Comment.mn

Газрын тос боловсруулах үйлдвэрийг иргэд дэмжиж байна

БНЭУ-ын нэг тэрбум долларын зээлээр Дорноговь аймгийн Сайншанд суманд газрын тос боловсруулах үйлдвэр барих шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүнтэй холбогдуулан иргэдийн санаа бодлыг сонссон юм.

 

Ховд аймгийн иргэн Л.Самданзаяа: Эдийн засаг аюулгүй байдлаа бодоод яаралтай дотооддоо газрын тосоо боловсруулдаг болох хэрэгтэй

Олон жил яригдсан мөртлөө одоо болтол биелдэггүй нь их сонин. Яг өнөөдрийн байдлаар нефть боловсруулах үйлдвэр барих бололцоо, хүний нөөцийн боломж байдаг гэж боддог. ШУТИС-д Газрын тосны сургууль гээд тусдаа факультет хүртэл байна. Аль болох хурдан байгуулах нь зөв гэж боддог. Одоо олборлож байгаа тосоо шууд түүхийгээр нь гаргаж байгаа. Боловсруулдаг болчихвол хамаагүй ашигтай л байх болно. Энэ талаар олон нийтэд хүргэсэн албан ёсны мэдээлэл хомсхон байна.

Цаашлаад улс орны аюулгүй байдалд нөлөөлж болохуйц асуудал шүү дээ. Жишээ нь Хятад одоо Хойд Солонгост шатахуунаар нь дарамт шахалт үзүүлэх гэж байна. Ийм зүйл ирээдүйд бидэнд тохиолдохыг байг гэх газаргүй. Энэ мэт байдалд хүрэхгүйн тулд, эдийн засаг аюулгүй байдлаа бодоод яаралтай дотооддоо газрын тосоо боловсруулдаг болох хэрэгтэй.

2.Баянгол дүүргийн иргэн Д.Сэнгээ: Одоо хийх цаг нь болсон

Өөрсдөө тосоо боловсруулдаг болох нь бидэнд л ашигтай шүү дээ. Их удаан яригдсан боловч бүтсэн юм байхгүй. Энд ч нэг юм нь болдоггүй, тэнд ч нэг юм нь шийдэгддэггүй. Дандаа гадны улсаас хараат байдалтай яваад байж болохгүй. Гаднаас оруулж ирж байгаа шатахуун нь чанар муутай байдаг. Улаан-Үд рүү ороод бензин хийхэд шал өөр байдаг шүү дээ. Ер нь боловсруулах үйлдвэр барих нь нэн тэргүүний зайлшгүй шаардлага мөн гэдэг нь тодорхой. Ардчилал гарснаас хойш ямар ч том бүтээн байгуулалт хийгдсэнгүй. Зочид буудал бол баригдчихаад байгаа юм. Үйлдвэр гэх юм юу ч байхгүй. Одоо хийх цаг нь болсон. Түүнчлэн 5 дугаар цахилгаан станц гэж хичнээн удаан ярив. Яриад л байдаг, хэрэгжилт нь тэг хувьтай.  Ер нь олон жил энэ ажил биелэлээ олохгүй байгаа нь хэсэг бүлэг хүмүүс болон улс төрийн томчуудын алдаа. Бас боловсруулах үйлдвэр барихад ашиг сонирхлын зөрчил байх шиг байна. Улс орноо бодож байгаа бол түргэн байгуулах нь зүйтэй.

3.Баянзүрх дүүргийн иргэн Д.Болд: Их бага ямар ч байсан тодорхой хэмжээнд боловсруулдаг болох хэрэгтэй

Өөрсдөө газрын тосоо боловсруулна гэдэг чинь улс оронд маш их ашигтай зүйл шүү дээ. Их ч бай бага ч бай тодорхой хэмжээнд боловсруулж л байх хэрэгтэй. Энэ удаад биелэлээ олж, байгуулагдаасай гэж хүсч байна. Тэрбум долларын зээл гэдэг чамгүй их мөнгө шүү дээ. Дээгүүрээ идэж уулгүй, хэрхэн зарцуулж байгаа, хэрэгжилт хэр явж байгааг сайн хянах шаардалагатай гэж бодож байна.

4.Баянзүрх дүүргийн иргэн ахмад дайчин, хурандаа Б.Чулуунбат: Дотоодынхоо хэрэгцээг дотоодынхоо бүтээгдэхүүнээр хангадаг болмоор байна

Монголчууд хөгжье л гэвэл нөөц бага ч байлаа гэсэн түүнийгээ боловсруулмаар байна. Миний бодлоор монголчууд хөгжихөд хоёрхон зүйл дутаж байна. Нэгдүгээрт шатахуунаа өөрсдөө үйлдвэрлэх, хоёрдугаарт хүн хүнээ хайрлаж сурах. Тиймээс газрын тос боловсруулах үйлдвэртэй болох нь хамгийн зөв асуудал. Дотоодынхоо хэрэгцээг дотоодынхоо бүтээгдэхүүнээр хангадаг болмоор байна.

5.Сүхбаатар дүүргийн иргэн Д.Батболд: Аль болох хурдхан байгуулагдвал бидэнд л хэрэгтэй

Нефть боловсруулах үйлдвэр барих нь амин чухал асуудал. Гэвч энгийн ард иргэд бидний хувьд дэмжиж байна гэж бодлоо илэрхийлэхээс өөр зүйл хийж чадахгүй юм даа. Улс орны эдийн засгийг бодоод үзсэн ч аль болох хурдхан байгуулагдвал бидэнд хэрэгтэй гэж иргэн хүнийхээ хувьд бодож байна. Мэдээж эдийн засгийнхаа хувьд Монгол улсад ашигтай. Манайд том хэмжээний үйлдвэр, дотооддоо нэмүү өртөг авч үлдэх байгууламж гэх юм байхгүй байна шүү дээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.