-Та сайн дураараа албан ёсоор ажлаа өгч байна. Цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ. Төрийн алба хаших уу?
-Ер нь манай нийгэмд дүр эсгэсэн ардчилал, дарангуйллаас аюултай гэж нэг хүн хэлээд явсан. Тэр нь одоо бодит утгаараа боллоо. Тиймээс би төрөө цэвэрлэнэ. Өнөөдөр төрд цэвэрлэгээ хэрэгтэй байна. Ингэж хуйвалдааны журмаар засаг байгуулж, УИХ-ын 76-тай нийлсэн ийм том бүлэг байгуулж байгаа нь ардчиллын ёсонд байх ёсгүй.
-Таныг эрх мэдлээ ашиглан хууль бусаар хүмүүсийг албан тушаалд томилсон гэх мэдээлэл баримттайгаа хэвлэлээр саяхан гарсан. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-З.Ундрам гэх эмэгтэйтэй холбоотой асуудал байсан. Яг тэр шалтгаанаар нэг жилийн өмнө би тэр эмэгтэйг ажлаас нь чөлөөлсөн. Хоёрдугаарт, хамт жагсч байсан Ч.Батбаатар гээд хүнийг ажилд авсан гэх мэдээлэл байсан. Манай хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ч.Батбаатар гэж байгаа. Хамт жагсч байсан хүнийг ажилд авахгүй гэсэн хууль байхгүй. Ч.Батбаатар ажлаа сайн хийж байгаа учир цаашид ажлаа үргэлжүүлэн хийх ёстой гэж үзэж байна. Гуравдугаарт, Бүрэнцогт гэдэг хүний тангараг өргөсөн он сар, миний тушаалын он сартай зөрж байгаа гэж байсан. Үүнийг өөрсдөөс нь тодруулахад, нэгэнт төрийн албаныхаа шалтгалтыг өгсөн гээд гурав хоногийн өмнө бичсэн юм билээ. Төрийн алба ёс зүйтэй зарчимтай байх ёстой. Тиймээс би өнөө өглөө /өчигдөр/ Бүрэнцогт гэдэг хүнийг ажлаас нь чөлөөлсөн.
-Иргэдийн эрх ашгийг хамгаалж ажиллах үед та болон танай байгууллагыг хэчнээн удаа шүүхэд дуудсан бэ?
-Одоогоор над дээр хоёр хэрэг үүсгэсэн байна. Нэг дэх нь аравдугаар сарын 10-нд хийсэн хэвлэлийн хурлаар би “Шүүх шударга биш байна” гэж мэдээлсэн. Үүнийг шүүхэд нөлөөллөө гээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байна. Хоёр дахь нь би ажил авснаас зургаан сарын дараа долоон хүнийг “Ажил хийдэггүй” гэх үндэслэлээр халсан. Харин Дээд шүүхээс тэдгээр хүнийг “эргүүлэн ажилд ав” гэсэн шийдвэр гарсан. Үүнээс болж шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байна гээд бас нэг хэрэг үүссэн. Байгууллагын хувьд иргэдийн өмнөөс шүүхдэлцэж байна. Хэрэглэгчид шүүхээр явахад тэмдэгтийн хураамж, өмгөөлөгч авах гээд хэцүү зүйл олон байдаг. Тиймээс иргэд манайд өргөдлөө өгөөд тэдний өмнөөс гурван шатны шүүхээр манай байгууллага явдаг зарчимтай. Үүнтэй холбоотой олон шүүх хурал бий.
-ШӨХТГ-ын даргын үүргийг гүйцэтгэх хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаасаа дурдвал?
-Би хоёр жил дөрвөн сар энэ байгууллагад ажилласан. Энэ хугацаанд нийт 6000 мянга гаруй иргэний хүсэлт, өргөдөл гомдлыг бүрэн шийдсэн. Өөрөөр хэлбэл, ажлын нэг өдөрт 10 өргөдөл гомдол шийдсэн гэсэн үг. Нийт 1100 удаа хяналт шалгалт хийсэн байна. Мөн 1.8 тэрбум төгрөгийг иргэдэд буцаан олгуулсан. 2012-2014 онд архи согтууруулах ундааны хууль бус сурталчилгааг бүрэн зогсоосон, сууц өмчлөгчдийн холбооноос татвар авдаг дээд зөвлөлийг татан буулгах асуудлыг шүүхэд тавьсан. СӨХ-үүдээс авдаг байсан торгуулиудыг зогсоосон. Орон сууцны ам.метрын зөрүүг арилгаж, нэг тэрбум орчим төгрөг буцааж иргэдэд олгуулсан. Нефть импортлогч компаниуд иргэдийг хохироохгүй байх тал дээр арга хэмжээ авч ажилласан. Ярианы төлбөрийг секундээр тооцдог болсон. Худалдааны төвүүд, үзвэр үйлчилгээний газруудын бие засах газруудыг үнэ төлбөргүй болгосон. Мөн улсын хэмжээнд ажилладаг бүх лефтийг жилд нэг удаа шалгаж байхаар болсон. Лангуу, кассны үнийн зөрүүг багасгасан. Намайг анх ажил авах үед 100 бараанаас 50 нь зөрдөг байсан бол одоо 100 бараанаас долоо нь зөрдөг болсон. Нарантуул, хархорин зэрэг томоохон захуудад ороход төлбөргүй болгосон. Монголд анх удаа кино театрууд болон номнуудын шилдгүүдийг зарладаг болсон. Энэ нь эргээд татвар төлөлт, үзэгчдэд сонголт хийхэд нөлөөлөх зөв зүйл болсон.
-Эхлүүлсэн боловч, хийж дуусгаагүй ажил байна уу?
-Циркийн хувьчлалтай холбоотой асуудлыг шүүхэд өгсөн. Гэвч харамсалтай нь, том дарга нарын нөлөөгөөр энэ ажил удаашралтай байна. Миний дараагийн хүн энэ ажлыг дуусгах ёстой. Мөн арилжааны банкууд зээлийн шимтгэл нэрээр хууль бусаар нэг хувийн шимтгэл авдаг байсан асуудлыг хууль бус гэж үзсэн. Энэ асуудал шүүхийн шатанд байна. Үүнийг заавал нэг тийш нь шийдэх ёстой. Мэдээж ШӨХТГ Монгол хүн бүрийн хамгийн сайн мэддэг газар болсон. Одоо иргэд О.Магнайд, ШӨХТГ-т хандъя гэдэг болжээ.