Comment.mn

“Номин“-гоос худалдан авалт хийхгүй бойкотлоё, Улаанбаатарчууд аа

Байсгээд л иргэд газрынхаа төлөө хонон өнжин тэмцдэг дүр зураг Хан-Уул дүүрэгт хэвийн үзэгдэл болов. Хамгийн үнэтэй дүүрэг гэгддэг Хан-Уулд бизнесийнхний шүлс, нүд ороогүй газар олддоггүй. 

Ямар сайндаа нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий талбайг хүртэл нөхдүүд халаасандаа хийчихсэн байдаг гэж бодохоор иргэд нь тайван унтаж амарч чадахгүй бухимдах нь зайлшгүй. Нийслэлийг хэрсэн газрын маргаан эхнээсээ иргэдийн эсэргүүцэлтэй туллаа.Тодруулбал, Хан-Уул дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны урд талын ногоон байгууламж бизнесийнхний тэр дундаа “Номин” холдинг ХХК-ийн мэдэлд оччихжээ. Өнгөрсөн Баасан гарагийн өглөө эхэлсэн иргэд, бизнесийн бүлэглэлийн дунд өрнөсөн газрын “дайн” хотын дарга С.Амарсайханы анхааралд ортлоо томров. Нэг талаас ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн талбайгаа хамгаалсан иргэд майхантай хамгаалалтад гарсан байгаа бол нөгөө талаас 2,194 м/кв талбайгаа ухаж 16 давхар байшин барихаар давших бизнесийн бүлэглэлийнхэн амралтын өдрүүдийн дуулиан байв. 

Байсгээд л Хан-Уул дүүргийн иргэд газраа хамгаалан тэмцдэг болжээ. Тодруулбал, тус дүүргийн X хорооны иргэд сүүлийн есөн жил зөвшөөрөлгүй хайрга, дайрга олборлогчидтой тэмцэж гэр барьж дуу хоолойгоо хүргэж байсныг манай сонин ч мөн хөндөж байсан. Харамсалтай нь, иргэдийн газар нутгаа хамгаалах гэсэн туйлын хүсэл доор өрнөдөг ийм тэмцэл үр дүнгээ төдийлөн өгөхгүй албан тушаалаар хэрсэн эрх мэдэлтнүүдийн талд жин дарах болсон нь X хорооны иргэдийн тэмцлээс шууд харагддаг. Тэгвэл газар, нутаг, ногоон байгууламж бүхий талбайгаа хамгаалсан иргэдийн энэ удаагийн эсэргүүцэл хэрхэхийг Хотын дарга С.Амарсайхан мэдэх болчхоод байна.

Учир нь “Номин” реалтор ХХК-ийн тус талбай дээр эхлүүлэх 2,194 м/кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай босох “120К” төслийн ажил хэдийн эхэлсэн бөгөөд хэд хэдэн газарт хүнд машин механизмын шанага тавьж хөрсийг нь хуулаад эхэлжээ. Ойр орчныхоо байгалийн гэрлийг шууд хааж хүүхэд багачуудын тоглох, салхилах, амрах талбайд халдсан энэхүү газрын дээрмийн ажлаа “Номин”-гийнхон хамгаалагчдын хүчин дор эхлүүлжээ. Аргаа барсан иргэд гурван цагаар ээлжлэн майхантай харуулд гарч шөнөдөө залуус нь нэгдэж талбайгаа аврахаар ийнхүү гурван өдөр гурван шөнийг тэмцэж өнгөрүүллээ. Бизнесийн томчууд болгоны нүд, шүлс унаж байдаг гэж хэлж болохуйц нийслэлийг хэрсэн газрын наймаа эхнээсээ ил болж холбогдогч этгээдүүдээс хариуцлага нэхэж болохуйц нөхцөл байдлыг бий болгов.

