Comment.mn

Ц.Элбэгдоржийг Монголд ирмэгц сэжигтнээр тооцон, мэдүүлэг авч эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны 1-р сарын 16-нд Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд оролцож, үг хэлсэн билээ. Тодруулбал тэрээр: “Би Ерөнхийлөгч биш Халтмаагийн Баттулга гэдэг иргэнийхээ хувиар хандаж байна. Бидний мэддэг Тавантолгойн тухай хэдэн мэдээлэл өгье. Ард түмний өмч Тавантолгойг гэрээгээр халхавчлан гадныханд 100 жилээр хууль бусаар өгөх гэж байхад 2015 онд УИХ- ын нэр бүхий 40 гишүүн авч үлдсэн юм. Би тэдний нэг.Энэ хуйвалдааныг төрийн өндөр албан тушаалтан Цахиагийн Элбэгдорж гардан гүйцэтгэх ажлыг зохион байгуулсан. Төрийн өмчөөр нөөцийг нь тогтоосон орд газрыг гадаадын компанид хууль бусаар өгөх гэж байсан. Үүнийг яагаад одоо болтол шалгахгүй байна вэ. Үүнтэй холбоотойгоор шалгана уу.  Иргэн Х.Баттулгын хувьд 178 хуудас баримтыг гардуулж байна. Энэ хэргийг шалгуулья” хэмээсэн юм.

Харин Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан: “Монгол Улсын хуулийн дагуу би шударга ажиллана. Хэн нэгэн бусдыг буруутай гэж хэлсэн үгээр би асуудалд хандахгүй. Хуулийн дагуу ажиллана” гэсэн хариуг Ерөнхийлөгч Х.Баттулгад тэр дор нь өгчихсөн.

Гэвч АТГ-ын шинээр томилогдсон дарга нар Тавантолгойн орд газрыг ашиглахтай холбоотой асуудлыг идэвхтэй шалгаж эхэлсэн бөгөөд уг ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан М.Энхсайханд эрүүгийн хэрэг үүсгэн, сэжигтнээр тооцоод байна. Тэр бүү хэл түүнийг албадан саатуулсан ч шүүх уг баривчилгааг хууль бус гэж үзэн, М.Энхсайханг сулласан билээ.

Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг ч уг хэрэгт холбогдуулан шалгаж буй бөгөөд түүнийг Монголд ирмэгц сэжигтнээр тооцон, мэдүүлэг авч эхлэх ажээ.

Ц.Элбэгдорж нь өнгөрсөн 5-р сард Монгол Улсаас гарч яваад өнөөг хүртэл ирээгүй байгаа юм.

П.Энхмандах

www.sonin.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.