Comment.mn

Эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулах тухайд

Эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулах тухайд
Хямрал, эдийн засгийн мөчлөгийн тухай онол эдийн засгийн сэтгэлгээнд нэлээд дээр үеэс хэрэглэгдэж иржээ. Уг онолын суурийг тавигчид нь XVIII зууны Шотландын философич, эдийн засагч Давид Юм, XIX зууны эхэн үеийн Английн нэрт эдийн засагч, сонгодог сургаалийн төлөөлөгч Давид Рикардо нар юм. Рикардогийн залгамжлагчид болох Австрийн эдийн засагч Людвиг фон Мизес эдийн засгийн мөчлөгүүдийн хамгийн тодорхой бөгөөд бүх талыг хамарсан хэн ч маргашгүй онолыг 1912 онд нээж, Мизесийн гол залгамжлагч Фридрих Хаек 1930-аад оны эхээр мөчлөгийн онолыг нарийвчлан хөгжүүлсэн нь “Эдийн засгийн мөчлөгийн тухай “Австрийн онол” буюу Мөнгөний дахин хуваарилалтын онол хэмээн нэршсэн билээ. Энэхүү онолын гол үндэс нь “Эдийн засгийн мөчлөгийн гол өдөөгч хүчин зүйл бол Засгийн газрын болон Төв банкны оролцоогоор үүссэн банкны зээлийн тэлэлт” гэж үзэж байгаад оршино. Эдийн засгийн мөчлөгийн шалтгаан нь зах зээлийн эдийн засгийн тогтолцооны далдын ямар нэгэн алдаанд биш, харин ч эсрэгээрээ, зах зээлийн үйл явцад төрийн оролцоо системчлэгдсэн байгаад л оршиж байдгийг дээрх эрдэмтэд олж тогтоожээ. Энэ бол онолоор батлагдаж, зах зээлийн замаар хөгжсөн улс орнуудын 100 гаруй жилийн туулсан замаар баталгаажсан бодит зүйл юм. Дээр дурьдсан онолын үүднээс харвал манай эдийн засгийн мөчлөг дэх хямралын үе шат нэгэнт эхэлсэн байгаа нь тодорхой байна. Энэ талаар би Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд Үндэсний статистикийн хороо, Монголбанк, Сангийн яамнаас 2014 оны долоо, аравдугаар сарын байдлаар гаргасан албан ёсны статистик, тоо баримт дээр тулгуурлан хийсэн судалгааныхаа дүнг үндэслэн эдийн засгийн хямрал гэдэг өргөн утгатай ойлголтыг илэрхийлдэг нөгөө ажилгүйдэл, ядуурал, үнийн өсөлт, санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал зэрэг бүхий л үзүүлэлтүүд жил, улиран дараалан буурсан байгаа нь Монгол Улсын эдийн засаг аль хэдийнэ “хямралд” орсон байна гэсэн дүгнэлтэд хүрснээ Монгол Улсын эдийн засаг хямарсан уу, Монгол Улсын санхүүгийн зах зээлийн байдал хүндэрсэн үү, Монгол Улс өрийн хямралтай тулгарсан уу гэсэн судалгааныхаа дүнгээр хийсэн өмнөх нийтлэлүүдээрээ уншигчдадаа дэлгэрэнгүй хүргэсэн билээ. Эдгээр нийтлэлээрээ Монголбанк мөнгөний нийлүүлэлтийг дотоодын эдийн засгийн бүтэцтэй уялдуулалгүй их хэмжээгээр нэмэгдүүлсэн нь зээлийн хэмжээг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг сулруулж, эцэстээ банк санхүүгийн системийг хамарсан хямрал үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн талаар байр сууриа илэрхийлсэн. Эдийн засаг хямарсан, олон арван мянган аж ахуйн нэгж үүд хаалгаа барьж байгаа энэ үед банкны системийн дээрх эрсдэл улам нэмэгдэж, 2015 онд санхүүгийн хямралд ч хүрэх нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй байгааг ч гадаад өрийн дарамтаас үүдсэн хямрал ямар аюултай үр дагаварт хүргэдгийг улс орноороо дампуурлаа зарласан Аргентин, Европын холбоог сөхрүүлж байгаа Грек, өрөнд газар нутгаа тасдан өгсөн Тажикстан зэрэг улсын жишээн дээр авч үзсэн. Нэгэнт хямралын үе шат үүссэн бол эдийн засагт сөрөг нөлөөгөө үзүүлэх нь дамжиггүй юм. Энэ үнэнээс хэн ч зайлж, юу ч гэж хэлж бултаад нэмэргүй. Хямрал бол хүсүүштэй зүйл биш ч гэсэн түрүүчийн үе шатынхаа гажуудал, туйлшралыг илрүүлэгч хүчин зүйл, зах зээлийн эдийн засгийн тогтворжуулагч үйл явц бөгөөд хөөрөгдөл, гажуудал, туйлшралыг зөөлрүүлж, эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээж өгдөг. Хамгийн гол нь зах зээлийн системийн ерөнхий онол дотор байн байн заавал тохиож байдаг эдийн засгийн мөчлөгийн үе шатууд байдаг гэдгийг ухаарч түүнд цаг тухайд нь дүн шинжилгээ хийж хямралыг гүнзгийрэхээс урьдчилан сэргийлэх, алдаатай бодлого, шийдвэрээ цаг алдалгүй засаж залруулах ёстойг онцлон тэмдэглэж байна. Шинээр байгуулагдаж байгаа Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч. Сайханбилэг эдийн засгийн хямралтай нүүр тулснаа хүлээн зөвшөөрч, Засгийн газрынхаа нэн тэргүүний зорилтыг “Нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг” гэж тодорхойлж, ажлаа эхэлж байгаа энэ цагт эдийн засгийн хямралын үед нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа арга хэмжээний талаар саналаа хэлье.

