Comment.mn

‘Питер Пэн’ хүүхдийн мюзикл жүжгийн дүрийн сонгон шалгаруулалт болно

Нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд “Торгоны зам” сангаас санаачлан Дэлхийн алдарт Броудвэй театрын “Питер Пэн” хүүхдийн мюзикл жүжгийг албан ёсны эрхтэйгээр ирэх аравдугаар сард тоглогдохоор төлөвлөгджээ. 

“Питер Пэн” жүжигт сонгогдон оролцох хүүхдүүдэд мэргэжлийн уран бүтээлчид, багш нар дуу, бүжиг, жүжгийн хичээл заах бөгөөд тайз засал, хувцас,жижиг хэрэгсэл гээд бүхий л зүйлсийг мэргэжлийн өндөр түвшинд бэлдэхээр жүжгийн багийнхан бэлтгэж байгаа гэдгээ дуулгалаа. Тэгвэл тэд уг жүжигт тоглох авьяаслаг хүүхдүүдийг 2019 оны тавдугаар сарын 18-нд сонгохоор шалгаруулалтын товоо зарлав.

Тус сонгон шалгаруулалт үнэ төлбөргүй болох бөгөөд дуулах, жүжиглэх тун чиг сонирхолтой 12-18 насны охид хөвгүүд та бүхэнд нээлттэй.  Улаанбаатар чуулгын байранд болох шалгаруулалтанд оролцохдоо 1 хувь цээж зураг, дуу, бүжиг, шүлэг бэлдэж очно гэдгээ бүү мартаарай. илүү дэлгэрэнгүй мэдээллийг 8901-7996 лавлах боломжтой.

Дашрамд дуулгахад,  “Питер Пэн”жүжгийн зохиолч Жэймс Барри 1897 оноос жүжгийн зохиолд шамдан орж, хэд хэдэн цуврал жүжиг бичсэн байдаг. Тэдгээр зохиолуудаас хамгийн алдартай нь 1904 онд олны хүртээл болсон “Питер Пэн”жүжиг юм. Хэзээ ч хөгширдөггүй, зүггүй хүүгийн тухай үлгэрийн зохиол нь хүмүүст бага насны дурсамж, мөрөөдлийг нь эргүүлэн авчирснаараа онцлог хэмээн тухайн үеийн театрын урлагийн шүүмжлэгчид хэлж байжээ. Энэ зохиолоороо Жэймс Барри маш их алдар хүндээс гадна Гүн хэмээх цолыг хүртэж байжээ.

Уг зохиолыг 1953 оны хоёрдугаар сарын 11-нд Уолт Дисней пикчерс хүүхэлдэйн кино болгон анх удаа дэлгэцнээ гаргасан байна. Тус жүжигт Питер нэрт жаалхүүгийн тухай мөн хүүхэд бүрийн мөрөөдлийн ертөнц болох “Хаана ч үгүй” арал, гэрэлт тоос цацруулан нисдэг бяцхан шидэт дагинасын тухай ч өгүүлнэ. Питер гэрээсээ оргон, “Хаана ч үгүй” арал дээр очсоноор мөнхийн балчир хүүхдээрээ, сүүн шүдтэйгээ үлддэг. Тэр мөн өөртэйгөө адилхан мөрөөдөлтэй хөвгүүдийг олж, тэнд аваачин Дэгээ нэрт далайн дээрэмчдийн ахлагчтай тулалдан, улаан арьстнуудтай нөхөрлөн, лусын дагинастай найзалснаар адал явдалтай учирдаг юм.

Шотландын зохиолч Жэймс Барригийн “Питер Пэн, Венди хоёр”, “Питер Пэн Кенсингтоны цэцэрлэгт” зохиолууд нь XX зууны хүүхдийн уран зохиолын ноён оргилуудын нэг билээ.  “Питер Пэн”-тэй холбоотой сонирхолтой түүхийг сөхвөл, Жэймс Барри дотны найз Сильвия, Артур хоёрыгоо өөд болсны дараа тэдний таван хүүхдийг халамжлан хүмүүжүүлэгч нь болсон байна. Энэхүү Питер Пэний тухай гайхамшигт түүхээ өнчин үлдсэн тэр таван хүүхдэд зориулан бичжээ.

Түүнчлэн Питер Пэнд зориулсан хамгийн анхны хөшөө Лондон хотын төвд байрлах Кенсингтоны цэцэрлэгт хүрээлэнд 1912 оны дөрөвдүгээр сарын 30-нд сүндэрлэсэн бол үргэлж хүүхдээрээ үлдсэн Питер Пэний хөшөө дэлхийн зургаан хотод байдаг аж.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.