Энэ хүүхний өндөр 170 см. Жин 69 кг. Нас 46. Яг энэ сэдвээр хэзээ ч бичнэ гэж бодож байсангүй. Би амттанд дэндүү дуртай. Зүсэм кекс, лаазтай ундаанаас татгалзаж байгаагүй. Харин Умард хүүгийн маань 16 настай байхдаа асуусан асуулт надад нэг бусыг бодоход хүргэсэн.
Тэр надад нүүрийг нь нуусан, цээж нүцгэн
зургаан залуугийн зураг харуулаад “Хэн нь таалагдаж байна” гэж асуусан.
Би нэгийг нь заагаад, “Хэт булчинлаг биш, илүү махгүй, оюунлаг, бас
өөртөө эзэн болсон харагдаж байна” гэж билээ. Тэр залуу хэн байсан гээч?
Брэд Питт. А.Жолигийн залуу. Хүү яг тийм цээжтэй болгодог дасгалуудыг
хийж эхэлсэн. Үүнийхээ хажуугаар хоолны жор, хүний ходоод хэзээ ч
боловсруулж амждаггүй цагаан будааны 12 давхар хальс, цагаан гурилны
тухай надад орж гарангаа хааяа цухуйлгасаар л…Тэгж байтал Батхаан ч
өсч өндийв. Жингээ хэт нэмэхгүй гэж үнэхээр хичээдэг хоёр хүүгийнхээ
дэргэд би хүссэн ч хүсээгүй ч амттанаа хасахад хүрэв. “Ээж ээ,
хөргөгчөөр дүүрэн битгий амттан чихээд бай л даа, хамт явж хүнсээ
цуглуулъя” гэх үгс тэдний амнаас гарах болов. Цуйван чинь бөөн л
овоолсон гурил, идэхгүй гэдэг үг олон сонссон. Батхаан бол эрс шулуун
зантай.
-Гадаа халуун байна, ганц зайрмаг аваад идчихье л дээ, гуйж байна гэж хошуугаа унжуулдаг ээждээ
-Би бүдүүн ээжтэй баймааргүй байна гэж хатуухан хэлдэг нэгэн. Харин нөгөө Брэд Питтийн цээжтэй болсон Умард нэг удаа
-Ээж ээ, та зүгээр л сайхан эмэгтэй хэвээр өтөлмөөр байна уу, олон хүний
хэлэх дургүй авгай гэгдмээр байна уу гэж эрс асууж билээ. Мэдээж би
эхнийхийг нь сонгосон. Миний насанд өдөрт хэдэн ккал авах ёстой, ходоод
маань хэр хэмжээний хоол боловсруулах чадалтай гэдгийг ч бүгдийг надад
орчуулан тайлбарлаж өгсөн. Би нэмж турахыг хүсдэггүй. Жин нэмж
таргалахыг ч хүсдэггүй. Байгаа маань л энэ. Гэхдээ…хот хөдөөгүй
жингийн илүүдэлтэй хүүхдүүд олон болсныг хараад…орь залуу нас, онгироо
хүүхэд үеэ илүүдэл жингээсээ болон аз жаргалгүй өнгөрөөж байгаа
багачууд, өсвөр насныхныг үзээд энэ тухай бичмээр санагдлаа. Гутлынхаа
түрийг хайчлаад, адилхан өнгийн арьсаар оруулга оруулаад өмсчихсөн
хэрнээ зайрмаг долоож, гартаа hot dog барьчихсан яваа 12-той
охин…давхар эрүү, бүдүүн гүзээндээ түүртэн хөлс алдан аахилсан жаал
хөвгүүн…хөвгүүд намайг өөрчлөөгүй бол хөргөгчинд маань амттан
чихээстэй, бид бүгдээрээ явдаг жорлон, янцагладаг өвчин л байх байлаа.
Харин одоо би хоол хүнсээ бодолтой цуглуулдаг болсон, хадгалалтын
хугацаа, ккал, бүтцийг нь анхааран хардаг…цагаан талх, гурилан боов,
цагаан будаа манайхаас олдохоо болиод лав хэдэн жил өнгөрчээ…бас
алхах, амрахаа ч тааруулах гэж хичээдэг. Хэхэртлээ хэзээ ч
иддэггүй…сульдталаа өлсгөлөн явдаггүй…амьдрал сайхан шүү. Өө
тийм…Цагаан голын гүүр. Батхаан намайг гүүрэн дээр яг ингээд зогс л
гэсэн…би зогссон. Бас хотод очмогцоо энэ өндөр хөвгүүн өндрөө хэмжээд,
жингээ үзнэ…үүнийг би яг мэдэж байна. Тэр нөхөр хангалттай өндөр
болохын тулд булчингаар ясны өсөлтөө дарамталмааргүй байна гээд дасгал
хийхгүй сонин юм яриад байгаа. Тэгэхэд нь би бас л нэгийг бодно…гэхдээ
л…юу ч мэдэхгүй тэнэг царайлаад тоорт идэж, нөгөө хоёроосоо нуугаад
хийжүүлсэн ундаа уучихдаг хэвээрээ. Лааз савыг нь хаячихаж бас амжина.
Харин тэд сардаа нэг удаа гэдэг хязгаарыг өөрсөддөө тавьдаг. Тэднийг
унш, унш…өөрсдийгөө л хөгжүүл гэж загнаж, нөхцөл бололцоог нь
чадлаараа бүрдүүлэн гүйж явахдаа тэр нь эргээд надад өгөөжөө өгнө гэж
бодоогүй л юм даа. Нээрэн, би Батхааныг есөн сар хэвтэж тээгээд,
төрөхийн өмнөхөн 110 кг хүрч усны үхэр болсон гэдгээ хэлсэн бил үү,
нуучихсан уу? Гэхдээ л тэдэндээ “Чамайг төрүүлэх гэж би бүдүүрсэн”
гэхчлэн ялархаж чаддаггүй л юм даа. Хэн нэгэнд ялархаж туулдаг хорвоо ч
биш дээ, ямар. Дашрамд, хүүхдийнхээ л үгэнд нүдээ аниад ор. Алдах юм
үгүй. Тэд бидэнд үргэлж л сайныг санадаг. Тэгээд ч тэд өөр үеийнхэн.