Нэг. Хямралын уг сурвалж, учир шалтгаан, түүний өрнөл хандлагыг зөв оношилж, хямралаас гарах богино хугацааны хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх.

Хоёр. Юуны өмнө ханшийг тогтворжуулж, инфляцийг зогсоох арга хэмжээ авах.

Гурав. Монгол Улсын нийт өрийн бүтэцдээ иж бүрэн дүн шинжилгээ хийж, гадаад өрийн дарамтыг аль болох бууруулж, үүсэж болох нөхцөл байдлын эрсдлийг бууруулах өрийн удирдлагын цогц бодлого боловсруулж хэрэгжүүлэх.

Дөрөв. Шинэчлэлийн Засгийн газрын бодлогын алдаагаа яаралтай засах. Мөнгөний зөв бодлого авч хэрэгжүүлэх.

Тав. Төсвийн бодлогын алдаагаа яаралтай засах шаардлагатай байна. 2015 оны төсвийн тодотголыг хямралаас гарах хөтөлбөртэй уялдуулж хийх. Чингэхдээ төсвийг аль болох боломжит хэмжээнд танаж, “Чингис”, “Самурай”, Хөгжлийн банкны бондыг нэгдсэн төсөвт тусгах.

Зургаа. 2015 оны хувьд манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр, цайрын үнэд өсөх төлөв ажиглагдахгүй байна, харин ч үнэ бага зэрэг буурна, өсөхгүй гэсэн таамгийг олон улсын шинжээчид дэвшүүлж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2017 оноос нааш сэргэхгүй хандлагатай байна. Оюутолгойн төслийн хоёр дахь ээлжийн хөрөнгө оруулалтыг “Рио Тинто” компани 2016 он хүртэл хойшлуулахаар шийдвэрлэсэн нь хөрөнгө оруулагчид манай улсад итгэх итгэл алдарсныг илтгэж байгааг олон улсын шинжээчид онцолж байна. Гадаад орчин нөхцөл ийм байгаа цаг үед түүхий эдийн үнийн өсөлт, тодорхойгүй төсөөлөлд найдаж 2015 оны төсвөө өндөр өсөлттэй байхаар тооцох биш, түүний оронд үндэсний бүтээх чадвар, дотоодын нөөц боломжид тулгуурлаж асуудалд бодитойгоор хандах, илүү бодитой үзүүлэлтээр баримжаалах.

Долоо. Дараах асуудлуудыг шийдвэрлэх нь эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулах, зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх үндэс суурь болно хэмээн Мооdy’s, ОУВС зэрэг олон улсын судалгааны байгууллагууд үзэж байна. Үүнд:

-Төсвийн тухай болон төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг чанд дагаж мөрдөх болон төсвөөс гадуурх зарцуулагдсан болон зарцуулагдаж буй долоон их наяд гаруй төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрүүдийг нэгдсэн төсөвт тусгах

– Гадаад худалдааны нөхцөлөө сайжруулах, экспортын орлогыг нэмэгдүүлэх

– Гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах

-Төгрөгийн ханшийг тогтвор-жуулж хамгаалах, үүгээрээ үнийг тогтворжуулах зэрэг болно.

Хямралыг хохирол багатай даван туулах, мөн банк санхүүгийн систем болон эдийн засгаа хамгаалахын тулд төгрөгийн ханшийг зайлшгүй хамгаалах шаардлагатай байна. Мөн экспортын орлого болон дотогшоо чиглэсэн валютын урсгалыг нэмэгдүүлэхэд Засгийн газар гол анхаарлаа төвлөрүүлж ажиллах ёстой ба юуны өмнө БНХАУ-тай хийх худалдааны нөхцөлийг сайжруулах нь экспорт болон хөрөнгө оруулалтыг татах томоохон боломжийг бүрдүүлнэ гэж үзэж байна. Эцэст нь эдийн засгийн мөчлөгийн онолыг үндэслэгч Мизесийнхээр, хямрал үүсчихсэн үед Засгийн газрын хийх ёстой хоёрхон зүйл бол өөрийнхөө төрүүлсэн инфляцийг зогсоох, өөрийнхөө зардлыг багасгахад л чиглэгдэнэ гэсэн санаагаар энэхүү нийтлэлээ төгсгөе.

Эдийн засагч Д.Даваасүрэн

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.