Comment.mn

Жилдээ 500 хүнд машин механизм Монголд нийлүүлдэг Бугатын үйлдвэр

ӨМӨЗО-ны Бугат хот  хот төлөвлөлт хамгийн сайн хотуудын тоонд багтана. Оршин суугчдын тоо 2.8 сая бол газар нутгийн хэмжээ нь 27.8 мянган ам дөрвөлжин км. Эндэхийн зам өргөн сэлүүхний дээр ногоон байгууламж ихтэй. Бугат хот үүний 228.63 ам дөрвөлжин км-т хотын бүтээн байгуулалтаа хийжээ. Хятадын аж үйлдвэр хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой 20 хотын нэг гэдгээрээ тус хотод гангийн, хүнд ачааны машины, газрын ховор элемент хөнгөн цагааны зэрэг үйлдвэр олон. Үүнээс хүнд ачааны машины үйлдвэртэй Монгол-Хятадын хамтарсан сурвалжлагын баг танилцсан юм.

Өвөр Монголын Умардын хүнд машин тэрэгний ХХК гэсэн албан ёсны нэршилтэй уг үйлдвэр нь уул уурхайн олборлолтод зориулсан том оврын машин үйлдвэрлэдэг. Тодруулбал, уул уурхайн зориулалттай 1000 машин жилд үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд үүний 500-г нь Монгол Улс худалдан авдаг гэнэ. Тэд Монголын Оюутолгой, Эрдэнэс тавантолгой, жижиг Таван толгой, Багануурын уурхай зэрэг компанид нийлүүлдэг юм байна. Хамгийн анх 1991 оноос Монголд машинаа нийлүүлсэн эхэлжээ. Одоогоор Монголоос 250 тонны багтаамжтай машиныг захиалжээ. Үнэлгээ нь гурван сая ам.долларын өртөгтэй гэдгийг үйлдвэрийг танилцуулсан мэргэжилтэн нь хэлж байлаа. Мөн тэрбээр “Үйлдвэр хоёр жилийн дараа хүний оролцоогүй машин үйлдвэрлэдэг болно. Техникийн тусламжтайгаар үйлдвэрлэсэн машиныг шалгах үүрэг нь хүнд ногдоно” гэсэн юм.

Үйлдвэр 60-2500 тонны багтаамжтай машин үйлдвэрлэдэг, 800 ажилтантай юм байна. Үйлдвэр хариуцсан мэргэжилтний хэлж байгаагаар “Үйлдвэрлэж байгаа машиныхаа моторыг АНУ-аас авч ирдэг. Мотор захиалснаас хойш 1-8 хоногийн хугацаатай ирдэг. Хэрвээ мотор нь хурдан ирвэл сард 40-60 ширхэг машин үйлдвэрлэх боломжтой” гэлээ. Үүнээс гадна тус компанийн үйлдвэрлэсэн TR хэлбэрийн 25-91 тонны механик дамжуулагчтай болон NTE буюу МТ хэлбэрийн 108-326 тонны уул уурхайн машин нь Хятадын бүх муж орноор өргөн нэвтэрчээ. Хятад улсын хэмжээнд энэ төрлийн уул уурхайн машины 80 хувийг тус компани үйлдвэрлэдэг нь үүний бэлээхэн жишээ. Олон улсын хэмжээнд 63 улс оронд хэрэглэж, борлуулалтын хэмжээ нь дэлхийд тэргүүлэх хэмжээнд орж, дотоод, гадаадын уул уурхайн томоохон төсөлд өргөнөөр ашигладаг ажээ.

Иргэдээ ядуурлаас гаргасан Бугат хотын сайн жишээ

БНХАУ 2021 он гэхэд иргэдээ ядуурлаас бүрэн гаргахаар зорьж буй. Иймээс тус улс хот бүртээ ядуурлаас гаргахаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, Бугат хотод иргэдээ ядуурлаас гаргахаар зорьж буй төслийг та бүхэнд хүргэе.

“Бэй Лян” хорооллыг шинэчлэх төсөл

Өвөр Монголын төдийгүй Хятадын хэмжээнд суурьшлаараа хамгийн их төвлөрсөн хотын хорооллыг шинэчлэх төсөл нь “Бэй Лян”. Уул, талыг хамран байршиж байсан уг хорооллын 47 мянган өрх, 124 мянган иргэн ядуу тарчигхан амьдралтай байжээ. Тэд нурах дөхсөн стандартын шаардлага хангаагүй, жижигхэн умгар байшинд амьдардаг байсан байна. Энэ байдалтай БНХАУ-ын Ли Кэчян Ерөнхий сайд хоёр удаа газар дээр нь очиж ажиллан шинэчлэх зааврыг хэлж хэрэгжүүлжээ. Шинэчлэхдээ хотын удирдлага, төрийн бодлого, хөрөнгө мөнгө, хууль зүйн баталгаа болон нийгмийн бүх хүчийг түшиглэн хийсэн гэдгийг мэргэжилтэн танилцуулж байсан юм. Уг төслийг хэрэгжүүлэхдээ уг хороололд амьдарч байсан 30 мянган иргэнийг 65 м.кв талбайтай шинэ орон сууцанд оруулжээ. Ингэхдээ тэд иргэдээс нэг ч төгрөгийн хураамж аваагүй гэнэ. Энэ тухай ““Бэй Лян”-д амьдарч байсан иргэдэд 65 м.кв талбайтай шинэ орон сууц өгөхдөө нэг ч төгрөгийн татвар, хураамж аваагүй. Харин 65 м.кв талбайгаас илүү талбайтай байр авах юм бол зөрүү мөнгийг нь авна. Мөн үүнээс гадна өмнө амьдарч байсан жижигхэн байшиндаа өвөө, эмээ, аав ээжийн хамт амьдарч байсан залуу гэр бүлд 45 м.кв талбайтай шинэ орон сууцыг мөн санал болгож өгсөн. Ингэхдээ мөн л хураамж аваагүй” гэдгийг үйлдвэр хариуцсан мэргэжилтэн хэллээ.

Мөн тэрбээр “Орон сууцанд хамрагдсан иргэдийн газрыг нь төр эзэмшилдээ авсан ч зарим хэсэг нь хад асга ихтэй уулархаг газар байсан учир байр, байшин барих боломжгүй” гэдгийг хэлж байлаа. Энэ төсөл нь Хятадын хэмжээнд үлгэр жишээ төсөл болжээ. Төслөөр тохиромжтой, тохилог амьдрах орчинг бий болгож, арван хэдэн мянган ард иргэн шинэ байраар хангаж амьдрах боломжийг олгожээ.

Ийнхүү “Үүл шүргэсэн өндөр байшингууд

Мянган гудамжийг удаар ногооруулж

Усан хонгил газар сайгүй бүрхэж

Зуун замыг тоорын цэцэгсээр холбож

Хүмүүсийг согтууруулам хотын шөнө

Алсыг мөрөөдөх хэрэг алга

Бугат хотод байхад л хангалттай” гэсэн Бугат хотын уриа амжилттай хэрэгжиж буйг энэ төсөл гэрчлэх буй за. Ийн өгүүлэхийн учир нь судалгаагаар тус хотын иргэдийн 95 хувь нь Бугат хотыг “Аз жаргалтай хот” хэмээн тодорхойлсон байна. Ингээд өвөрлөгч орноор зорчон тэмдэглэлээ энд хүргээд өндөрлөж байна.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.