Тодруулбал, энэхүү газар хэдэн онд, хэний захирамжаар, хэний гарт оров, хаашаа, хэнд дамлагдаж борлуулагдаад үнэ, газрын хэмжээ нь эрс өссөн байдалтай “Номин” гэх хэмжээгүй эрхтэй компанийн халаасанд орчихсон болохыг нийтээрээ харах үлдэв. Иргэдэд байгаа мэдээллийн хүрээнд тус газрын наймааны хэрэгсэл болж үнэ ханш, газрын хэмжээ өссөн түүхийг сөхвөл, 2004 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн захирамжаар иргэн Баттөмөр гэгчийн мэдэлд 800 м/кв талбай бүхий газар орж улмаар Баттөмөр цааш нь “Цаст” констракшнд борлуулжээ. Үйлчилгээний зориулалтаар нийслэлийн Засаг дарга олгож байсан тус газрыг 2009 онд “Номин” холдинг “Цаст”-аас худалдан авчээ. Ингэхдээ газрын хэмжээ томорч 1,970 м/кв болжээ. 2015 оны А677 тоот захирамжаар хотын дарга газар эзэмших эрхийг сунгажээ.

Харин өнөөдрийн байдлаар “Номин”-гийн иргэдээс дээрэмдэж буй газрын хэмжээ дахин өсч 2,194 м/кв болж ахьсан нь ямар эрх мэдэл үйлчилснийг иргэд гайхаж байна. Мөн нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан үе үеийн дарга нарыг энэхүү маргаанд буруутгав. Харин тус дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хотын дарга С.Амарсайханд хүсэлт илгээлээ. Хүсэлтэд “Иргэдээс ирсэн гомдлын дагуу “Номин холдинг” ХХК-д олгосон 2,194 м/кв газарт орон сууц барих зөвшөөрлийг цуцалж одоогийн ногоон байгууламж хэвээр нь үлдээхийг хүсье” гэжээ.

Газар нутгийнхаа төлөө тэмцсэн иргэд ““Номин”-гийнхны дээрэнгүй, эзэрхүү, иргэдийг үл хүндэтгэсэн, бүдүүлэг харилцаанаас болж хоёр ч иргэн бэртсэн. Гурван үеэрээ амьдарч суугаа орон гэрийнхээ ойр орчныг хойч ирээдүйнхээ сайн сайхны төлөө хамгаална. Тэмцлийн хурц хэлбэрт шилжиж ч чадна” гэдгээ илэрхийлэв. Мөн 887079.. гэх үл таних дугаараас жагсагч иргэдэд дарамталсан, айлган сүрдүүлсэн, үр хүүхдээр нь барьцаалсан утга бүхий мессеж ирсэн гэдгийг тэд хэллээ. Бид баримт болгох зорилгоор зургийг хавсаргав.

Хотын дарга аа, иргэдийг айлган сүрдүүлсэн энэ дарамт биеллээ олбол яах вэ. Ийм мессеж уншсан эцэг эх, залуу хосуудын зүрх зориг хэдий газар нутгийнхаа төлөө нэгдэж аслаа ч гэр бүл, үр хүүхдийнх нь амь нас юунаас ч илүү үнэтэй. Иргэдийн зориг зүрхийг ингэж мохоож хэлгүй, дүлий, харалган болгосны гайгаар өнөөдөр нийслэлд хууль гууль болж төрийн буруу шийдвэрийн балгийг хэдэн ядарсан иргэд, чадалгүй хүүхдүүд үүрч байна. Мөнгөтэй нь мөрөөдлийн хот байгуулж мөнгөгүй нь мөлхөж амьдардаг дүр зураг хүрээгээ тэлж эрх мэдэлтнүүд ир-гэдийг амь нас, үр хүүхдээр нь барьцаалсан дарамталдаг бусармаг дүр зураг улам бүр бэхжиж байна. Газрын төлөө хүн алахаас буцахгүй дээрэмчид мафи болж хаа сайгүй суурьшжээ. Ханцуйндаа наймаалцдаг эд өлөг нь газар болж хэн дуртайдаа дамлан наймаалцаж аманд багтахгүй их мөнгөөр өгөө аваа нь хэмжигддэг болжээ. Хан-Уул дүүргийн I хороонд харьяалагдах тус 2,194 м/кв газрыг гэхэд л “Номин”-гийнхон 79 тэрбумаар худалдаж авсан гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл байгаа юм.

