БОАЖЯ-ны дэргэдэх “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн Үндэсний зохицуулах зөвлөл”-ийн гишүүн Г.Амарсанаатай ярилцлаа.
-Зөвлөлийнхөө талаар танилцуулахгүй юу?
-“Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенци буюу CITES-ын гэгддэг Үндэсний зохицуулах зөвлөл нь орон тооны бус зөвлөл юм. Зорилго нь энэ конвенцийг өөрийн улсад хэрэгжүүлж олон улсын жишгээр амьтан, ургамлаа хамгаалах. Бид юу хийв гэвэл, юуны урд манай улс энэ конвенцод элссэнээс хойш 21 жилд анх удаагаа тайлангаа ном ёсоор нь Нарийн бичгийн газарт нь өглөө.Энэ нь яам амьтан хариуцсан хоёр мэргэжилтэнтэй болсны ач тус юм. Мөн бид Женев дэх Нарийн бичгийн газартай тохирч хийх ажлаа тодорхой болголоо.Тухайлбал, манайхан амьтан тоолохдоо машинаар давхиж тааралдсан амьтдаа тэмдэглэж тухайн нутгийн талбайд үржүүлээд тойм тоо гаргадаг.Мөн манай хуулиар хоёр жилд нэг удаа төсвийн хөрөнгөөр амьтнаа тоолох ёстой. Гэтэл олон улсын гэрээгээр амьтны сүргийн бүтэц, ургамлын нөөцийг гаргах тойм тоо бус жинхэнэ тооллогыг жил болгон явуулах шаардлагатай болж байна.Мөн энэ ажлаа улсын төсвөөс бус олон улсын квотын 10-15 хувиас олсон орлогоор хийдэг болох шаардлага үүсээд байна.Товчхондоо “Байгаль хамгаалах гэж зохистой ашиглахыг хэлнэ. Зохистой ашиглах гэж байгаль хамгаалахыг хэлнэ” гэсэн олон улсын зарчмыг амьдралд яаралтай хэрэгжүүлэх шаардлага үүсээд байна. Энэ нь байгаль хамгаалах ажилд маш яаралтай инноваци нэвтрүүлэх ёстой боллоо гэсэн үг. Өөрөөр хэлбэл жинхэнэ эрдэмтдээ амьтан, ургамлаа зохистой ашиглах, өсгөх ажилд яаралтай татан оролцуулах ёстой болчихоод байна.Иймээс бүх судлаачиддаа хандан амьтан, ургамлыг зохистой ашиглах, хамгаалах талаар яаралтай оюуны өмч аваач ээ. Та бүхний оюуны өмчийн ачаар амьтан ургамал маань өснө. Орон нутагт валютын орлоготой 300 мянга гаруй ажлын байр бий болно. Бараг 78 хувь нь цөлжөөд байгаа бэлчээр цөлжилтөөс ангижрана.
Аялал жуулчлалын шинэ салбар бий болно.Байгалиа зохистой ашигласны ачаар хэдэн жилийн дараа ЕвропынХолбооны улсуудтай адил амьтан, ургамлаасаа жилд тэрбум, тэрбум еврогийн орлого олдог болцгооё гэж уриалж байна. Үүнийг хийхийн тулд яам, Засгийн газар,орон нутаг, эрдэмтэд нэг цул баг болж ажиллахаас өөр арга байхгүй. Энэ нь амьтан, ургамлаа өсгөх, зохистой ашиглах ажлын нийгэмд үзүүлэх гол ач холбогдолуудын нэг ч байж магадгүй. Амьтны зан араншин, ургамлын онцлогыг яг таг мэддэг мэдлэгээрээ оюуны өмчийн гэрчилгээ авсан жинхэнэ эрдэмтэд л энэхүү ажлын гол хөдөлгүүр нь болно. Иймд судлаач та оюуны өмчийн гэрчилгээ авч чадахгүй бол өөртөө дүгнэлт хийж амьтан, ургамал хамгаалах талаар санаачлага гаргах, зохион байгуулж удирдах, судлах ажлаас холхон байж байгаль,иргэддээ тус болооч гэдгийг давхар гуйж бас уриалахаас өөр аргагүй болоод байна.
Учир нь инноваци нэвтрүүлэхгүй бол 15-20 жилийн дараа бид бэлчээргүй, байгалгүй болчих гээд байна.Энэ нь монгол орон мал , малчин, амьтан, ургамалгүй цөлийн улс болно гэсэн үг. Хэдэн тэмээ, тэмээчин хоёр л үлдэх байх. Өнөөдрийн Сахарын цөл яаж үүслээ. Яг энэ алдааг монголчууд давтах гээд байна. Бэлчээр бараг 80 хувь цөлжөөд байна гэдэг чинь онц байдал албан ёсоор зарлагдчихаад байна гэсэн үг.
– Инноваци гэсэн үгийг монголоор орчуулбал…
Английн “innovation” гэсэн үг нь латин хэлний “in” буюу тэр зүгт, рүү,“novatiо” буюу шинэчлэл,өөрчлөлт гэсэн утгатай үгнээс үүссэн билээ. Иймээс “инноваци” гэдэг нь үгчилбэл “шинэчлэл рүү, өөрчлөлт рүү”, утгачилбал “дэвшилд хүрэх дөт зам” гэсэн үг. Анх инноваци гэсэн үг XIX зуунд шинжлэх ухаанд хэрэглэгдэж эхэлсэн байдаг. Харин XX зууны эхээр австрийн эдийн засагч Й.Шумпетер шинжлэх ухааны дэвшилтэд, тэргүүний бүтээлүүдийг ашиглан эдийн засгийн чадамж, үр дүнг дээшлүүлэх арга замыг нээснээр инноваци нийгмийн бүх салбарт хэрэглэгдэж эхэлсэн байна. Иймээс инноваци гэдэг нь товчоор шинжлэх ухааны тэргүүний, үр дүнтэй бүтээлүүд болох оюуны өмчийг амьдралд цаг алдалгүй нэвтрүүлэн улс эх орноо өндөр хөгжилтэй улс болгох үйл явц гэсэн үг юм. Бүр товчоор инноваци гэдэг нь улс орныг хөгжүүлэх хамгийн дөт зам гэсэн үг.
-Амьтан хамгаалах инновацийг тодорхой жишээн дээр тайлбарлавал?
-Өнөөдөр манайхаар бол нэн ховор, олон улсын гэрээгээр бол нэгдүгээр хавсралтын амьтан цоохор ирвэсийг агнасан, арьсыг нь зарсан гэж орон нутгийнханд эрүүгийн хэрэг үүсгэж шоронд хорьж байна.Энэ бол холбогдох хуулиа хамгийн гол нь үг дуугүй биелүүлэх ёстой олон улсынхаа гэрээг биелүүлэхгүй байгаагийн үр дүн бас гутамшиг юм. Гэтэл африкийн Танзан улс нэгдүгээр хавсралтын 500 ирвэс агнуулах квотыг жил болгон авч байна.Тэд зөвхөн ирвэснээс гэхэд жилд хэдэн сая ам. доллар олж байгаа бол? Яагаад жил болгон олон зуун ирвэс гадаадын анчдаар агнуулаад байхад ирвэс нь цөөрдөггүй юм бол? Үнэндээ өнөөдөр байгаль хамгаалах ажилд инноваци нэвтрүүлж чадахгүй байгаагаас монголчууд бид алтнаас гадна валют сандайлсан гуйлгачингаас дор хүмүүс болчихоод байна. Гуйлгачин өргүй байдаг биз дээ?!
