Монголчуудын хэнэггүй зан гэмт хэрэгтэн болгодог тохиолдол гарсаар байна. Тухайлбал төрийн албан хаагч бүсгүй ажлынхаа 00-ын өрөөнөөс гар утас олж цагдаад хүлээлгэж өгөөгүйгээсээ болж өнөөдөр анхан шатны шүүхээс ял сонсоод байна.
Монгол улсын иргэн, 1991 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Баянмөнх сумын 1 дүгээр баг, Баянбулаг багт оршин суудаг, Хэнтий аймгийн Баянмөнх сумын засаг даргын тамгын газарт санхүүгийн албаны дарга ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Э. Ө ажлынхаа 00-ын өрөөнөөс гар утас олсон. Улмаар цагдаад мэдэгдээгүй нь түүнийг гэмт хэрэгтэн болгосон юм. Тодруулбал, Э.Ө нь 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах аймгийн Засаг даргын тамгын газрын 1 давхрын нойлын өрөөнөөс иргэн У.Ганганмөрөнгийн гээсэн “Самсунг Галакси Е5” маркийн гар утсыг завшиж У.Ганганмөрөнд 477.700 төгрөгийн хохирол учруулсан байна.
Гар утсаа 00-ын өрөөнд орхиж гарсан Хохирогч У.Ганганмөрөнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…Тэгээд би 10 цаг 15 минутанд аймгийн засаг даргын тамгын газрын 1 давхрын нойлын өрөөнд бие засах гээд орсон. Нойлын өрөөнд ороод цонхны тавцан дээр самсунг галакси Е5 маркийн гар утсаа тавиад бие засаад гарахдаа гар утсаа мартаад гарсан. Би гар утсаа мартсанаа 20 минутын дараа мэдээд нойлын өрөө болон үйлчлэгч нараас асуухад гар утас хараагүй гэж байсан. Би тамгын газрын даргын өрөөнд орж нойлын өрөөнд орж байгаа иргэдийг камераар шүүж үзэхэд 2 эмэгтэй орж байсан. Нэг эмэгтэй нь Баянмөнх сумын төрийн сангийн төлөөлөгч ажилтай Ө гэдэг эмэгтэй орж байсан…..Тэр хоёр эмэгтэйг сэжиглэж байна… гэдгийг хэлсэн.
Харин энэ хэргийг үйлдсэн Э.Өын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн: “…Миний нүдэн дээр өвдөг гарсан учир нойлын өрөө лүү өглөө 10 цагийн орчимд орсон. Би нүүрээ будаад нүдэн дээр юм гарсан тул нүдээ цэвэрлэсэн. Аймгийн захиргааны эмэгтэй нойлын өрөөний цонхны тавцан дээр цагаан өнгийн Самсунг галакси Е5 маркийн гар утас байхаар нь бариад гарсан….захиргааны орон нутаг өмчийн нягтлан бодогчийн өрөөнд орж нотебүүкээ цүнхээ аваад нотебүүк байсан цүнхэн дотор самсунг галакси Е5 маркийн гар утсыг хийгээд аудитын газар дээр баримт бичгээ шалгуулаад орой 20 цагийн орчимд дууссан. Би нотебүүкний цүнхнээс баримт бичиг авах гээд орон нутгийн өмчийн газрын өрөөнд ороход 7, 8 удаа залгасан дуудлага ирсэн байсан. Би тэгэхээр нь буцаагаад цүнхэн дотор хийгээд орхисон… Би 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн орчимд Нарантуул захын гар утас засвар дээр очоод Самсунг галакси Е 5 маркийн гар утасны мэдээлэл, цоожийг устгуулсан…” гэж хэргээ хүлээжээ.
Тиймээс шүүхээс Э.Ө нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж ял оногдуулсан байна. Тодруулбал, хүний утас олсон хэрнээ цагдаад мэдэгдээгүй Э.Ө-г гэм буруутай гэж үзэж, 450 000 төгрөгөөр торгожээ.
Өнөөдөр нийслэлийн өнцөг булан бүр хяналтын камертай болсон. Тиймээс иргэн та гар утас олсон л бол тухайн газрын албан хаагчид мэдэгдэн өгөх эсвэл цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй. Эс бөгөөс та гэмт хэрэгтэн болж, энэ нь таны намтарт насан туршид бичигдэн үлдэхийг анхаарна уу.