Цэцэрлэг, сургуулийн хичээл эхлэхэд хэд хоног үлдлээ.Энэ жил 34,368 зургаан настай хүүхэд сургуульд элсэн орох юм байна. Харин цэцэрлэгийн цахим бүртгэл эхлээд арав гаруй хоног өнгөрчээ. Энэ хугацаанд 22,925 хүүхэд бүртгүүлсэн байна.Энэ жил хэчнээн цэцэрлэг, сургууль баригдаж хүчин чадал хэрхэн нэмэгдсэн тухай нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгаас тодрууллаа.
-Нийслэлд энэ жил хэчнээн сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад орж байгаа вэ?
-Нийслэлийн Боловсролын салбарт 2018-2019 онд хэрэгжиж буй улс, нийслэл, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар нийт 182 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна.
2019 оны есдүгээр сард ашиглалтад орох 17 сургууль, 35 цэцэрлэг, таван спорт заалны барилга байна. Тендерийн маргаанаас үүдэн зарим ажил хойшлогдсон тохиолдол байгаа.
Үүнээс улбаалаад энэ ондоо багтаж ашиглалтад орохоор 15 сургууль, 38 цэцэрлэг, гурван бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, дөрвөн спорт заалны барилгын барилга угсралтын ажил үргэлжилж байгаа.
2019 онд нийт 32 сургуулийн барилга ашиглалтад орсноор 17,640 суудал, 13 цэцэрлэгийн барилга ашиглалтад орсноор 12,255 суудал нэмэгдэхээр байна.
-Энэ жил хувийн хэдэн цэцэрлэг, сургууль үйл ажиллагаа эрхлэхээр болсон бэ?
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газрын зүгээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмж хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлуудын нэг нь төрийн бус өмчийн цэцэрлэг, сургууль байгуулах хүсэлтэй иргэн, аж ахуй нэгжүүдэд хууль эрх зүйн хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллах юм.
Энэ жилийн хувьд нийт 34 иргэн, аж ахуй нэгж байгууллага хүсэлтээ ирүүлснээс барилгын норм дүрэм, сургалтын орчны стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангасан 13 цэцэрлэгт сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор нийслэлийн Засаг даргын захирамж гарч, нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүүхдийн хүчин чадал 1,083-аар нэмэгдэж байна.
-Нийслэлийн хэмжээнд энэ хичээлийн жилд хэчнээн хүүхэд сургуульд орох вэ?
-2018-2019 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролыг 32,390 хүүхэд эзэмшсэн бөгөөд 34,368 зургаан настай хүүхэд сургуульд элсэн орохоор байна. Өнөөдрийн байдлаар сургуульд элсэх хүүхдийн 75 хувь нь сургуульдаа бүртгүүлсэн байгаа.
-Гурван ээлжээр хичээллэдэг сургууль хэд болж цөөрсөн бэ?
-Өнгөрсөн жилд гурван ээлжээр хичээллэдэг 23 сургуулиас гурван сургууль хоёр ээлжид шилжиж, өнөөдрийн байдлаар 20 сургуулийн 166 бүлэгт 7,012 сурагчид гурван ээлжид хичээллэхээр болсон.
Гурван ээлжээр хичээллэж буй 20 сургуулиас улс, нийслэл, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар энэ онд 12 сургуулийн барилга, өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор хоёр ээлжид шилжин, 2020 онд үлдэж буй сургуулийн барилга, өргөтгөлийн барилга ашиглалтад орно.
Тэгэхээр ирэх онд гурван ээлжээр хичээллэх гэсэн ойлголт үгүй болох юм.
Нийслэлийн хэмжээнд энэ онд сургууль элсэх сурагчдын тоо харьцангуй их байгаа. 2018-2019 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 6,688 суралцагчид төгсөж, 2019-2020 оны хичээлийн жилд 37,400 орчим суралцагчид нэгдүгээр ангид элсэх бөгөөд үүнтэй холбогдуулан 17 сургууль гурван ээлжид хичээллэх урьдчилсан тооцоо гараад байгаа.
