Баримт 2: Улсын нийслэлээс эхлээд хөдөө орон нутагт ч иргэдийг торгох ажиллагаа гаарч байна. 2014 онд Нийслэлийн ИТХ-аас Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх тээврийн хэрэгсэлд төрлөөс нь хамаарч жилд нэг удаа 20.000-70.000 төгрөгийг автомашин ашигласны төлбөрт төлөхөөр журамласан. Ингээд Улаанбаатарын автомашинтай иргэдээс 2014 онд 9.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Мөн Улаанбаатар хотын төсвийг харахад 2014 онд хүү торгуулийн орлогыг 2.6 дахин нэмэгдүүлж 12.5 тэрбум төгрөг байхаар тусгасан. Үүнийг нийслэлчүүдэд хувааж үзвэл нэг иргэнд 10.420 төгрөгийн торгууль ногдоно. Аймаг орон нутгийнхны иргэдээ торгож олно гэсэн төлөвлөгөөг энэ мэтээр түүж харвал анхаарал татах олон тоо гарна.
Баримт 3: Эрх баригчид 2015 оны төсвөө ч гэсэн ард түмнээ торгож бүрдүүлнэ гэж төлөвлөсөн. Тухайлбал, 2015 онд татварын бус орлогыг 519.8 тэрбум төгрөгөөр нэмж 1.2 их наяд төгрөгт хүргэнэ гэсэн. Бас 2015 оны төсөвт хүү торгуулийн орлогыг 152.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 210.8 тэрбум төгрөгт хүргэхээр болсон. Өөрөөр хэлбэл, ард түмнийг торгох маягаар байгаа хэдийг хармаанаас нь суйлах бодлогыг дэвшүүлсэн.
Баримт 4: АН-ынхан 2015 оны эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд Үл хөдлөх хөрөнгийн албан татварыг хоёр дахин, авто тээврийн хэрэгслийн татварыг хоёр дахин, малын хөлийн татварыг нэг богд 1000 төгрөгөөр тооцож авах, Улаанбаатар хотын татварыг шинээр бий болгох хуулийн төсөл оруулж ирсэн. МАН-ын өргөн эсэргүүцэлтэй тулгарсны үр дүнд энэхүү хуулийн төслөө эргүүлэн татаж авсан. Татвар гэсэн хуулийн нэрээр эдийн засгийн хямралын бүх ачааг ард түмэн, айл өрхүүдэд соёлтойгоор үүрүүлэх гэсэн санаа л даа.
Баримт 5: Сүүлийн үед ард түмэн “улайрсан татварынхан”, “улайрсан торгуулийнхан” хэмээн ярих болов. Яагаад ингэж нэрлэв. Ард түмний татварыг хурааж байдаг татварынхан сүүлийн хэдэн жилд асар их хэмжээний мөнгийг урамшуулал нэрээр авсан. Тэдний урамшуулал нэрээр авсан мөнгө тэрбум, тэрбумаар хэмжигдэнэ. Нийслэлийн татварын газрынхан нэг байцаагчид 771 сая, Баянгол дүүрэг хоёр байцаагчид 1.1 тэрбум, Баянзүрх дүүрэг гурван байцаагчид 1.4 тэрбум, Чингэлтэй дүүрэг хоёр байцаагчид 1.3 тэрбум, Сүхбаатар дүүрэг хоёр байцаагчид 2.6 тэрбум, Сонгинохайрхан дүүрэг хоёр байцаагчид 500 сая, Хан-Уул дүүрэг хоёр байцаагчид 700 сая, Багануур дүүрэг нэг байцаагчид 52 сая, Налайх дүүрэг хоёр байцаагчид 26 сая төгрөгийг урамшуулал нэрээр олгосон нь илэрсэн. Татварын орлого бүрдэхгүй байхад Улаанбаатарын татварынхан ард түмний мөнгөнөөс тэрбум, тэрбумаар нь аваад суудаг болсон. Тэд аж ахуйн нэгжийг торгох, торгуулийн хүү бодох талаараа л толгойгоо уралдуулна. Бас төрийн нэрээр торгууль тавигчид төлөвлөгөөгөө давуулан биелүүлэхийн тулд улайрдаг болов.
Дүгнэлт бас асуулт: Энэ баримтууд дарга нар өөрсдийн буруу шийдвэрүүдийн алдаанаас эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин муудаж, аж ахуйн нэгжүүд дампуурч, татварын орлого буураад ирэхээр ард түмнээ торгох, шинэ татвар бий болгох замаар татварын орлогоо бүрдүүлэх бодлого дэвшүүлж эхэлснийг харуулж байна. Сүүлийн хоёр жилийн, бас ирэх жилийн төсвийг харахад ард түмнийг торгох, торгуулиа төлөхгүй удаавал хүү бодох замаар олно гэсэн мөнгөний хэмжээ өсч байна. Цаашдаа ард түмнээ торгоод төсвөө бүрдүүлээд байх уу? Ард түмэн бас торгуулаад дуугай суугаад байх уу? гэдэгт ч хариу олох ёстой. Эдийн засгийн хямралаас гарах арга замаа дарга нар шинэ татвар бодож олох, ард түмнийг торгох замаар мөнгө татах, түүний хүүг өсгөх, торгуулийн төрөл хэлбэрийг олшруулахын төлөө бодлого уралдуулах гэж ойлгожээ. Үүний оронд хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг сайжруулах, татвараа уян хатан болгох, үндэсний үйлдвэрлэлээ сэргээх, гадаад худалдаагаа өргөжүүлэх, шинэ зах зээл нээх, шинэ ажлын байр бий болгохын төлөө үзэл санаагаа уралдуулах замаар шийдэл олцгооё л доо. АН-ынхан 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө “Монгол хүн-2020” гэсэн хөтөлбөрийг дэвшүүлсэн. Тэгээд орон даяар “АН хүнээ ярьдаг. Хүндээ анхаардаг. Хүндээ чиглэсэн бодлого явуулдаг. МАН-ынхан эдийн засаг, газар тариалан, мал ярьдаг. Хүнээсээ тасарсан. Хүн ярихгүй байна. Ийм бодлогын ялгаатай” гэсэн сурталчилгааг их хийсэн дээ. Ард түмэн АН-ыг үнэхээр хүнээ ярьж байна. Хүндээ анхаарах юм байна гэж саналаа өгсөн. Харамсалтай нь, Засгийн эрхийг барьснаасаа хойш хүнээ торгох бодлогыг гаарууллаа. Хүндээ анхаарч байгаа нь энэ юм болов уу?
УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх
Эх сурвалж http://www.info.mn