Энэ оны хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэл нь хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, анги дүүргэлт хэт өндөр, өвлийн хүйтэнд гурван ээлжээр хичээллэж, үдшийн бүрийгээр айж цочин гэрээ бараадах хүүхдүүдийн сургуулийг хоёр ээлжид шилжүүлэх зорилт тавьж 460 төсөлд 488 гаруй тэрбум төгрөгийг баталсан байна.
Уг нь дээрх төслүүд гэрээ ёсоор барилгын ажлаа дуусгасан бол цэцэрлэгийн насны 26120 хүүхэд цэцэрлэгтэй болж, 55738 сурагч суралцах боломж бололцоогоор бүрэн хангагдах юмсанжээ. Гэвч уулын мод урттай богинотой гэхчилэн тендерт шалгарч, барилгын ажил авсан компаниуд хичээлийн жил эхлэхээс өмнө барилгаа хүлээлгэж өгч байгаа нь бий ч хичээлийн шинэ жилээс өмнө амжихтай, үгүйтэй гүйцэтгэлтэй явж байгаа нь ч олон байна.
Тухайлбал Хан-Уул дүүрэгт сургууль, цэцэрлэгийн 12 барилга байгууламжууд баригдаж байгаагаас үүнээс тоотой хэдхэн сургууль, цэцэрлэгийн өргөтгөл хугацаандаа ашиглалтад орох аж. Бас болоогүй үүний хэд хэд нь он дамжин баригдаж байж ашиглалтад орж байгаа юм. Газар гэссэнээс хойш буюу гуравдугаар сараас эхлэн бүх барилга гэсэж, ажилдаа ордог ч зарим барилгууд адил хугацаанд ажлаа эхэлчхээд хормын дотор сүндэрлэж ашиглалтад орсоор л… Харин хайнга шантаач, зарим барилгын компаниуд нь хугацаа хэтэрсэн тайлбараа аар саархан зүйлээр тайлбарлаж, аргацаах нь бий.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” төсөл хэрэгжүүлэх хүрээнд соёл, боловсрол, спортын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилго тавьсан. Энэ онд 132, ирэх онд 42 цэцэрлэг шинээр барихаар төлөвлөсөн. Ингэснээр нийт 26350 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэнэ. Мөн аж ахуйн нэгж, байгууллагууд дэргэдээ цэцэрлэг нээж, бие даан ажиллуулах, ачаалал ихтэй, төрийн өмчийн цэцэрлэгт багш нэмж ажиллуулах зэрэг арга хэмжээ авч, 2020 он гэхэд бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах зорилт тавьж ажиллаж байгаа. Тиймээс “царцсан” сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулах үүрэг өгсөн байгаа” гэж байсан юм.
Хан-Уул дүүргийн 28 дугаар цэцэрлэг, 73 дугаар цэцэрлэгийн өргөтгөл, 53 дугаар цэцэрлэгийн өргөтгөл, хүүхдийн клиник сувилал зэрэг барилгууд хүлээлгэн өгөхөд бэлэн болж хүүхдүүд маань будаг нь ханхалсан шинэхэн анги танхимд хичээллэхэд бэлэн болжээ. Харин сайны хажуугаар саар гэгчээр 134, 189, 114 дүгээр цэцэрлэг, 111 дүгээр сургуулийн өргөтгөл, 165 дугаар цэцэрлэгийн өргөтгөл зэрэг барилгуудын ашиглалтад орох хугацаа наанадаж ирэх сарын нэгэн, цаанадаж наймдугаар сарын 20-нд байх ёстой боловч одоогийн байдлаар ес, арван сар гаргаад ашиглалтад орохоор байдалтай байна. Ирэх сарын нэгэн гэхэд эдгээр барилгуудыг улсын комисс хүлээж авах нь битгий хэл барилгын явц 60,70-аадхан хувьтай явж байна.
БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “Нэг компани хэд хэдэн тендер авч, хүчээ тарааж, бага үнээр тендерт оролцон шалгарчихаад барилгын ажлын явцад нэмэлт санхүүжилт нэхэн шантаачилж, удаашруулах байдал их гарч байна” гэсэн юм.
Барилгын компаниуд цэцэрлэг, сургуулийн барилгын гол цөм нь хүүхэд гэдгийг мартаад нэг сургууль, цэцэрлэгийг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүйгээс үүдэн хүүхдүүд өөр тийш шилжин суралцах, бусад сургуулийн ачааллыг нэмэгдүүлж, сургуульдаа ирж очихдоо хэдэн буудлын газар гэгээтэй, гэгээгүй, утаатай тортогтой өвөлийн хүйтэнд хацраа хайруулах нь энүүхэнд үзэгдэл болоод байгаа юм.
Улс, нийслэлээс ажил авчхаад гэрээт хугацаандаа ажлаа дуусгахгүй, хариуцлагагүй хандаж байгаа газруудтай дахиж хамтран ажиллахгүй, тендер, худалдан авах ажиллагаанд оролцуулахгүй байх асуудал дээр бид хатуу зогсоно гэдгийг албаныхан сануулсаар байтал хэнэггүй хайнга барилгачдын балгаар хичээлийн шинэ жилээр хүүхдүүд дутуу баригдсан барилгын гадаа цэцэг барин зогсох нь. Тэгэхээр барилгын компаниудын үйл ажиллагааг эргэн харж, нэн яаралтай шийдвэрлэх, сургууль цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгүүлэх, барилгын ажлыг нь эрчимжүүлэх шаардлага юун түрүүнд тулгамдаад байгаа билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин