ЛЕГИОНЫ ТУГАН ДОР 200 ШАХАМ МОНГОЛ ЦЭРЭГ ЗҮТГЭЖ ЯВНА
Холливуудын нэрт жүжигчин, тулааны урлагийн мастер Жан Клод ван дам гол дүрд нь тоглосон “Легион” киноноос монголчуудын олонх нь Францын арми дахь бие даасан тун өвөрмөц нэгж бүрэлдэхүүн болох легионер буюу хөлсний цэргийн талаар анх мэдэж, ойлгож авсан болов уу гэж боддог. Дэлхийн аль ч бүсэд, ямарч нөхцөлд тулалдах, дайтах чадвартай, дээд түвшинд бэлтгэгддэг тэдгээр легионер цэргүүдийн талаарх сонирхолтой, гайхамшигтай бас эмгэнэлтэй түүхийн баримтуудыг өдгөө цагт хаанаас ч олоод харчихаж болно.
1831 онд Францын хаан Луи Филиппийн зарлигаар Легионы арми бий болжээ. Тэр цагаас өнөөг хүртэл эл армийн бие бүрэлдэхүүний 89 хувь нь гаднын улс орнуудын цэргүүд байдгаараа онцлог.
1831 онд Францын хаан Луи Филиппийн зарлигаар Легионы арми бий болжээ. Тэр цагаас өнөөг хүртэл эл армийн бие бүрэлдэхүүний 89 хувь нь гаднын улс орнуудын цэргүүд байдгаараа онцлог. 2017 оны байдлаар Францын энэхүү хөлсний армид 140 улс орны иргэн алба хаадаг гэсэн мэдээлэл гарсан байсан. Тэдний эгнээнд 200 шахам монгол цэрэг нэгдэн Францын легионы туган дор алба хааж байгаа нь гайхмаар, хачирхмаар сонсогдсон билээ.
Улаан, ногоон өнгийн берет малгай бол тэдний гадаад имиж нь. Өндөр ачаалалтай, өдөр бүрийн хүнд хүчир бэлтгэлээрээ алдартай, хэр баргийн хүний давж гарч чаддаггүй энэ хөлсний армид монгол цэргүүд овсгоо самбаа, сэтгэлгээ, тэсвэр хатуужлаараа жинхэнэ гайхагдаж, ямагт шилдгийн шилдгүүдэд нь багтдаг гэдгийг сонсоход бахархалтай санагдсанаа нуух юун. Уншигч нарт сонин байх болов уу гэсэн үүднээс Францын легионд алба хааж буй Мөнхбаатарын Нандинодтой ярилцлаа.
-За, сайн байна уу дүү! Нутагтаа хэзээ ирэв ээ, гэдгээс ярилцаад явъя. Ингэхэд яаж яваад Францын легионд алба хаах болсон билээ?
-Ирээд удаагүй байна. 2016 онд техникийн их сургуулийг зам гүүрийн инженер мэргэжлээр сурч төгссөн. Тэгээд ажлын байранд гарахаасаа өмнө цэргийн албаа хаачихъя гэж бодоод аавдаа хэллээ. Гэтэл аав зөвшөөрдөггүй. Цэрэгт явахаар шийдсэн бас нэг шалтгаан маань дүүгээ өрөвдөж, хайрласнаас үүдэлтэй. Дүү минь цэрэгт явах болсон болохоор хамт явж харж, хамгаалаад ирье л гэж бодсон юм. За тэгээд, их хөгжилтэй юм боллоо.
Бид хоёрыг зүтгээд байсан болохоор аав маань зоос шидэж шийднэ гэлээ. Сүлдээр буувал бид хоёрыг явуулна, тоо буух аваас аавынхаар болохоор тохиролцлоо. Тэгээд яасан нь бүү мэд, аав хоёр удаа тоогоор буулгачихдаг юм даа. (инээв). Ялагдсан хэдий ч цэрэгт дүүтэйгээ хамт явъя аа гээд гуйгаад байлаа. Удаан бодож байсны эцэст аав маань гэнэт шийдвэр гаргаж, тэгвэл та хоёр ч биш ах, дүү гурвуулаа явж алба хаа, гэхдээ Францын легионд. Аав нь хөвгүүдээ хүргэж өгье гэдэг байгаа. Ингээд бүгдийн санаа нийлж шуударсан даа.
-Паа! Тэгээд ах, дүү гурвуулаа явсан хэрэг үү? Нас асуудалгүй байж тийм үү?
-Бид хоорондоо нэг нэг насны зөрүүтэй, тэрсхэн өсцгөөсөн ах, дүүс. Би 23, хоёр дүү маань 22, 21 настай байлаа. Францад очсон хойно бага дүүг маань 21 нас хүрэхэд хоёр сар дутуу байна гээд шалгалтад оруулалгүй буцаасан л даа.
• Удаан бодож байсны эцэст аав маань гэнэт шийдвэр гаргаж, тэгвэл та хоёр ч биш ах, дүү гурвуулаа явж алба хаа, гэхдээ Францын легионд. Аав нь хөвгүүдээ хүргэж өгье гэдэг байгаа. Ингээд бүгдийн санаа нийлж шуударсан даа.
• Легионы өөрийн гэсэн эмнэлэг, амралт, буудал гээд бүхий л зүйл бий. Дэглэлтийн тухайд одоо харин ч гайгүй болсон.
• Заасан юм сурахгүй бол зодуулах шийтгүүлэх бол байна ш дээ. Буугаа толгой дээрээ өргөөд ууланд гүйнэ. Гар дээр болон турникт мах болтлоо суниана.
-Ингэхэд танайхан асар зоригтой гэр бүл бололтой. Ер нь Францын легионы талаар маш сайн мэддэг байсан болоод ах дүүс бүгдээрээ явсан гэж бодож байна. Манайхан чинь дотооддоо хүүгээ нэг жилийн цэрэгт мордуулахдаа л бараг л дайнд үдэж байгаа юм шиг болцгоодог шүү дээ?
-(инээмсэглэв) Харин тиймээ, манайхан нэг их сүйд болоогүй ээ! Харин легионы талаар тийм сайн мэдээлэлтэй байгаагүй. Шийдвэр гаргасныхаа дараа интернэтээс судалж эхэлсэн юм. Тэгээд Францын легионд алба хааж байсан нэг ахтай танилцаж, уулзаад нарийн мэдээлэлтэй болсон.
-Үгүй ер, ингээд л дэлхийн хамгийн хатуу чанд бэлтгэл, сургуулилттай армид явчихдаг хэрэг үү?
-Интернэтээс сайн судалсан гэж ярьсан шүү дээ. Гэхдээ явахад маш ярвигтай юм билээ. Эндээс Бээжин орж визээ аваад ОХУ-аар дамжиж явсаар бидний ахуйгаас тэс өөр баруун Европт хүрч, Францын Марсель хэмээх алдартай хотод хөл тавьсан. Бид гурав галт тэрэгний төв буудал дээр анх легионер цэргүүдийг хараад үнэхээр биширсэн. Бүрэн хэрэгсэл, буу зэвсэг агссан легионерууд ямар сүртэй харагдсан гээч. Тэгээд тэдний зургийг авсан чинь шууд хүрч ирээд утаснаас устгуулдаг юм байна. Болдоггүй юм билээ.
-Аав чинь хүргэж өгөөгүй юм уу?
-Аав бид гурвыг Бээжингээс үдсэн.
-Хоёр дүүгээ дагуулаад, тэр тусмаа хөлсний цэрэг болохоор хаа холын Францыг зорино гэдэг миний л санаанд багтах зүйл лав биш байна. Тэгэхээр гадаад хэл, яриа сайн байж таарна даа. Үгүй ээ, мөн бөх зүрхээ?
-(инээв) Яахав англи хэлээр бол ярьчихна. Бага дүү маань хэл сайтай л даа. Бид гурав Марсель хотоос гарч 10 км яваад Ауган орсон. Тэнд легионы төв штаб нь байрладаг юм билээ. Тэгээд шалгалтад орсон доо. Эндээс бага дүүг маань насанд хүрээгүй гээд буцаасан. Бид хоёрын өмсөж ирсэн бүх хувцсыг тайлуулж, чармай нүцгэлж үзлэгт оруулаад өөр хувцас тавьж өглөө. Турник, савлуур дээр суниалгаж, татуулдаг юм билээ. Тэгээд кроссонд гүйлгэнэ. Эцэст нь IQ-гийн шалгалт авсан.
Зайлшгүй сурах зүйлсийг монголчууд сарын дотор л бүрэн сурч эзэмшдэг
Өглөө бүр 06.00 цагт босож, оройн 20.00 хүртэл бэлтгэл хийж эхэлсэн. Карантинд орсон хойно дүү маань шалгалтад орчихоод сураггүй болчихдог юм. Нэг хоног, хоёр хоног сүүлдээ хоёр долоо хоног өнгөрлөө. Дүүгээ санаж, санаа маш их зовж байлаа. Гадаа гарахаараа дүүгээ л хайгаад байдаг. Ядаж байхад бид хоёрт мөнгө байхгүй болчихсон. Хамаг мөнгөө бага дүүгээ буцахад нь шавхчихсан. Бид хоёр дундаа утасны нэг цэнэглэгчтэй.
Тэр нь надад байсан болохоор дүүтэйгээ утсаар холбогдож болдоггүй, үнэхээр сандарсан. Маш их шаналсан. Гэтэл арваад хоногийн дараа дүү минь би тэнцсэн гээд байдгаараа баярласан хүн инээгээд ороод ирдэг байгаа. Нэг шүд нь цоорсон болохоор тэнцүүлээгүй юм билээ. Тэгээд дүү минь Парис орж нэг таньдаг ахынд очоод эмнэлэгт үзүүлж, шүдээ ломбодуулаад эргэж ирээд тэнцсэн байж л дээ.
-Легионд тийм амархан тэнцчихдэг хэрэг үү. Баргийн хүн очоод тэнцдэггүй байх гэж би боддог байлаа?
-Хамгийн чухал нь ярилцлага байдаг юм. Худлаа ярьж огт болохгүй. Тэгвэл чи өнгөрөө л гэсэн үг. Янз бүрийн шарх сорвитой бол бас л өнгөрөө. тэр тусмаа хөлийг нэн тэргүүнд чухалчилна.
-Яагаад?
-Хөлийн уланд ямар нэг сорви, шарх байвал өдөр тутмын бэлтгэлд тэсдэггүй юм билээ. Тэр дороо задарч, сэдрээд байдаг. Ер нь легион хэзээ ч суухгүй, гутлаа тайлахгүй гэсэн хатуу журамтай.
-Хэцүү юм байна даа. Адаглаад үнэр, танар ороод тамтаггүй болно биз дээ?
-Хэцүү ш дээ. Манайхаар бол карантины хугацаа нь таван сар байдаг. Эндээс ангиудад хуваарилагдана. өдөр бүр найман км-ээс эхлээд 10, 15 км гээд уртасгаж гүйнэ. Гэхдээ 50 кг хүнд ачаа буюу байлдааны бүрэн хэрэгсэл, буу зэвсэгтэйгээ гүйнэ шүү дээ. Долоо хоногт нэг удаа 50-100 км замд марш хийнэ. Марш, гүйлтийн маршрут нь дандаа ууланд болохоор хүний тэсвэр тэвчээрийг жинхэнэ сорьж байгаа юм. Нуруу, хүзүү мэдээ алдаад ирэхээр 50 кг ачаа сүүлдээ огт мэдрэгдэхээ байчихна. Маршийн дараа гутлаа тайлахад хүний хөл дэвтэж, хөхөгдөөд, арьс нь нялцайсан цав цагаан болчихсон байдаг юм. Ийм болохоор л хөлийн ул сорвитой бол задраад байдаг байхгүй юу.
-Та хоёртой хамт өөр монгол хүн байв уу. Хэдэн улсын цэргүүдтэй алба хааж байв?
-Карантинд бол байгаагүй. Харин салаанд хувиарлагдахад хоёр монгол хамт байсан. Та гайхаж байж болох юм. Хөндийдүү ярьж байна уу, би. Легионд маш хатуу дүрэм, бичигдээгүй хууль бий. Хэрэв нэг улс, үндэстний цэргүүд хамт байвал хоорондоо өөрийн хэлээр ярихыг хатуу хориглоно. Ер нь хоорондоо францаар ярихыг ч үл тэвчинэ. Хэрэв үүнийг зөрчвөл шууд легионоос хөөнө. Энэ нь олон үндэстэн, янз бүрийн улс орны өөр өөр соёл, зан заншилтай цэргүүдийг нэг баг болгон нягтруулахтай холбоотой. Надтай хамт 80 гаруй улсын цэрэг алба хааж байлаа. Азиас ер нь цөөхөн. БНСУ, Непаль, Энэтхэгийн цэргүүд легионд их элсдэг юм билээ.
-Би чиний зарим зургийг харлаа. Манай монгол цэргүүд хамгийн биерхүү байдаг юм биш үү?
-Ер нь манай монголчууд бүх талаараа ялгараад гараад ирдэг юм. Мэдээж Европын орнуудаас ирсэн цэргүүд биерхүү ч бий, бас жижиг ч байна л даа. Монголоос өөр Азийн орнуудаас ирсэн цэргүүд их туниа муутай харагдаад байдаг юм. Нэг зүйлийг хэлэхэд Францын легионы армийн хэмжээнд гүйлт, кросс, марш, суниалт, буудлага гээд ихэнх төрлийн дээд амжилт буюу рекордуудыг дандаа монгол цэргүүд эзэмшдэг юм.
Монголчуудын маань хувьд ар гэрийнхнийхээ амьжиргаанд тус нэмэр болох гэж л алба хааж байгаа нь үнэн. Өр ширээ дарж байна. Янз бүр л байна шүү дээ.
-Гайхамшигтай гэхээс яахав, ингээд л огшоод ирэх юм даа. Монголчууд бид уг нь асар өгөгдөлтэй үндэстэн юм шүү дээ!
-Тантай санал нийлж байна. Миний дүү гэхэд IQ-гийн шалгалтад авсан оноогоороо энэ олон орны цэргүүдийг тэргүүлж рекорд эзэмшдэг. Авах ёстой 100 онооноос 90-ийг авсан байдаг юм. Гэтэл бусад орны цэргүүд дээд тал нь 58 оноо авсан байдаг. Манайхан их сэргэлэн, тэсвэр тэвчээрээр үнэхээр ялгардаг. Юмыг маш амархан сурна. Франц хэл, легионы бусад дүрэм, аюулгүй ажиллагаа, зэвсэгтэй харилцах гээд зайлшгүй сурах зүйлийг монгол цэргүүд сарын дотор л бүрэн эзэмшихдэг. Гэтэл оросын бага ястан, украин, молдавчууд хагас жил болоход ч сурдаггүй, шийтгүүлээд буугаа толгой дээрээ өргөөд ууланд гүйгээд байж л байна шүү дээ. Тэнд очсон хэн ч монголоороо шууд бахархах болно.
-Легионд цэргүүдийн оны ялгаа, дэглэлт гэж байх уу?
-Цэрэг л бол цэрэг. Тэр тусмаа Францын легион бол дэлхийд алдартай. Хатуу дэг журамтай арми. Ийм байж л ямар нэгэн дайн тулаан болоход хамгийн хүнд хэцүү үүргийг хүлээж, тэргүүн шугаманд явдаг. Францын Засгийн газрын шууд ивээл дор байдаг хөлсний цэргүүд бол бид. Францын ард түмэн легионеруудад маш хүндэтгэлтэй ханддаг юм.
Бүр шүтнэ шүү дээ. Легионы цагаан малгай маш алдартай. Гадуур гараад явахад Францын бусад тусгай хүчин, цагдаагийнхан бидэнд ёсолж, хүндэтгэл үзүүлдэг гээд бод. Легион хөгширсөн ч легион хэвээрээ л байдаг юм. Насаараа халамжлуулна. Легионы өөрийн гэсэн эмнэлэг, амралт, буудал гээд бүхий л зүйл бий. Дэглэлтийн тухайд одоо харин ч гайгүй болсон. Заасан юм сурахгүй бол зодуулах шийтгүүлэх бол байна ш дээ. Буугаа толгой дээрээ өргөөд ууланд гүйнэ. Гар дээр болон турникт мах болтлоо суниана.
-Ер нь тэгээд легионы юунд нь болж энэ олон улсын эрчүүд алба хаахыг хүсдэг юм бол?
-Би түрүүн хэлсэн. Легион бол дэлхийд алдартай арми. Яахав цалин хангамж сайн нь үнэн. Янз бүрийн л шалтгаанаар алба хаахыг хүсдэг байлгүй. Гэмт хэрэгт холбогдсон, хуулиас зугатаж байгаа нөхдүүд ч легионд орж аврагддаг. Яагаад гэвэл нэгэнт л легионд тэнцээд орчихсон бол аль ч улсын хууль цагдаагийнханд тэр хүнийг легион өгдөггүй юм. Монголчуудын маань хувьд ар гэрийнхнийхээ амьжиргаанд тус нэмэр болох гэж л алба хааж байгаа нь үнэн. Өр ширээ дарж байна. Янз бүр л байна шүү дээ.
Легионд алба хааж байгаа монгол хүн бүрийг бусад улсын цэргүүд Чингис гэж дууддаг юм.
Миний хувьд энд ирээд хамгийн сэтгэл хөдөлсөн, амьдралдаа мартахааргүй дурсамж үлдээсэн зүйл бий. Легион шөнө ууланд амрахдаа маш том түүдэг гал асааж, түүнийгээ тойрч суугаад дуулдаг юм. Орчин тойронд битүү ой мод бүчээд дээш шөнийн тэнгэр лүү харахад яг Монголынх мэт одод түгээд, түүдгийн оч харваад, галаа тойрон буугаа тэвэрч суугаад дуулж байгаа бүх цэргийн нүдэнд нулимс цийлэлзэн байх тэр дүр зураг ямар гоё байдаг гээч. Би европчуудыг анх нэг л ихэмсэг, том зантай бардам хүмүүс гэж боддог байсан. Легионд ороод ерөөсөө бид бүгд адилхан хүн гэдгийг олж харсан. Уйтгарладаг, баярладаг яг л адилхан сэтгэл зүрхтэй болохоо тийм агшинд олж хардаг юм.
-Цалин сайн ч хэзээ ч эрсдэлд ойр байх нь аюултай биш үү?
-Миний амьдралын бахархал энд бий. Одоо бол дайн, тулаанд орно гэхээсээ илүү бид энх тайван байдлыг хангахын тулд хамгаалалт, харуул, эргүүлд гардаг, дэг журмыг сахиулдаг.
-Легион цэрэг ямар цалинтай байдаг юм бэ?
-Карантины таван сар дуусахад хүн бүрийн дансанд 10 мянган евро хийж өгдөг юм. Тэгээд салаанд хувиарлагдах хүртлээ зүгээр суусан өдөр бүрийн 38 евро авна. Ангидаа очсоноор сард 1600 еврогийн цалинтай болдог. Жил өгсөх бүр цалин нэмэгдэнэ. Гурван жил алба хааж байгаа бол цалин 2800 евро болно. Ингээд ажиллагаанд оролцвол нэмэгдэл авдаг. Таван жил алба хаасны дараа Францад 10 жил амьдрах эрхтэй болно гээд цааш явна.
-Өөрийн дураар легионоос гарч болох уу?
-Болно, чөлөөтэй. Легионоос халагдаад Францын цагдаагийн болон хамгаалалтын албанд ажилд ороход нээлттэй байдаг. Легионд алба хааж байгаа монгол хүн бүрийг бусад улсын цэргүүд Чингис гэж дууддаг юм. Нэг талын хүндэтгэл байхаас гадна бас биднийг ингэж ёжлоод ч байх шиг санагддаг. За ингээд дуусгах уу ах!
-За дүүд баярлалаа, хамгийн сайн сайхныг хүсье. Хийморьтой яваарай гэж ерөөе!
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин