2014 оны 12 сарын 19-нд ХОУР-гийн сурвалжлах баг Бээжингийн цэргийн 304 дүгээр эмнэлгийн түлэнхийн тасагт Билгүүдэй хүүг эргэн очиж шинэ жилийн бэлэг өглөө. Хүү биднийг эрхий хуруугаа гозойлгон инээд хөөртэй угтсан юм. Арьс нөхөх анхны хагалгаа бүрэн дүүрэн амжилттай болж зуун хувь нөхөн төлжжээ. Өнгөрсөн баасан гарагт буюу 12 дугаар сарын 12-нд хийсэн хоёр дахь хагалгаагаар зүүн хөлийнх нь ясыг өсгийнөөс нь хадаж эвлүүлээд зулайнаас нь дахин арьс авч нөхжээ. Одоо нэг сарын турш мах нь ургах эсэхийг харзнана. Хэрэв мах ургахгүй бол баруун хөлнийх нь булчингаас хэсэглэн авч зүүн хөлд нь суулгах гурав дахь хагалгааг хийх юм байна. Тэр бүхний дараа хүүгийн зүүн хөлний хөгжилтийг гурван сар орчим ажиглаад хөгжихгүй бол тайрахаас өөр аргагүй болжээ.
Хүүгийн ээж Ц.Булган, олон түмний буянд хүүгийн бие нэлээд сайжирлаа. Авралын гараа сунгасан хүмүүсийн ачийг насан туршдаа санаж явах болно хэмээн ярьсан юм. Тэрээр, биднийг нааш ирэхээс өмнө цагдаагийн газраас утасдаж, цахилгааны утасны гэмтлээс гарсан гал юм байна шүү дээ, гомдолгүй биз дээ гэж асуусан. Би тухайн үед энэ хэрэгт анхаарах сөхөө байсангүй, хүүдээ зовниж хурдан эмчлүүлэхийг зорьж байлаа. Тэр орцны жижүүрийг барьсан өдрөө алдсан сурагтай байна лээ. Одоо тэгээд энэ хэргийг хариуцах хүнгүй юм гэнэ. Бодох тусам гомдох юм. Ер нь хүмүүсийг шатны доор амьдруулж жижүүр хийлгэх нь зөв ч юм уу, буруу ч юм уу. Хуучин орцны жижүүргүй болоод л байсан. СӨХ-үүд орон гэргүй, хариуцлагагүй хүмүүсээр орцны жижүүр хийлгэдэг. Би байрныхаа СӨХ-д гомдолтой байна гэж ярьж байсан юм.
До.Болдхуяг
Эх сурвалж: http://www.ugluu.mn/