Гурван ээлжид суралцуулахгүй байхад зохицуулалт хийхийн тулд хоёр тэрбум 496,4 сая төгрөгийн зардлын тооцоолол, судалгааг нэгтгэн БСШУСЯ-нд хүргүүлээд байна. Мөн БСШУСЯ-аас ирүүлсэн чиглэлийн дагуу дээрх сургуулийн ойр орчмын түрээслэх байрны орчин нөхцөл, түрээсийн үнийн судалгааг нарийвчлан гаргасан байгаа.
-Цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Энэ жил хэчнээн хүүхэд цэцэрлэгт шинээр элсэж байгаа вэ?
-2018-2019 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 2-5 насны 146,252 хүүхэд байгаагаас төрийн өмчийн 231 цэцэрлэгт 84,791, төрийн бус өмчийн 441 цэцэрлэгт 32,011, нийт 672 цэцэрлэгт 117,231 хүүхэд хамрагдаж хамран сургалтын тоо 80.1 хувьд хүрсэн.
Өнгөрсөн хичээлийн жилийтэй харьцуулахад сургалтын хувь 3.1-ээр нэмэгдсэн байгаа юм.
Цэцэрлэгийн үндсэн сургалтад 116,802 хүүхэд хамрагдсанаас төрийн өмчийн цэцэрлэгийн нэг бүлэгт ногдох хүүхдийн тоо 45-д хүрч, барилга ашиглалт хоёр дахин нэмэгдсэн байна. 2019-2020 оны хичээлийн жид төрийн болон төрийн бус өмчийн, байгууллагын дэргэдэх цэцэрлэгт шинээр 30,000 гаруй хүүхэд элсэн суралцах төлөвтэй байгаа
-Цэцэрлэгийн бүртгэлийн явц хэдэн хувьтай явагдаж байгаа вэ?
-“Цахим бүртгэл, элсэлт”-ийн үйл ажиллагааг хоёр жил дараалан амжилттай зохион байгуулж, 2019-2020 оны хичээлийн жилд дээрх арга хэмжээ үргэлжлүүлэн зохион байгуулагдаж байна.
“Цахим бүртгэл”-ийн үйл ажиллагаа 2019 оны долоодугаар сарын 22-ны өдрөөс эхлээд үргэлжлэн явагдаж байна. Нийслэлийн Боловсролын газраас “Цахим бүртгэл”, “Цахим элсэлт”-ийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүндрэл чирэгдэлгүй, ил тод, нээлттэй зохион байгуулж, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж ажиллахыг дүүргийн Боловсролын хэлтэс, цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгосон.
Цэцэрлэгт хүүхдээ цахимаар бүртгүүлж чадахгүй байгаа иргэд дүүргүүдийн Боловсролын хэлтэс дээр бичиг баримттайгаа очиж бүртгүүлэх боломжтой бөгөөд наймдугаар сарын 12-ны өдрөөс харьяа цэцэрлэг дээрээ очиж бүртгүүлж болно. Цахим бүртгэлд энэ сарын 1-ний өдрийн 09:30 цагийн байдлаар 22,925 хүүхэд бүртгэгдсэн дүн мэдээтэй байна.
-Цахим бүртгэлээр сугалагдаагүй хүүхдүүд хэрхэн сургуулийн өмнөх боловсрол эзэмших вэ?
-Цэцэрлэг хамрагдалтын тухайд 2016 онд 69 хувьтай байсан. Жил бүр цэцэрлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэхийн тулд тодорхой арга хэмжээ авсаар ирсэн.
Нэгдүгээрт, байгууллагын дэргэдэх цэцэрлэг. Төсөвтэй, мөнгөтэй олон ажилтантай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд ажилчдынхаа хүүхдүүд, ойр орчимд нь оршин суудаг хүүхдүүдийг хамруулах бүрэн боломжтой.