2018 оны байдлаар жижиглэн болон бөөний худалдаа, үйлчилгээний чиглэлээр нийслэл болон орон нутагт гурван их дэлгүүр, 14 бөөний төв, зургаан хайпермаркет, 13 супермаркеттайгаар үйл ажиллагаа явуулж байна гэх мэдээллийг тус компанийн нээлттэй эх сурвалжаас харж болно.

160 мянган м/кв талбайд үйл ажиллагаа явуулж, өдөрт ойролцоогоор 1.2 сая гаруй худалдан авагчдад үйлчилдэг тус дэлгүүрээр үйлчлүүлэхгүй, худалдан авалт хийхгүй байж дээрэнгүй, зарчимгүй бизнесийг нь бойкотлоё, нийслэлчүүд ээ.

“Номин”-г өнөөдрийн хэмжээнд өстлөө томроход үйлчлүүлэгчдийн хүчин чармайлт 100 хувь байсныг мэдэхгүй хүнгүй. Тиймээс газар эзэмших болон ашиглах эрх нь цуцлагдах хүртэл улаанбаатарчууд болон орон нутгийн иргэд “Номин”-г сонгохгүй байя. 21 аймагт даатгалын салбартай Номин Холдинг ХХК нь 1992 оноос хойш монголчуудын худалдан авалтын орлогоор өргөжин хөгжсөөр өнөөдөр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, санхүү, даатгал, аялал жуулчлалын чиглэлээр 12 охин компанитай болсон.

“Номин Холдинг” компанийн Ерөнхийлөгч Ш.Баярсайхан та ханаж, цадах болоогүй юү. Олны хайр хишгийг хүртэж 27 жил бизнесээ томруулж чадлаа. Энэ хангалттай биш үү. Зуун зуун хүүхдийн амьдрах орчныг хязгаарлан өөрийн бизнесээ өргөжүүлэх нь шилдэг аж ахуйн нэгжийн ёс зүй, хэм хэмжүүрт хэр нийцэх вэ. Ядруухан иргэдийн өмнөөс булчин, бороохой болсон залуусыг турхирах, гэм зэмгүй үр хүүхдүүдийн амь насаар дэнчин тавьж газар дээрэмдэхдээ тултлаа шуналд автжээ, та. Тус газрыг тойроод “Номин”-гийн гэх шошготой 5-6 объект байна. Энэ таны энэ насны амьдралд хүрэлцэхгүй гэж үү. 27 жил Монголын ТОП гэгдэх аж ахуйн нэгж байсныхаа хувьд арван модтой атга талбайг булаана гэж байхаар нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үр хойчдоо ганц нарлаж салхилах цэцэрлэг байгуулаад өгсөн бол танд хэчнээн хүн баярлах байсан бол. Гэвч тэгсэнгүй. Мөнгөтэй болсон бол, бизнес чинь Монгол орон даяар тархан үйл ажиллагаа нь цэцэглэсээр байгаа бол иргэддээ, эх орондоо эргээд төлөх төлбөртэй байя. Тэр төлбөр нь гэхдээ ногоон байгууламж бүхий эрүүл тэгш газар булаах биш, үр хүүхдэдээ ядаж сургууль, цэцэрлэг, ганц эмнэлэг бариад өгөх сэтгэлээр илэрдэг байгаасай.

Даанч монгол эзэд, монгол бизнесменүүдэд хэмжээгүй их шунал л байхаас хойд, урд насныхаа буянд даган баясаж үйл хийх бурхан ухаан даанч алга. Эрх мэдэл, шунаг сэтгэл нь туйлгүй болтлоо хөгжсөн Ш.Баярсайхан даргын “Номин”-гоос худалдан авалт хийхгүй бойкотлох боломж иргэд бидэнд байна. Ядаж л өөр өөрийн чадах энэхүү боломжоо эцсийн мөч хүртэл ашиглая.

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.