Танзаничууд жилд 1-2 удаа ирвэсээ тоолж тайлангаа Нарийн бичгийн газарт ном ёсоор нь өгдөг учраас энэ квотыг жил болгон авч олон сая валютын тогтмол орлого олж ирвэсээ ч хамгаалж чадаж байна. Бид яг ингэх ёстой. Гэтэл Танзаний ирвэс тоолж сүргийн бүтцийг нь гаргадаг арга манайд тохирдоггүй. Иймээс манай судлаачид өөрийн гэсэн арга боловсруулж оюуны өмчийн гэрчилгээ авах ёстой. Энэ аргын дагуу ирвэсээ тоолж Дэлхийн мониторингийн төвд дүнгээ явуулж зөвшөөрүүлэх ёстой. Үүний дараа олон улсын квот авах ёстой. Тэгээд жил болгон тооллогын тайлангаа явуулж квотоо баталгаажуулж байх ёстой. Үүнийг л инноваци гээд байгаа юм. Манайд жилд 100-200 ирвэс хууль бусаар агнагддаг гэж судлаачид үздэг. Энэ нь хамгийн багаар бодоход 3,5-7 сая ам.доллар гэсэн үг. Аль ч амьтан ялангуяа эр амьтан үр төлөө үлдээгээд биологийн “хог” болдог. Ийм амьтдыг эсвэл бие султай өвчин, гажиг, тахир дутуу, сул дорой амьтдыг л агнаж ашигладаг. Мөн хоол тэжээлийн нөөцөөс илүүдсэн амьтдыг агнаж сүргээ эрүүл байлган, элдэв халдварт өвчин гарахаас хамгаалдаг. Ингэж чадаагүйгээс монгол бөхөн юу болов? Ядаж байхад яг хэдэн бөхөн байж байгаад хэд болтлоо цөөрснийг бид яг таг гаргаж чадахгүй байгаа биз дээ. Энэ нь бидэнд тооллогын арга байхгүй байгааг баталж байгаа хэрэг. Тооллогоо хийж чадахгүй байж яаж олон улсын квот авах билээ.Олон улсын квот авахгүй бол яаж амьтнаа зохистой ашиглаж, хамгаалж чадах билээ. Үүний шалтгаан нь мэдээж оюуны өмч буюу инновацийг байгаль хамгаалах ажилд нэвтрүүлж чадахгүй байгаа явдал.
-Амьдралд хэрэгжихэд бэлэн болсон оюуны өмчийн жишээ юу байна?
– За, би хоёрхон жишээ авъя. Өнөөдөр хулгайн анчид ойд очиж хүдрийн дуу гаргадаг шүгэл үлээгээд гүйгээд ирсэн эрүүдийг нь агнаж заарыг нь хууль бусаар маш хямд зарж байна. Манай судлаач Ц.Одбаяр “Хүдрийг агнахгүйгээр заарыг нь авах арга” гэсэн зохиогчийн эрх авсан. Ингэснээр нэг гр заар 50-60 ам.доллараар хуулийн дагуу зарагдах боломж бүрдэж байна. Хэдэн хүдэр аврагдах бол? Эрүүд нь зүй бусаар үрэгдэхгүй болохоор хүдрийн сүргийн бүтэц хэвийн болно. Өсөж үржинэ. Заараас олох орлого жил болгон нэмэгдэнэ. Мөн хулгайн ан зогсож хууль биелэгдэх бодит боломж бүрдэнэ.
Манайд тарвага нутагшуулах ажил 20-30 хувийн үр дүнтэй болдог учраас “тарвага нутагшуулах биш устгах ажил болоод байна” гэсэн гомдол орон нутгаас тасардаггүй байсан. ОХУ-д тарвага нутагшуулах ажил 50 хувийн амжилттай болдог. Гэтэл манай судлаач Я.Адъяа, Ц.Одбаяр нарын боловсруулсан аргаар тарвага нутагшуулахад 95 хувийн амжилттай нутагшиж байна. Товчхондоо энэ бол инноваци, эдгээр судлаачид жинхэнэ эрдэмтэд мөн.