Өнгөрсөн жил байгууллагын дэргэдэх 10 цэцэрлэг ажиллаж, 1,000 гаруй хүүхэд хамрагдсан. Үүнээс гадна төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн хүчин чадлаас хамаараад сул орон зайнд нэмэлт элсэлт зохион байгуулдаг.
Хувилбарт сургалтын аргыг хэрэгжүүлж байгаа. Сургуулийн өмнөх боловсролын бодлогын түвшинд дээрх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр 80.4 хувийн хамрагдалтай болсон. Энэ жилийн тухайд цэцэрлэгт хамрагдалтыг 84 хувьд хүргэх боломжтой гэж үзэж байна.
-Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийн тухайд ямар гарц байна вэ?
-Хүүхэд бүрийг аль болох цэцэрлэгт хамруулахын тулд олон талт арга хэмжээ авч байгаа. Тэгэхээр цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдийн дунд Дэлхийн банктай хамтраад зайны сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг.
Сургуулийн өмнөх боловсролын агуулгын тухай гарын авлага зарим дүүргийн эцэг эхэд тараасан. Мөн олон нийтийн телевизүүдтэй хамтраад сургуулийн өмнөх боловсролын хичээл гаргадаг.
Ер нь бол нийслэлд 1992 оноос эхлүүлээд жилдээ нэг аймаг нүүж ирэх хэмжээний төвлөрөл үүссэн. Тэгэхээр жил бүр шилжиж ирсэн иргэдийн хүүхдүүдийг цэцэрлэгт хамрагдалтыг гүйцээх хэмжээний боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийгдээгүй. Үүний үр дагавар нь хүүхдүүд цэцэрлэггүй үлдээд байгаа юм.
Жил болгон хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилт тавин ажиллаж байна. Энэ зорилтын үр дүн жил ирэх тусам тоон мэдээгээр нэмэгдэж байгаа.
-“Цахим элсэлт”-ийн шалгаруулалт хэзээ, хаана явагдах вэ?
-“Цахим элсэлт”-ийн шалгаруулалт 2019 оны наймдугаар сарын 23-ний өдрийн баасан гарагийн 09:00 цагт нийслэлийн хэмжээнд нэгэн зэрэг явагдана. Шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулах болно.
-Цэцэрлэгийн цахим бүртгэлийн тухай эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгөхгүй юу?
-Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт элсэж байгаа болон зорилтот бүлгийн хүүхдийн бүртгэлийг цахимаар зохион байгуулахгүй бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн цэцэрлэг дээр өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.
Түүнчлэн цахим элсэлт зохион байгуулагдсаны дараа цэцэрлэгт орж чадаагүй хүүхдүүд зарим төрийн өмчийн харьяа цэцэрлэгтээ өргөдөл өгч, төрийн бус өмчийн цэцэрлэгийн нэмэлт элсэлтэд хамрагдах боломжтой.
Нийслэлийн төрийн бус өмчийн зарим цэцэрлэгийн ашиглагдахгүй байгаа сул орон тоог ашиглаж, СӨБ-ын хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд нэмэлт элсэлтийн зорилтот бүлгийн одоо хамрагдаж байгаа 3,087 хүүхэд дээр нэмэгдэж 2,954 хүүхдэд олгох хувьсах болон хоолны зардлыг 2020 оны төсвийн төсөлд тусгасан байгаа.
2019-2020 оны хичээлийн жилд төрийн бус өмчийн 96 цэцэрлэг 2,314 хүүхдийг шинээр хамруулахаар болсон. “Нэмэлт элсэлт”-ийг зохион байгуулахдаа нийт хүүхдийн 30-иас багагүй хувийг зорилтот бүлгийн хүүхдээр бүрдүүлэх удирдамж, чиглэлийг өгч ажиллаж байна.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин