Comment.mn

Шагж гэлэн: Эхнэртээ базуулж буй он жилүүд

Анх сууж байхад манай эхнэр үгээ тоолсон даруу эмэгтэй байлаа. Яригч нь шатчихсан телевизийн удаашруулчихсан бичлэг лугаа амар амьтан. 
Хичээлээсээ ирж л байдаг, явж л байдаг. Хааяа нэг гангар гунгар гээд надтай сайхан ярьнаа.

Арваад жил амьдарлаа. Эхний гурван хүүхэд гарлаа. Зан нь өөрчлөгдсөнгүй ээ. Их гайгүй. 
4, 5 дахь хүүхэд гарлаа. 
Одон аваадахсан чинь хэрэг бишдлээ. Ямар ч хүнд биеэ тоох гэж нэг өвчин байдагдаа.
Одон авсныхаа маргаашнаас нь бараг одонгоороо савж алах нь халаг. Дөрвөн хүүхдийг чинь төрүүлж өсгөлөө болоо юм бишүү гээд л. 
Хэргийн бүрэлдэхүүнээрээ бол хүүхэд гаргах чинь харилцан үйлдэл биздээ. Манайд бол шал өөр байна.
Эхнэр муухай эвдэрч байнаа.

Хүүхдүүд хичээлдээ онц авхаар миний хүүхдүүд гээд л. Чих халууцуулахаар чиний хүүхдүүд гэж ирээд л. Арай царайлаг соортоо намайг дуурайсан гээд л. Жаахан халтайсан нөхдийг чамайг дуурайсан гээд л. Алдаа нь аавынх, оноо нь ээжийнх.

Энэ хөлд орохгүй хэнийг дуурайсан яст мэлхий шиг удаан юм бэ гэж хааяаа сэтгэлдээ шивнэж тайтгарна би. Аргагүйдээ ээж нь одоо ч хөлд сайн ороогүй удаан амьтан шүү дээ гэж амандаа бувтнана. Эхнэрт хаягласан шүүмжлэлийг ил хэлэхээ байгаад удаж байна.

Тавын таван хүүхдийг чинь гаргасан хүнийг чи ер нь юу гээд байнаа гэхэд би дуусаа. Эхнэрээ төрөхөд шөл нтр бариад гүйж байсан, жирэмсэн үед нь илүү их хайрлан халамжилж байсан, эхнэрээсээ дутахгүй жирэмсэн явсан өдрүүд минь цагаан зээр шиг бут явна. 
Сайн нөхөр чинь эхнэртэйгээ цуг төрдөг ш дээ гэхээр Элбэгдорж та хоёрын уран цэцэн үгэнд хулхидуулж хамаг залуу насаа барлаа гэсэн царайгаар намайг ширтэнэ.

Энэ хүү их залхуу байна, хэнийг дуурайв гээд л надруу том харна. Хүүхэд байхдаа ээжээрээ, өтөл насандаа эхнэрээрээ залхуугаа дуудуулж явна даа.

Сүүлийн үед манай эхнэрийн гаргаж байгаа араншингууд залуугийн манай ээжийнхтэй тун адилхан санагдах боллоо.
Энэ хоёр хуйвалдаж тохирсон мэт адилхан ажиллаж байна. Шударга бусын хонгил энд л байна. 
Жишээ нь
Оройтвол уурлана, хоолыг нь голвол уурлана, хувцасаа завааруулвал уурлана, усанд орсонгүй гэж уурлана, усанд хурдан орлоо гэж уурлана. Усанд орчихоод ваннаа угаасангүй гэж уурлана. Эд нарын загнасанаар усанд орсон бол би хоёр нутагтан болчих байлаа.

Архи амсвал уурлана, тамхи татвал уурлана. Заваан байна гэж уурлана, залхуу байна гэж уурлана. Өвдвөл янгуучиллаа гэж уурлана, өлсвөл тэвчээргүй гэж уурлана. Энэ найз чинь хүн, тэр найз чинь чоно гээд л.

Нэг л ялгаа байна. Ээж ДҮҮ нараа хар гэж загнадаг байсан бол эхнэр ХҮҮХДҮҮДЭЭ хар гэж загнадаг.

Саяын зургаан сарын нэгэнд ээжийнхээ хоёрдугаар одонг гуйж зүүв. Манай хүн одонгоо зүүчихээрээ даналзаад байдаг болохоор нь ижилхэн үзэлцэх гэж байгаан. Цол хэргэм адилхан шүү гэдгээ батлан харуулах санаатай. Одон одонгоо ширтэлцээд л үзэх боллоо.
Даанч хэн ч анзаарсангүй. Эхийн энгэрт л тод гялалздаг болохоос миний муу давчуу цээжин дээр харгаддаггүй эд бололтой. Ядаж байхад араб эхнэрийн алчуур шиг эрээн цамцтай байсаныг ч хэлэх үү.

Орой мэдээгээр одон авсан ээжүүд гунхаад л аавууд нь баярлалдаж гүйлдээд л сүйд майд. Фэйсээр л дүүрэн одон авсан ээжүүдийн гоё ганган зураг.

Ээдээ сүйдтэй ч баярлах юу л бол. Дөрвөн хүүхэд гаргаж төрийн одон авсан эхнэрийнхээ өмнө удахгүй “амьтан” болохоо мэдэхгүй хөөрч гүйлдээд эд нар ч гэнэн байна даа гэсэн шүү юм бодож суулаа, хашир аав.

