Comment.mn

Р.Болд: Австралийн засгийн газар Монголд хэрэгжүүлэх “Олборлолтын хөтөлбөр”-өө зарласан

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Р.Болдтой ярилцлаа.

 

 -“Оюутолгой”, “Рио Тинто”-той холбоотой асуудал монголчуудын анхаарлын төвд байгаа учраас энэ сэдвээр ярилцлагаа эхэлье гэж бодож байна. “Рио Тинто” Австралийн групп хэдий ч Их Британид бүртгэлтэй байдаг. Үндэстэн дамнасан тус групп Австралийн Засгийн газартай ямар харилцаатай байдаг вэ? 

 

-“Рио Тинто” группийн хувь цааны 23 орчим ху вийг австраличууд эзэмш дэг, “Оюутолгой”-н хувь цааны 66 хувийг эзэмшдэг “Түркүйз Хиллз” компанийн хувьцааны тал нь “Рио Тинто”-ийнх. Иймд австрали чуудын хувьцаа “Оюутолгой”-д мэдээж нэлээд бий. Тэгэхээр хөрөнгө оруу лагчид буюу хувьцаа эзэмшигчид “Оюутолгой”-н явцыг сонирхох нь тодорхой. Ер нь Австралийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Оюу толгой” төслийн явцтай холбогдсон сайн, муу мэдээлэл л гарна. Олон нийт үүгээр л Монголыг төсөөлнө шүү дээ.

 

-“Рио Тинто” Монголын томоохон төсөлд хөрөнгө оруулагчийн хувиар ямар нэгэн асуудал үүслээ гэхэд Австрали, Их Британийн Засгийн газраас тухайн үйл явцад оролцох боломжтой юу? 

 

-Монголд хөрөнгө оруулж буй асуудлыг бид Засгийн газар хоорондынх гэдэг талаас нь биш, харин Монголд хувийн хэвшлийг дэмжиж байна уу, үгүй юү, бид даяаршилд бэлэн үү, зах зээлийн эдийн засгийг бид дэмжих үү гэсэн илүү өргөн хүрээнд авч үзэх хэрэгтэй. Австралийн Засгийн газар биднээс ганцхан зүйлийг л хүсдэг. “Хэрвээ бүс нутгийн хамтын ажиллагаанд нэгдэх хүсэлтэй юм бол гадаадын хөрөнгө оруулалтын орчин чинь эрх зүйн болон үйл ажиллагааны хувьд ил тод, тогтвортой байх ёстой” гэж. Түүнээс биш “Оюутолгой”-г тойрсон асуудлыг “Энэ бол компани хоорондын, хувийн компанийн төвшнийх” гэж үзэж оролцдоггүй. АПЕК-ийг үндэслэн байгуулагч нэг улс нь Австрали. Анхнаасаа бүс нутагт чөлөөт худалдааны бүс бий болгох, гадаадын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих үүднээс АПЕК-т оролцсон, бас байгуулсан. Яагаад гэвэл, Австралийн эдийн засаг гадаадын хөрөнгө оруулалт дээр л тогтдог юм. Хэрэв гадаадын хөрөнгө оруулалтад таагүй ханддаг бол Австралитай бусад асуудлаар ярихад төвөгтэй болно. АПЕК бол эдийн засгийн хамтын ажиллагаа, даяарчлал ярьдаг форум л даа. Гишүүнээр элсэх хүсэлтийг бусдаас дэмжлэг хайж бид олон жил тавьж байгаа. Биднээс хамгийн түрүүнд “Танай эдийн засаг чинь хэр том билээ” л гэдэг. Хариуд нь “10 тэрбум ам.долларын эдийн засагтай” гэхэд санаа алддаг, тэгээд “Эдийн засгаа томруулах хэрэгтэй” л гэж зөвлөдөг. Гэтэл бид гадаадын хөрөнгө оруулалтыг хараад хэчнээн хугацаа алдаж байгаа билээ. АПЕК-ийн гишүүн21 улс бий. Хамгийн сүүлд 1998 онд гурван улс, түүний дотор ОХУ, Вьетнам гишүүнээр элссэн. АПЕК-ийн гишүүн хамгийн жижиг эдийн засагтай Бруней, Папуа Шинэ Гвиней хоёр гэхэд л16 тэрбумын эдийн засагтай. Гэхдээ эдгээр улс нь цагийн сайханд Австралийн хүчтэй дэмжлэгээр элссэн шүү дээ. Долоон гишүүн улсын эдийн засаг200-500 тэрбум ам.долларт яригдана. Бусад нь триллионоос дээш л ярина.

