Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн цэцэрлэгүүд бүгд камерын хяналттай болсон. Камерын хяналт, эцэг эхчүүдийн харилцаа холбооны ачаар багшдаа зодуулж байгаа хүүхэд болон багшийн ёс зүйгүй үйл ажиллагаа ил болсон байна.
“Амила” цэцэрлэг байгуулагдаад 15 жилийн хугацаа өнгөрч байгаа бөгөөд өдгөө долоон салбартайгаар үйл ажиллагаа явуулж байгаа. Нэг хүүхдийн төлбөр сарын 350 000 төгрөг. Эцэг эхчүүдийн хувьд нэг ангид цөөн хүүхэд байдаг, хувийн цэцэрлэг болохоор хүүхэд сайн асарна гэж уг цэцэрлэгийг сонгодог байна.
Тэгвэл “Амила” цэцэрлэгийн Сүхбаатар дүүрэг дэхь салбар буюу Гэмтэл согог сэргээн засах төвийн хойно байрлах салбарт энэ сарын 28-ны өдөр бага ангийн бүлгийн нэг хүүхдийн чирч гулдчиж байгаа болон өөр нэг хүүхдийг алгадаж байгаа нь хяналтын камерт бичигдэн үлдсэн байна.
Хүүхдийг чирч оруулсан өрөө
Хэлд ороогүй хүүхдэд ийнхүү түрэмгий хандаж байгаа бичлэгтэй холбоотойгоор бид “Амила” цэцэрлэгт очсон юм. Биднийг тус цэцэрлэгийг эрхлэгч Ж.Энхтунгалаг, арга зүйч н.Солонго нар тайлбар өглөө.
Бид энэ талаар цэцэрлэгийг эрхлэгч Ж.Энхтунгалагтай уулзаж тодруулахад: Миний зүгээс маш их гомдолтой байна. Би өөрөө зээл авч энэхүү байгууллагыг улсын тэргүүний хэмжээний болтол нь ажилласан. Тэгэхэд урмыг минь хугалж, ийм хэрэг гарсанд маш их гомдолтой байна. Би болчимгүй үйлдэл гаргасан багшаа өмөөрөхгүй. Гэхдээ энд ганцхан тэр багш биш долоон салбарт ажиллаж байгаа 100 гаруй багш, ажилчид яригдаж байна. Бидний хийсэн бүтээн байгуулалт, үйл ажиллагаан дээр ямар ч сэтгүүлч, зурагтынхан ирээгүй мөртлөө нэг хэрэг гарахад маш олноороо нийгэмд буруу мессэж өгч байна. Сошиалд тавигдсан бичлэгийг үзсэн, маш их эвлүүлсэн байсан. Бичлэгийн цааш үзвэл Э нь тоглоомоороо тоглож, маш амар тайван харагдсан. Э нь хоолоо идэхгүй байхаар нь гал тогоо руугаа хоол идүүлэхээр орсон атал, харанхуй өрөө үрүү хийчлээ гэх ташаа зүйл тархсан байна. Тэр хүүхдийн аав нь өөрөө хуульч хүн байсан. Бидэнд аяггүй зан гаргаж, албан тушаалаар маань дорд үзсэн. Бид хэрэг гаргасан багшдаа арга хэмжээ авч ажлаас халсан. Мөн Багшийн хөгжлийн төвд багшлах эрхийг нь түдгэлзүүлж өгөөч гэсэн хүсэлт гаргасан байгаа. Энэ хэрэг бидний хувьд маш их сургамж боллоо.”
Тус цэцэрлэгийн заах аргач н.Солонго: “Өнгөрсөн нэг дэх өдөр А багш маань надаас чөлөө авахаар гуйсан юм. Миний зүгээс энэ улирлаа дуусгах хэрэгтэй чөлөө өгөхгүй гэсэн. Манай багш маш их бухимдуу маягтай явсан. Тэгээд жаахан бухимдсандаа тийм зүйл гаргасанд нь бидний хувьд маш их гэмшиж байна. “А” багш маань маш тайван хүүхдэд хайртай, бүтээлч хүн.” Гэдгийг хэллээ.
Мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор бид бичлэгт гарч буй хүүхдүүдийн аав ээжтэй бид холбогдсон юм.
Э охины ээж: “Хүүхэд зодлоо гэсэн элдэв бичлэг цахим орчинд тавигдахад эх хүнийхээ хувьд битүүхэндээ айдаг л байсан. Ядаж хувийн цэцэрлэг нь хүүхдэд илүү анхаарч, зодох асуудал гаргахгүй байх гэж бодсон. Гэтэл миний охиныг ингэж сэтгэл санааны цочролд оруулж байгаад би үнэхээр гомдолтой байна.
Миний охин одоо хоёр ой дөрвөн сартай. Гүйцэд хэлд ороогүй хүүхэд. Охиноо өнгөрсөн жилийн 09-р сараас эхлэн тус цэцэрлэгт явуулж эхэлсэн. Харин 2018 оны 03-р сараас охин маань ааштай болж, шөнө унтахдаа цочиж сэрдэг, зодуулж байгаа юм шиг уйлдаг болсон. Нөхөр бид хоёр гайхдаг байсан ч насын онцлог нь юм болов уу? Цэцэрлэгийн багш нь арай ч ингэж дээрэнгүй харьцдаггүй байх гэж бодож байсан.
Гэтэл даваа гаригт санамсаргүй байдлаар охинтой минь зүй бус харьцаж байгааг олж мэдсэн. Тэгээд камерын бичлэг шүүж байхад бага ангийн багш Г.А гэгч нь өөр хүүхэд зодож байгааг нь мэдсэн.
Бид бичлэгийг хууль авахаар, мөн тухайн багш, цэцэрлэгт арга хэмжээ авахуулахаар хуулийн байгууллагад хандсан. Бид хүний мууг үзэх гэж биш, дахиж хүний нялх үрсэд битгий ийм зүйл тохиолдоосой гэж л хандаж байгаа.” гэв.
Тэгвэл бичлэгт хүүхэд зодож, “харанхуй” өрөө рүү чирж байгаа багш нь тус цэцэрлэгт цэвэрлэгчээр анх ажилд орж байжээ. Түүний хичээл зүтгэлийг нь үнэлж байгууллага нь дэмжин сургуулийн өмнөх боловсролын багш буюу цэцэрлэгийг багш мэргэжилтэй болгосон аж. Хэрэг гардаг өдөр буюу даваа гаригт хувьд нь асуудал гарсан, ажлаас нь чөлөө өгөөгүй тул бухимдан ийнхүү хүүхдүүдэд гар хүрсэн байх магадлалтай аж. Хүүхэд зодсон Г.А багш өмнө нь сануулах арга хэмжээ авч байсан нэгэн юм байна.
Энэ хэрэгтэй холбоотойгоор Г.А-г ажлаас нь халж, багшаар ажиллах эрхийг нь хоёр жилээр хасахаар болсон. Мөн Амила цэцэрлэгийн тус салбарын арга зүйч багшийг солих гэнэ.
Хүүхэд зодсон Г.А багш
Эцэг эхийн төлөөлөл уг цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг холбогдох байгууллагад гаргахаа мэдэгдсэн. Учир нь тус цэцэрлэг энэ төрлийн зөрчлийг удаа дараа гаргасан байж болзошгүй байгаа юм.
Энэ хэргийг хуулийн байгууллага хэрхэн шийдсэн талаар бид эргэж мэдээлэх болно.
Г.Ануударь
А.Баярмаа
dorgio.mn