Comment.mn

“Улаанбаатар-2018” Олон улсын дүрслэх урлагийн наадам нээлтээ хийлээ

Монголын Урчуудын Эвлэлээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Улаанбаатар-2018 Олон улсын дүрслэх урлагийн наадам”-ыг 2018 оны 09 дугаар сарын 05-12-ны хооронд зохион байгуулахаар ажиллаж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр тус наадмын нээлтийн үйл ажиллагаа маш амжилттайгаар эхэллээ.Улаанбаатар-2018 Олон улсын дүрслэх урлагийн наадам нь дүрслэх урлагаар дамжуулан олон нийт болон залуу үеийнхний урлаг соёлын боловсролыг нэмэгдүүлж, Монгол Улсын Дүрслэх урлагийг дэлхий нийтэд сурталчлан таниулах үндсэн зорилготой бөгөөд олон улсын уран бүтээлчдийн бүтээлүүдээс эх орондоо дэлгэн үзүүлснээр улс орнуудын урлаг соёлын ялгааг дүгнэн харах боломж нээгдэх юм.

Цаашид жил бүр зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байгаа энэхүү арга хэмжээ нь урт хугацааны туршид өөр өөр өнгө аястайгаар ард иргэдийн урлагийн боловсролд тал бүрийн мэдлэг олгох билээ.  Монгол улсад зохион байгуулагдах гэж буй уг олон улсын наадам Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах бөгөөд Монгол, Орос, Хятад гурван улсын кураторууд ажиллах юм.

УБ Арт фестивалийн хүрээнд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй галерейнуудад (Үүнд: МУЭ-ийн арт галерей, UBарт галерей, Цагаан уул арт галерей, Q арт галерей, 976 арт галерей, MN 17 арт галерей, Best арт галерей, Өв арт галерей, Хаан галерей, Норпей арт галерей )Монголын шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэн дэлгэгдэх ба уг наадмын гол павилон нисэх явах замд байрлах Морьтны хөшөөнд байх юм. Мөн энэхүү олон улсын наадамд БНХАУ ( И Сан, Ли Хонгбо, Жианг Феймо), Швед(Жоанэс Ниэлсон), Эстониа(Сим-Танел Аннус), Мьянмар(Мин Тэйн Сунг), Австрали(Тан Лаурэнс), БНСУ(Ли Квон Соеп), ОХУ-аас (Жигжит Баясгаланов, Юрий Мандаганов, Татьяна Бороноева) зэрэг олон улсын шилдэг уран бүтээлчид хүрэлцэн ирээд байгаа юм.

Уг наадмын нэг томоохон үйл явдал нь БНХАУ-ын алдарт барималч И Сан өөрийн бүтээл болох “Хил хязгааргүй соёл иргэншил” бүтээлээ уг олон улсын наадамд зориулан Монгол улсын засгийн газарт хандивлах үйл ажиллагаа болох юм. Түүнчлэн, Уланбаатар-2018 Олон улсын дүрслэх урлагийн наадмын Арт-форумыг 9 сарын 6-нд зохион байгуулах ба форумд Монголын урлаг судлаач, эрдэмтэн профессорууд болон олон улсын кураторууд хүрэлцэн ирж  “Бид урлагийг шинээр яаж харах вэ?” Монголын Дүрслэх урлагийн өнөөгийн чиг хандлага түүний олон улс дахь байр суурийн талаар хэлэлцүүлэг, уран бүтээлчдийн яриа, лекцийг зохион байгуулна.

Уланбаатар-2018 Олон улсын дүрслэх урлагийн наадам зохион байгуулагдсанаар Монголын Дүрслэх урлагийн өнөөгийн чиг хандлага, орчин үеийн урлагийн хөгжлийг дэлхий дахинд таниулах, сурталчлах, Улаанбаатар хотын соёл, уламжлалыг таниулах, олон нийтийг урлагын боловсролд түлхэц үзүүлэх, дэлхийн шилдэг уран бүтээлчдийг танилцуулах, тэдний бүтээлийг эх орондоо үзэх мөн цаашлаад олон улсын шилдэг куратор, судлаачидтай дүрслэх урлагийн талаарх санал бодлоо харилцан солилцох боломжтой болж байна.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.