Comment.mn

Ерөнхий сайд С.Мөнхчулууныг батламжлах л үлдлээ

Өчигдөр нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаан болж шинэхэн даргаа сонголоо. Уг нь МАН-ын Удирдах зөвлөлөөс хотын захирагчид НИТХ-ын дарга С.Амарсайханыг дэмжиж илгээсэн ч НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун заалнаас нэрээ дэвшүүлж ялалт байгуулан хотын дарга болох замаа засчихлаа. Тодруулбал,санал хураалтад нийт 43 төлөөлөгч оролцосноос 24 нь С.Мөнхчулуунд, 16 нь С.Амарсайханд итгэл үзүүлсэн гэсэн үг.

Мэдээж МАН-ын Удирдах зөвлөлийнхөн С.Мөнхчулууныг гэнэт ингэж цойлон гарч өөрсдийнх нь төлөвлөгөөг нураана гэж огтоос бодоогүй гэж мөрийцөхөд нэг их хол зөрөхгүй л болов уу. Учир нь тэд С.Амарсайханы “бул хар чулуу” болоод байсан НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга Р.Дагвад түүний хашиж буй албан тушаалыг өгөхөөр тохиролцсон юм. Гэтэл зам мөрөө мянгантаа засуулсан С.Амарсайхан ангийнхнаасаа дэмжлэг авч чадалгүй бүдэрсэн нь түүний чансаа, рейтинг хэр байгааг харуулчихав.

Ямартай ч НИТХ-ынхан уг саналаа Ерөнхий сайдад уламжилна. Хуульд зааснаар Ерөнхий сайд нийслэлийн Засаг даргыг батламжлах ёстой. Хэрвээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх НИТХ-аас ирүүлсэн саналыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээж буцаавал НИТХ дээрх асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцээд, дахин санал хүргүүлэх юм. Харин энэхүү саналыг Ерөнхий сайд тав хоногийн дотор багтаан хотын даргыг томилох ёстой гэсэн хуультай. Тиймээс л Ерөнхий сайд намынх нь сценариас гадуур байсан С.Мөнхчулууныг хотын даргад батламжлах болов уу гэсэн хүлээлт МАН-ынхан хийгээд олон нийтэд байна. Зарим эх сурвалжуудын хэлж буйгаар “хэрвээ Ерөнхий сайд С.Мөнхчулууныг батламжлахгүй бол НИТХ яг УИХ шиг байдалд орно. Учир нь НИТХ-хан анхнаасаа хотын даргыг гаднаас биш дотроосоо сонгоё гэсэн шийдэлд хүрсэн.Тиймээс л дотроосоо гэдэг утгаараа заалнаас нэр дэвшиж ялалт байгуулсан С.Мөнхчулууныг Ерөнхий сайд батламжлах байх гэж олон нийт найдаж байгаа” хэмээсэн юм. Түүнчлэн олон нийтийн цахим сүлжээгээр иргэд “арай ч Ерөнхий сайд маань Ноёны бөх унаж болохгүй, дахин барилдуул” гэж хэлэхгүй байлгүй дээ гэж үзэл бодлоо илэрхийлсэн байв.
Юутай ч шинэхэн хотын дарга С.Мөнхчулуун Ерөнхий сайдаас батламжаа авсныхаа дараа хамгийн эхний хийх ажил нь МАН-аас дэвшүүлсэн “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийг 100 хувь биелүүлэхийн төлөө ажиллах аж. Тэрбээр уг мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийн тулд одоо үлдэж байгаа 1.5 жилийн хугацаанд НИТХ-ын төлөөлөгчид болон дүүргүүдтэйгээ нягт хамтарч ажиллаж, маш хурдтайгаар энэ ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа тухайгаа дуулгасан юм. Түүнчлэн тэрбээр НИТХ-ын дарга С.Амарсайхантай гар нийлж нийслэлийн иргэдийнхээ төлөө энэ богинохон хугацаанд олрн ч ажлыг хийж амжуулна гэдгээ ч илэрхийлж байв.

Мэдээж энэ бүхнийг амжуулахын тулд төрийн албаны туршлага гэдэг юу, юунаас илүү чухал. Тухайлбал, тэрбээр 2016 онд СХД-ээс НИТХ-д нэр дэвшиж сонгогдсон. Инженер мэргэжилтэй, төр захиргааны байгууллагад ажилласан туршлага байсан учраас ангийхан нь андууд түүнд итгэл үзүүлсэн хэрэг. Тиймээс л Ерөнхий сайд манай, танай гэж ялгалгүй хотыг эзэнтэй байлгах уу, үгүй юу гэдгийг харах л үлдлээ.

Niigmiintoli.mn

Төр Төмбөгөр

1 сэтгэгдэл

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.