“Татар ажиллагаа” киноны Колягийн дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон СТА Э.Батхүүг үзэгч түмэн “Эр хүн болгож өгөөч”, “Толбо” зэрэг дэлгэцийн бүтээлийн найруулагчаар ажилласнаар нь илүүтэй мэддэг. Тэгвэл тэрбээр тун удахгүй монголын урлагт тайзнаа тавигдаж байгаагүй “Варьете” жүжигт гол дүрд тоглохоор бэлтгэлдээ ороод нэлээдгүй хугацааг үдэж байгаа гэнэ.
Тус жүжгийн талаар тодруулбал, урлаг судлаач, шүүмжлэгч, зохиолч П.Батхуягийн “Саксафон” нэрт моно жүжгийг залуу найруулагч Н.Дорждэрэм монголд төдийлөн олон хийгдэж байгаагүй “варьете” хэлбэрт оруулан тайзнаа амилуулахаар болсон байна.
Монголд тавигдаж байгаа бүхий л жүжгүүд театрын тайзнаа тавигддаг бол энэхүү жүжиг нь анх удаа диско бааранд тоглогдох гэж байгаагаараа содон бөгөөд шинэхэн. “New marquee center”-т долдугаар сарын 31-нд буюу маргааш нээлтээ хийнэ.
“Варьете” жүжгийн гол дүрийг жүжигчин Э.Батхүү хэрхэн амилуулах цаашлаад гэнэтийн олон бэлгээр үзэгч олныхоо мэлмийг мялааж, чихийг сортуулахыг хүлээх л үлдлээ.