 

-Оюутолгойн гэрээний асуудлыг эргэж харах талаар байнга ярьж, шаардах явдал ч бий. Монголын талын эзэмших хувь хэмжээг 51 хувьд хүргэх тухайд Австралийн тал, “Рио Тинто” групп хэрхэн хүлээн авч байгаа вэ. Улс эх орноо төлөөлөн тус улсад сууж байгаа Элчин сайдын хувьд энэ талаар ямар байр суурьтай байна вэ? 

 

-Шинэ зүйлийг эхлүүлнэ гэдэг амаргүй. Гэхдээ эхлүүлж л байвал урагшилж байна гэсэн үг. Энэ бол ажлын ядаж хагас нь шүү дээ. Дээр нь зуун хувь төгс төгөлдөр зүйл гэж үгүй. Аливаа асуудлыг амьдрал, хөгжлийн явцад нь боловсронгуй болгоод явдаг. Хувь хэмжээний асуудлыг Лондонд байдаг“Рио Тинто” групптай ярьж байгаа. Австралийн тал үүнд оролцдоггүй.

 

-Ер нь уул уурхай, хөрөнгө оруулалтын салбарт Монголын төр Засгийн бодлого тийм ч ойлгомжтой биш байгаа тухай хөрөнгө оруулагчид ярьдаг. Австраличууд энэ талаар ямар бодолтой явдаг бол. Хоёр орны тодорхой салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд энэ нь хэр бэрхшээл учруулдаг вэ? 

 

-“Олон улсын хэмжээнд танигдсан хувийн ганц компанитай ажиллаж чадахгүй байж, гадаадын хөрөнгө оруулалтыг яаж татах гэсэн юм бол доо” хэмээх дохиог л Австралийн ажил хэрэгч байгууллага, хүмүүсээс их өгдөг дөө. Ийм үед Монголын хөрөнгө оруулалтын орчны талаар ярих зүйл олдохгүй шүү дээ. Ер нь юугаа ч ярих билээ. Сүүлийн 20 жилд Монголд хийсэн гадаадын хөрөнгө оруулалт 14 тэрбум гаруй ам.доллар. Үүнээс бараг хагас нь зөвхөн 2010, 2011 онд буюу хоёрхон жилд орсон. Тэгэхээр монголчууд хэний хөрөнгө оруулалтаар амьдарсан нь тодорхой шүү дээ. Манайхан“Гадаад бодлогыг эдийн засагжуулна” гэж ярих дуртай. Тэгээд эдийн засагжуулж байгаа нь гээд ДТГ-т л худалдаа, эдийн засгийн хариуцагч гээд хэдэн хүн томилоод дуусдаг. Энэ бол зүгээр л техникийн асуудал. Хамгийн энгийн ойлголтоор бол гадаад бодлого нь дотоод бодлогын үргэлжлэл. Гадаад бодлогын өнөөгийн төдийгүй ойрын хэдэн жилийн тулгамдсан зорилт бол гадаадын хөрөнгө оруулалтыг л татах явдал шүү дээ. Ер нь хэдий болтол бид амьдралгүй, хэлбэр хөөцөлдсөн гадаад бодлоготой байх юм бэ. Монголын эдийн засаг гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт дээр л тулгуурладаг. Энэ хоёр чухал чиглэлийг хариуцсан яам байх, эсвэл гадаад бодлогын шийдвэрлэх тулгамдсан өдөр тутмын асуудлууд байх ёстой. Чингэвэл гадаад бодлого эдийн засагжихдаа ойртох нь гэж хэлж болно. Ийм л бодлого дутагдаж байгаагаас зөвхөн Австрали биш бусад оронтой ч харилцаа хөгжүүлэхэд учирч буй нийтлэг бэрхшээл гэж болно.

 

-“Рио Тинто”-ийн охин компани“Оюутолгой” Нидерландад бүртгэлтэй байдаг. Гэтэл Нидерланд манайтай татварын хөнгөлөлт эдлэх орнуудын жагсаалтад багтдаг. Энэ асуудал шийдэгдсэн үү, шийдэгдээгүй бол хэрхэн шийдэх вэ? 

 

-Нидерландтай энэ хэлэл-цээрийг манайх цуцалсан. Сингапур, Өмнөд Солонгосын Элчин сайд нар ярьдаг л даа. “Бид танайхтай адил ашиглах газрын баялаггүй. Зөвхөн“толгой”-оо ашиглаж, дээр нь сахилга, зохион байгуулалттай байж хөгжлийн ийм төвшинд хүрсэн” гэж. Өөрөөр хэлбэл, мэдээллийг ашиглаж хөгжсөн гэсэн үг. Хөгжингүй орнуудын байгууллагаас 2014 онд Сингапурыг бизнес хийх хамгийн таатай орноор, Канберраг амьдрах хамгийн таатай орчин бүхий хотоор тус тус шалгаруулсан. Монгол, Сингапур улс татварын харилцан хөнгөлөлттэй, бизнес хийж байгаа хэн боловч ашигтай байх бүхий л цоорхойг олж харна шүү дээ. Энэ бол өрсөлдөөн учраас “толгой”-оор л шийднэ. Түүнээс биш гудамжны улс төрөөр шийдэхгүй.

 

-Зөвхөн “Рио Тинто” гэлтгүй уул уурхай, тэр дундаа нүүрсний салбарт хоёр улс өргөн харилцаатай. Тавантолгойд л гэхэд тус улсын компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Уул уурхайн салбарын хамтын ажиллагаанд тулгамдсан ямар асуудал байна вэ. Хоёр улсын Засгийн газар хооронд шийдвэрлэхээр хэлэлцэж, ярилцаж байгаа юу байна даа. Ойрын үед Австралиас манайд хөрөнгө оруулахаар ярьж байгаа төслүүд бий юү? 

 

-Австралийн тал манай улсад жилд 10 гаруй сая авст.долларын буцалтгүй тусламж үзүүлдэг. Үүнээс гадна Дэлхийн банкнаас манайд үзүүлдэг техникийн тусламжийн санхүүжилтийн нэлээдийг буюу 10 орчим сая ам.долларыг Австрали өгдөг. Тус улсын Засгийн газар ирэх таван жилд Монголд хэрэгжүүлэх “Олборлолтын хөтөлбөр” гэдгээ зарласан. Манай уул уурхайн салбарын менежментийг сайжруулахад хамтран ажиллах юм. Хэдийгээр хаширсан боловч манай улсын нөхцөл байдал сайжирвал оролцоход бэлэн байгаа хөрөнгө оруулагчид нэлээд бий. Австралийн томоохон АНЗ банк манайд салбараа нээх гэж хүлээж хүлээж сая хойшлуулаад Хятадад нээлээ. Төмөр замын төсөлд оролцох сонирхолтой компаниуд байна.

 

-Монгол, Австрали улс нүүрсний салбарын бодит өрсөлдөгчид мөн үү? 

 

-За даа, бид уул уурхайн салбарт Австралитай өрсөлдөнө, эсвэл Австрали бидний өрсөлдөгч гэж ярихад би дургүй. Энэ чинь дэлхийн12 дахь том эдийн засаг шүү дээ. Гэхдээ өрсөлдөхөд, эсвэл өрсөлдөгч байхад юу нь муу байх билээ. Өрсөлдөж байж л өндөрт гарна шүү дээ.

 

-Австраличууд уул уурхайн салбарт сайн менежмент хийснээрээ олон улсад туршлага болдог. Манайд үүнээс суралцмаар, туршлага болгомоор чухал хэдэн санаа гэвэл та юу хэлэх вэ? 

 

-Хамгийн түрүүнд уул уурхайн мэргэжилтэй, мэргэшсэн ажилчдын сургалтын стандарт байна. Энэ нь дэлхийд шалгарсан үзүүлэлт. Байгаль орчноо нөхөн сэргээдэг туршлага бий. Австраличууд орд газрыг тойроод баахан дэд бүтэц барих гэдэггүй. “Рио Тинто” компани орд газрыг удирдах оперативын төв байгуулсан. Хамгийн орчин үеийн техник хэрэгслээр хангагдсан, олборлолт, тээвэрлэлт, борлуулалт, үнийн индекс бүгдийг нэгэн зэрэг дэлхий, бүс нутаг, Австрали даяар харьцуулан харж удирдана. Уул уурхайн компаниуд энэ туршлагыг нэвтрүүлж эхэлж байна. Манайхан ч гэсэн их л ирж туршлага судалдаг шүү дээ. Тэгсэн мөртлөө бид танин мэдэхүйн төвшиндээ л байгаад байх юм.

 

-Австрали хөдөө аж ахуйн орон учраас манайхтай бас төстэй. Энэ талын хамтын ажиллагаа хэр өргөжих төлөвтэй байна вэ? 

 

-Энэ бол хамтын ажиллагаа тогтох ирээдүйтэй чиглэл. Австралийн хөдөө аж ахуйн судалгааны төлөөлөгчид сүүлийн хоёр жилд Монголд гурван удаа очлоо. Одоо л чиглэлээ гаргаж байна. Технологи авах, малын үүлдрийг сайжруулах болон ноосны сорьцыг тогтоох лаборотари авах гээд саналууд тавигдсан. Дэлхийн брэнд болсон хонины арьс, ноосоор хийсэн Австралийн өвлийн бойтгийг яагаад бид хийж болоогүй юм бол. Хонины ноосон бүтээгдэхүүн нь яагаад манай ямааны ноолууран бүтээгдэхүүнээс илүү байгаа юм бол. Ер нь хөдөө аж ахуйн бэлэн бүтээгдэхүүн экспортлохын тулд бид зарчмын өөрчлөлт хийхгүй бол явахгүй гэдэг нь тодорхой байна шүү дээ. Алийн болгон татвар бараг төлдөггүй, нүүдлийн ахуй соёлоо хадгална, төрийн хамгаалалтад байх тул төрөөс бүхнийг хийх ёстой гэсэн бараг бүтээмжгүй, амиа аргацаасан аж ахуйтайXXI зуунд явах вэ. Фермерийн аж ахуйг онцлогтоо нийцүүлэн нэвтрүүлэх ёстой. Манай улсын малчин өрх, Австралийн фермер өрхийн тоо бараг ижил. Австрали улс 75 сая хонь, 30 сая үхэртэй, жилийн экспорт нь30 илүү тэрбум авст.доллар. Жилдээ хоёр сая малыг амьдаар нь экспортолдог орон шүү дээ.

 

-Монголын зарим иргэн Австралид хонь мал хариулдаг ажил хийдэг гэсэн. Ер нь тус улсад ажиллаж байгаа хэр олон монгол хүн байна вэ. Албан шугамаар ажиллаж байна уу, “харласан” болов уу? 

 

-Фермерийн суурин аж ахуйд хонь хариулна гэж байхгүй. Харин арчилж, маллана. Бэлчээрт дураараа явдаг малчныг хөдөлмөрийн нарийн хуваарьтай асар их ачаалалтай, өдөр тутам техниктэй харилцдаг суурин аж ахуйд яаж шилжүүлэх билээ. Энэ бол сэтгэлгээ, арга барилын өөрчлөлт шүү дээ. Австралид ажиллаж, суралцагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Одоо хоёр мянга илүү гарсан. Австралид “харлаад” амьдрах хэцүү шүү дээ. Бараг боломжгүй. Саяхан Викториа мужид манай хэдэн малчид өөрсдийн хүсэлт, зардлаар ирж хонины ноос хяргах арга ажиллагаа, техниктэй танилцаад буцсан.

 

-Сүүлийн үед хоёр улс хоорондын боловсролын салбарын харилцаа идэвхжиж байгаа. Австралид нийт хэчнээн монгол хүн суралцаж байна вэ. Энэ тоо жилээс жилд нэмэгдэж байна уу. Тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцагсдын тоог нэмэгдүүлэх боломж бий юү?

 

-Ер нь хоёр орныг холбогч гүүр нь уул уурхай гэхээс илүү боловсролын салбар. Тодруулбал, Австралийн зардлаар Монголын 400 гаруй залуус дипломатын дараах сургалтыг дүүргэсэн, мөн одоо суралцаж байна. Тус улсын экспортын 16 хувийг боловсрол эзэлдэг. Намайг хоёр жилийн өмнө ирж байхад 400 гаруй оюутан Австралид суралцаж байсан. Өнөөгийн байдлаар, 800 гаруй оюутан суралцаж байна. Эдгээрийн талаас илүү нь хувийн зардлаар суралцагчид. Ерөнхий сайд асан С.Батболдыг 2011 онд айлчлах үед Австралийн тал тэтгэлгийг жилд 28 байсныг нэмж 38 болгосон. Энэ жил Гадаад харилцааны сайд асан Л.Болдыг айлчлах үеэр мөн нэмж 43 болголоо. Уг нь нэмээд байгаа юм шүү дээ. Өнөөдөр манай төрийн ямар ч байгууллагад Австралид сургууль төгссөн хүн байгааг хялбархан олж болно. Австралийн Засгийн газар ирэх таван жилд Азийн орнуудад оюутнуудаа түлхүү явуулах “Шинэ Колумбын хөтөлбөр” гэдгийг зарласан. Ирэх жилээс Австралийн эхний гурван оюутан Монголд суралцахаар шалгарч явах гэж байна. Энэ бол бас л хөрөнгө оруулалт шүү дээ.

 

-Хувийн зардлаар суралцвал хэр хэмжээний төлбөр, зардалтай байдаг бол? 

 

-Австралийн тал1.5 жилийн хугацаатай мастерт суралцах оюутанд 120 гаруй мянган авс. доллар зарцуулдаг. Хэлний дамжаанд суралцах бол улиралд сургалтын зардал15 мянга орчим авс.доллар. Гэхдээ Австралийн тал ажиллах эрхээр оюутнуудыг хангадаг нь том хөнгөлөлт.

 

-Та Элчин сайдын хувиар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг ямар утга агуулгаар, аль салбарт баяжуулах хүсэл, бодолтой явдаг вэ? 

 

-Ямар ч улс үндэстэнд гэрэлтэй, бас бараан талууд байдаг. Бусдыг дуурайх дуртай хүмүүст бол Австрали, Шинэ Зеландыг л хуулмаар юм шиг санагддаг. Парламентын сонгодог засаглалтай улс, улс төр нь гудамжинд биш, танхимд ойлгомжтой явагдана. Намын дарга, Ерөнхий сайд нь бүхий л хариуцлагаа үүрнэ. Улс төрийн намууд нь цөөн гишүүнтэй, гэхдээ дэмжигчдэд тулгуурлана. Улс төрийн хандив нь хуулиар тогтоосон, хувь хүн, байгууллага 11999 авс. доллараас илүүг хандивлавал заавал бүртгүүлнэ. Төрийн тэргүүн нь Амбан захирагч, хуулинд шийдвэрлэх эрх бүхий гарын үсэг зурна. Ганц нэгэн хүнийг томилдог ч Төрийн тэргүүний бэлгэ тэмдэг болсон ёслолын үүргээ гүйцэтгээд улс төрийн амьдралд оролцохгүй, нэр хүндтэй явна. Сонгуульд ялсан намуудын улс төрийн хөтөлбөр бүхнийг хамарсан олон хуудас биш. Товчхон, ойлгомжтой ирэх гурван жилд тодорхой томоохон тоотой хэдэн асуудлыг шийднэ. Эдийн засаг нь уул уурхай, хөдөө аж ахуйд тулгуурлана. Бүгд татвар төлөгчид, фермерүүд жижиг, дунд аж ахуй эрхлэгч гэдгээр татвараа төлнө, гэхдээ хөнгөлөлт их эдэлнэ. Эдийн засгийн бодлогын үндсэн зорилт нь гадаадын хөрөнгө оруулалтыг яаж татах вэ гэдэгт л оршдог. Хяналтын байгууллагуудын өдөр тутмын үндсэн ажил нь хүнсний аюулгүй байдлыг хангах явдал. Хэвлэл мэдээллийн ажиллагаа нь хүнд, хүүхдэд танин мэдэхүйн мэдээллийг хүргэж, улстөржихөд хөөргөддөг нэвтрүүлэг нь хязгаартай, ийм байхад иргэдийн амьдрал нь тогтвортой, хүнс нь эрүүл, хүн бүр инээд дүүрэн нүүртэй байх юм байна шүү дээ. Хоёр талын харилцаагаар дамжуулан Австралийн энэ л нааштай талуудыг аваасай гэсэн бодол л байна.

 

Т.Бүдээхүү

Эх сурвалж-www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.