Comment.mn

Цэвэрлэх байгууламжид амиа алдсан талийгаачдын гэрийнхэнд хоёр өрөө байр өглөө

Ус сувгийн удирдах газрын харьяа Төв Цэвэрлэх байгууламжид өнгөрсөн сарын 17-нд үйлдвэрлэлийн осол гарч дөрвөн ажилтан харамсалтайгаар амиа алдсан. Нийслэлчүүдийн хувьд “шүдний өвчин” болсон хамгийн эмзэг голомтод ажиллаж байгаад амиа алдсан ажилтнуудын ар гэрийнхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан орон сууцны асуудал шийдэж өгнө гэдгээ амласан билээ. Тэгвэл өнөөдөр нийслэлийн удирдлагууд дөрвөн ажилтны ар гэрийнхэнд тус бүр нь 56 ам метр бүхий хоёр өрөө байрны түлхүүр гардуулан өглөө.

Хотын Захирагч талийгаачдын ар гэрийнхэнд хандаж хэлсэн үгэндээ “Үйлдвэрлэлийн ослын үед мөр зэрэгцэн ажиллаж байсан хамт олон, анд нөхдийнхөө төлөө эцсийн мөчөө хүртэл амь хайрлалгүй зүтгэсэн эрэлхэг зоригтой, чин халуун сэтгэлтэй талийгаачдынхаа ар гэрийнхэнд дахин эмгэнэл илэрхийлье. Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийн босгон дээр нийслэлийн удирдлагууд Та бүхэнд амласныхаа дагуу орон сууцны асуудлыг шийдлээ.

Цаашид ч Та бүхэнтэй холбоотой байж, үр хүүхдүүдийг тань сурч хүмүүжих боломж нөхцөлөөр хангана гэсэн амлалтаа биелүүлнэ. Үр хүүхдүүдээ эрдэм боловсролтой, хүнлэг сэтгэлтэй сайн хүн болгон өсгөж, аавуудынх нь хүсэл мөрөөдлийг биелүүлээрэй хэмээн хань ижил, ахан дүүс, гэр бүлийнхнээс нь хүсье” хэмээв.

Мөн талийгаачдын ар гэрийнхэнд хуулийн дагуу олгох ёстой 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг маргааш олгохоор болсон гэдгээ Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү энэ үеэр мэдэгдлээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.