэй байх юм.

Энэтхэг улсад парламентын нэг гишүүн 3 сая орчим сонгогчийг төлөөлдөг. Эдний жишгээр бол монголын парламент зөвхөн ганцхан гишүүнтэй байж болох ажээ.

Энэчлэн дэлхийн байнгын ажиллагаатай парламент бүхий орнуудын жишиг ба зарим дундчийг үзэх ахул ихэнх орны парламент 200-300 гишүүнтэй, бага орных нь 20-30 гишүүнтэй, бүр жижиг орных нь 12-14 гишүүнтэй байна.

Бүх нийтийн чөлөөт сонгууль хийгддэггүй зарим орны хууль тогтоох байнгын бус байгууллага маш олон хүнтэй байдаг. Хэтэрхий олон, дэлхийн дунджаас хэд дахин олон депутат бол олон нийтийн жинхэнэ, байнгын төлөөлөл огт биш, ихэнх төлөв хуурамчлал, хэлбэрдэлтийн илрэл гэж эдүгээ үзэх болсон юм. Энэ нь хэрэг дээрээ ч тийм ажээ. Үндэстний аль нэгэн цөөнхийг олон хүн төлөөлвөл төлөөлөл болдог, ганц хүн төлөөлвөл эс болдог гэж үзэх нь ч үндэсгүй юм.

Английн парламентын доод танхим 651 гишүүнтэй атал уг танхимын хурлын заал 437 суудалтай (214 гишүүнд суудал хүрэлцдэггүй гэсэн үг) 40 депутат л хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцдог байна. Энэ нь хэрэг дээрээ 651 гишүүний зөвхөн 21-ийн саналаар шийдвэр гарч байна гэсэн үг юм. Эл том орны хувьд энэ нь үнэхээр чамлагдахаар төлөөлөл, өнгөц хэлэлцүүлэг, гоомой шийдэл мэт санагдах ажээ. Гэвч хэрэг дээрээ бол огт тийм биш юм.

Англид эдүгээ 1200 гаруй лорд бий атал лордын танхимын хурал хүчинтэйд тооцогдох ирц нь ердөө л 3 хүн (3 лорд) байдаг. Лордын танхимын гишүүн нэг бүр нь үнэхээр ч шилдгийн шилдэг гэгдэхээр мэдлэг, туршлага төгс, нас бие жигдэрсэн, нэр алдар өндөр, чин шударга, хийсэн бүтээсэн зүйл арвинтай хүмүүс байдгаас 3 лорд хуралдаж гаргасан шийдвэр нэг бүрийг англичууд ихэд хүндэтгэн дагаж ирсэн уламжлалтай юм.

Өмнө өгүүлсэн 7 орны жишээ, харьцаагаар Монгол орны парламентын гишүүний байж болох тоог бодож гаргаваас 28; 4; 23; 6; 50; 1 гэсэн тоо гарч байна. Эдгээрийг хооронд нь нэмэж иш татсан орны тоонд (7-д) хуваалал 18,7 буюу 19 гишүүн болох юм. Энэ бол харьцуулсан орнуудын жишгээр бодож гаргасан нэгэн дундаж үзүүлэлт болно.

Тэгэхлээр манай орны парламентын гишүүний тоо 19 байхад бусад орны судлаачид түүнийг хэтэрхий цөөхөн, эсвээс ор үндэсгүй бага гэж хэлэхээргүй ажээ. Монголын 21 аймаг бүрээс нэг гишүүн, дээр нь нийслэл, хот, том хотуудаас нийлээд 6 гишүүн сонгогдож дүн нь 27 гишүүн болох ахул түүнийг хэтэрхий багадсан төлөөлөл гэж хэн ч нотлох боломжгүй нь өмнө өгүүлснээс тодорхой байна.

УИХ-ын 76 гишүүн, тэдний 76 туслахын цалин, хангамж, ордны доторх 100 шахам өрөө, тэдгээрийн тавилга, төхөөрөмж, албаны машинуудын шатахуун, жолоочийн зардал, холбооны хэрэгслийн өртөг зэргийг тооцох аваас жилийн дүнгээр, 4 жилийн дүнгээр энэ нь тун ч их хэмжээний зардал, сүйтгэл мөн болно. Энэ их зардлыг 2-3 дахин багасгах боломж ч байна, шаардлага ч байна…

УИХ-ын өнөөгийн зардлын хэмжээнд багтааж түүний дэргэд судалгаа-лавлагааны алба ажиллуулах боломж ч бас бий. Гишүүдийн тоог цөөрүүлж 27 болгох аваас УИХ-ын дэргэд шилдэг судлаачдаас бүрдсэн эрдэм шинжилгээний хүрээлэн ч ажиллуулж болно. Чухам ингэвэл л УИХ-ын үйл ажиллагааны чанар бүх талаар дээшилнэ.

Хот, хөдөөгийн татвар төлөгчдөөс хурааж хуримтлуулсан хөрөнгө болох улсын төсвийг данхайж, нүүгэлтсэн том төр эхэлж өөрөө хэрэглээд, зөвхөн үлдэгдэл хэсгийг нь ард нийтийн нийгмийн хэрэгцээнд хуваарилж байгаа өнөөгийн хачин дүр зурагдаа монголчууд бид дасчихлаа гэж үү? 22 жилийн туршид ийм байдал лавшран лавшран давтагдсан болохоор нэг хэсэг нь хүчинд автагдан дасаж, нөгөө хэсэг нь  итгэлээ гээн цөхөрч, гуравдахь хэсэг тэвчилгүй амиа үргэлжүүлэн хорлосоор байгаа юм болов уу?

Эцэст нь хэлэхэд улсын төсөв бол ганцхүү төрийн өөрийн нь хэрэглэх ёстой хөрөнгө огт биш, харин төрийн гараар дамжиж ард түмний ашиг, тусын тулд зарцуулагдах ёстой баялаг гэдгийг мартаж, мартуулж огт болохгүй билээ.

Судлаач, проффесор Д.Чулуунжав

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.