Comment.mn

Шалгалтанд бүдэрсэн их дээд сургуулиудын нэрсийг гаргажээ

НМХГ-аас дээд боловсролын болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Шалгалтын хугацаанд нийт 381 зөрчил илрүүлж, 80 зөрчил буюу 20.9%-ийг шалгалтын явцад арилгууллаа.

Боловсролын хяналтын чиглэлээр дараах зөрчлүүд илэрлээ.

“Сутай”, “Эко Ази”, Дүрслэх урлаг дизайн технологийн дээд сургуулиуд нь зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж байна.

“Сутай” дээд сургууль, “Улаанбаатар эрдэм” их сургуулиуд нь “эрх зүй”-н, “Шинэ монгол” технологийн коллеж, “Чингис хаан”, “Эко ази” дээд сургууль, “Улаанбаатар эрдэм” их сургуулиуд нь “инженер, технологи”-ийн, “Глобал удирдагч”, “Чингис хаан”, “Тэнгэр”, “Шинэ иргэншил”, “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургууль, “Орхон”, “Улаанбаатар эрдэм” их сургуулиуд нь “багш”-ийн, “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургууль, “Улаанбаатар эрдэм” их сургуулиуд нь “гадаад хэл”-ний, “Чингис хаан” дээд сургууль, “Орхон” их сургуулиуд нь “нягтлан бодох бүртгэл”-ийн тус тус мэргэжил хөтөлбөрийн лаборатори, кабинетууд нь дээд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрт заасны дагуу тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй, стандартад тавигдах шаардлагыг бүрэн хангахгүй байна.

“Сутай”, “Шинэ иргэншил”, Дүрслэх урлаг, дизайн технологийн дээд сургууль, Шихихутуг их сургууль, Эрдмийн их сургууль, Эм зүйн шинжлэх ухааны их сургуулиуд нь шаардлагад нийцсэн номын сан, уншлагын танхимгүй, уншлагын танхим дахь суудлын тоо оюутан суралцагчдад хүрэлцээгүй байна.

“Шинэ монгол” технологийн коллеж нь Боловсролын магадлан итгэмжлэл хийх эрх бүхий байгууллагаар байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийлгээгүй.

“Глобал удирдагч”, “Тэнгэр” ДС, “Гурван-Эрдэнэ” багшийн ДС, “Улаанбаатар эрдэм” ИС-иудад үндсэн багшийн эзлэх хувь хангалтгүй зэрэг зөрчлүүд илэрсэн.

“Глобал удирдагч” дээд сургууль нь бизнесийн удирдлагын магистрын ангид бакалаврын боловсрол эзэмшээгүй 21 иргэнийг элсүүлэн суралцуулж төгсгөхөөр БСШУСЯ-нд дипломын захиалгыг хүргүүлжээ. Энэхүү төгсөлтийн үйл ажиллагаанд илэрсэн зөрчлийн дүнг үндэслэн тус газрын 2019.05.31-ний өдөр “Хяналт тавьж ажиллах тухай” 02-01/3004 дугаарын албан бичгийг БСШУСЯ-нд хүргүүлж зөрчлийг таслан зогсоосон.

Эрүүл ахуй халдвар хамгааллын чиглэлээр:

“Шинэ иргэншил” дээд сургуулийн зарим анги, танхимуудын байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг, лекцийн танхимд механик агааржуулалтгүй.

Эм зүйн шинжлэх ухааны их сургууль, “Мон Алтиус” дээд сургуулиуд нь ундны усны стандарт аюулгүйн шаардлага хангасан талаар дүгнэлтгүй.

“Мон Алтиус”, “Шинэ иргэншил”, Pадио телевизийн дээд сургуулиудын лекц, хичээлийн танхим, номын сан, ариун цэврийн өрөөнүүдэд агаар сорох системгүй, эмчийн өрөөгүй, эмчгүй, халдварт болон халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажил хангалтгүй.

“Шинэ иргэншил” дээд сургуулийн дотоод болон гаднах орчинд утаат тамхи татахгүй байх анхааруулга, санамж байршуулаагүй зэрэг зөрчил дутагдлууд илэрлээ.

Зөрчил гаргасан сургуулиудад торгууль шийтгэврийн арга хэмжээ авч, зөрчил дутагдлыг арилгах хугацаат үүрэг даалгавар боллоо.

Цаашид шалгагдсан 15 сургуулиас 7 сургууль сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл дээр сүүлийн 3-4 жилийн хугацаанд тодорхой чиглэлээр элсэлт аваагүй тул БСШУСЯ-нд элсэлт авагдахгүй байгаа мэргэжлийн чиглэлийг хасуулах саналыг хүргүүлэх ажил хийгдэнэ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.