Хүүхэд нэмэгдэхийн хирээр Шагж муу банди ажлаасаа төдий чинээ эрт ирэх хуультай. Бараг ажил хийх ёсгүй эхнэртээ туслах ёстой. Тэгсэн хэрнээ орлого хангалттай олох шаардлагатай. 
Гэртээ муухай ааш гаргахгүй, номхон хүлцэнгүй байх ёсой. Хүүхдүүдийнхээ хажууд зүй бус үг хэлэхгүй байх зэрэг зарим нэг дутагдлуудаасаа бүрэн ангижрахыг эхнэр чинь шаардана. 
Хүүхэд гаргах тусам эхнэр чинь чамайг илүү их анзаарна. Цаадуулын чинь ааш зан ширүүсч хэд хэдэн фронтоор өргөн давшилтуудыг хийнэ.
Эхэндээ бид тэдгээр дайралтуудыг хэрэндээ эсэргүүцэх боловч хүүхдүүд хэмээх нэмэлт хүч орж ирсэнээр будаа болно. 
Жаахан оройтоход шууд хүүхдүүдээр залгуулна. Эхлээд хүү “Аав хурдан ир”. За байжийлдаа миний хүү. Аав нь удахгүй очино. 
Дараагийн удаад охин залгана. Охин “Ааваа таныг санаад байна, хурдан ирээчээ” гээд наль шал болно. Байгалаасаа бид чинь охиндоо нуга. Сайртай өвдөг, сахалтай хошуу минь умалзаад л явчих нь. 
Цаана нь эхнэр мафийн босс шиг яриа давхар сонсож дохиж зангаад л. 
Босс өөрөө залгавал нөхцөл байдал асар хүндэрсний дохио. Юу ч байсан хаяад л явахаас өөр сонголтгүй. Гүйгээд л харьдаг болждээ.

15 жилийн өмнө бол Шагж утсаа салгаад л алга болдог байлаа. Яасан ч их зориг, зүрх үү базарваань. Муу юм холуур өнгөрөг гэж бодогдох жишээний. Тэр үеэ бодохоор хүрэл зүрх ч хайлна.

Базуулж дээ бид. Миний найзууд бидний үеийнхэн цөм эхнэртээ базуулсан байна. Би эхнэртээ базуулаагүй ээ гэж бодох тусам эхнэртээ базуулсан байна. Хадмын нэрийг дуудаад манай эхнэрт өгчихдөг тэр одонд их учир бий.

Бидний оролцоогүй юм шиг тэр ОДОН-той ээжүүд энэ хонгилыг үүсгэсэн хүмүүс шүү.
Вино уух ахыгаа хараад Ууганаа бид хоёр “цаадах чинь базуулчихаж гээд инээлдэж” билээ. Уух юмны градус буурч идэх юмны хэмжээ багассаар.

Анх эхнэртэйгээ сууж байхад би босс байлаа. Хашгираад л хөөрөөд л. Юм бүрийг би мэднэ гэж цээжээ дэлдээд л. Эхнэрээ хааяа гарахаар нь хардах, цагдах маягтай. 
Мөнгө төгрөгний тооцоог чухам өөрөө бариад л. 
Энэ бүгдийн дэргэд эхнэр чимээгүй яваад л байсан. Хааяа нэг хүүхэд гаргаад л байсан. Би хөөрөөд л энүүгээр тэрүүгээр чинь би хүүтэй боллоо, охинтой боллоо гэж давхиад л. 
Одоо яасан. Чимээгүй базжээ. Бөхөөр бол аажим аажмаар барьцаа ахиулсаар нэг л мэдэхэд би шодооны барьцанд орчихож. Аалиндаа дасгаж, хоолондоо уусгаж байгаад л биднийг атгаж.

Одоо хааяа найзуудын дэргэд худлаа том дугархаас цаашгүй. Найзууд явлаа би олзны Япон шиг л хүлцэнгүй. 
Эхнэртэйгээ хоуюлахаа үзэлцэхээс сүнсээ гартал айдаг болжээ. Дэргэд хүн амьтан байвал худлаа ганц нэг дугараад л.

Эхнэр тодорч би бүдгэрч байгаа он жилүүд минь гэж. Хүн амьтанд би тэрний нөхөр ш дээ гэхээр бараг таниад байгаа юмуудаа.

Нас яваад, л зүс яваад л хамаг юм явж байнаа. Зүс бол яваагүй ээ анкнаасаа нээх зүстэй байгаагүй. Ерөнхийдөө хүнэрхүү төрхтэй 176см 89 кг жинтэй. Хонины орд, хоол сайн хийнэ, ямар ч зангүй. Бүх илүү дутуу зангаа эхнэртээ үрээд дууссан, ийм нэг амьтан байна хахаха.

Намайг залж байна гэж бодож байвал 4 дэх хүүхдээ гаргаад үзэлдээ. Одон аваад үз. Оосорлож алдаг байхгүй юу. 
Тэр одон гэдэг чинь эхнэр үүрдийн босс гэдгийг төрөөс баталгаажуулж байгаа цэргийн цол мэдэвүү. Эхнэр Генерал чи муу байлдаг ч гэсэн үг. Бид сагалаа гэхэд л нэг муу шалихгүй Жа л явсан байгаан. Хэзээ ч битгий бууж өг гэдэг үг эхнэрийн өмнө хүчин мөхөстдөг.

Анх бид хоёрын унтлагын ор бол ариун нандин бодьгалын сүм байлаа. Одоо яасан. Хүүхэд үйлдвэрлэдэг, хүүхэд орилолдож тоглож байдаг тавцан болсоон.

Амьдрал сайхан байнаа. Би өөрийгөө их зөв яваа гэж бодож байна. Учир нь эхнэртээ базуулсан учраас. 
Гэж бодох чинь өөрөө асар их дарангуйллын систем мөн үү, айн? 
Сайн, сайхан амьдрал минь гэж…

Эхнэртээ базуулж буй Халзаа, Чинзоо, Чинзориг болон бүх найзууддаа зориулав.


Зохиолч: Шагж Гэлэн

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.