Comment.mn

Цэгцрэх зам нь бүдгэрсэн УЛААНБААТАР

Өвөлдөө гашуун утаа хоолой хорсгож, зундаа өмхий үнэрээр утаж байдаг метрополис хот Улаанбаатараас өөр байхгүй гэхэд хилсдэхгүй. Зах зээлийн нийгэмд шилжиж, хаа дуртай газраа амьдрах эрхтэй хэмээн Үндсэн хуулиар халхавч хийж, хот бараадсан их нүүдлийн цуваа өнөөг хүртэл тасарсангүй.

Үүний балгаар 500 мянган хүн ам суурьших чадалтай хотын даац хоёр дахин хэтэрч, харагдсан газраа хаа сайгүй хашаа хатгаж бууснаас хотын төлөвлөлт үндсэндээ устчихлаа. Улаанбаатар хотыг эмх цэгцгүй болгоход үе үеийн захирагч эрхмүүд багагүй үүрэг гүйцэтгэж, ирээдүйг нь балласан гээд хэлчихэд хатуудсан болохгүй.

Ерөнхийлөгч хэдхэн сарын өмнө сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Улаанбаатар ирээдүйгүй хот болсон. Утаа, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрлээ. Одоо нийслэлээ нүүлгэх тухай ярихаас өөр гарц харагдахгүй байна” гэж хэлснийхээ төлөө багагүй шүүмжлэлд өртсөн. Гэвч түүний хэлсэн үг өнөө цагийн Улаанбаатар хотын жинхэнэ өнгө төрх мөн. Оросууд Улаанбаатарын төлөвлөлтийг анх гаргаж байснаас хойш зөв зохион байгуулалттайгаар хөгжүүлж чадаагүйнхээ горыг өнөөдөр нийслэлчүүд амсаж сууна. Ирээдүйд ямар хот болгох талаар огт төсөөлөлгүй хүмүүс нийслэлийн анхны төлөвлөлтийг хийж байсан нь даанч харамсалтай. Тухайн үед ЗХУ-ын мэргэжилтнүүд нийслэлийн хүн амыг 500 мянгаас хэтрэхгүй. Гудамжаар явах автомашины тоо хамгийн ихдээ л 10 мянга л хүрнэ биз хэмээн тооцож байжээ. Гэхдээ хот төлөвлөлтийн зураглалыг гаргаж өгсөн Зөвлөлтийн мэргэжилтнүүдийг бруутгах аргагүй. Төлөвлөгөө гаргаснаас хойш хот харьцангуй эмх замбараатай хөгжиж байсан. Харин зах зээлийн шуурга хот төлөвлөлтийн зураглалыг үгүй хийж “нүдийг нь сохолсон” юм. Сүүлийн үед энэ хотын ирээдүйг яах, хаашаа шилжүүлэх үү гэсэн бодол оршин суугчид хийгээд нийслэлийн удирдлагуудын тархийг гашилгадаг боллоо. Хотын хөгжлийг хааш нь чиглүүлэх гарцыг өдгөө хүртэл тодорхой болгож чадаагүй л байна.

ИХ ХОТЫН ДҮРЭМГҮЙ ТОГЛООМ ТӨГСӨХ БОЛООГҮЙ ЮУ

Дөрвөн уулын дунд хааш хаашаа тэлэх боломж үнэндээ хомс. Зүүн тиймээ Налайх дүүрэгтэй нийлж, баруун тийшээ Эмээлт өртөө хүрч тэлэв. Урагшаа дархан цаазат газрууд руугаа хайр найргүй газар олгож, Туул голын эрэг, Богдхан уулын энгэр бэл, амууд хүртэл байшин барилгаар дүүрч, Зайсан толгой ч үзэгдэхээ больжээ. Алтан тэвшийн хөндий ийн 1.3 сая иргэнийг хэвлийдээ арай ядан багтааж байна. Уг нь бид хотоо огт төлөвлөлгүй орхичихсон юм биш. Байсхийгээд хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, мастер төлөвлөгөө гэх зэрэг гоё чамин нэртэй хөтөлбөр, зураглал гаргаж цаасан дээр буулгадаг ч энэ нь ердөө архивын баримт эсвэл, үзэсгэлэнгийн танилцуулга төдий байдаг. Нийслэлийн Хангарьд ордны 15 давхарт Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний зураглал бий. Гэхдээ энэ зураглалын дагуу хөгжсөн үү гэвэл үгүй. Дэлхийн улс орны нийслэлүүдтэй харьцуулахад Улаанбаатар дандаа сүүлийн байрт бичигдэж, хамгийн бохир хот гэдэг гутамшигтай нэр зүүсээр ирлээ.

Энэ эмх цэгцгүй, замбараагүй байдлыг зохицуулдаг дүрэм журам уг нь байх учиртай. Гаднын орнууд хотын дүрмээрээ зохицуулдаг юм билээ. Харин манай нийслэлийн иргэдэд үйлчилдэг дүрэм журам гэж огт алга. Тиймээс л цахилгааны шугамын дор, үерийн даланд гэрээ барьж тухалчихаад нүүдэлчин ард түмэн гэж соёлт ертөнцийг сохроор төсөөлөх юм. Нэг хэсэг хотын дүрэмтэй болохоор эрчимтэй хөндөж, анхны боловсруулалтыг нь хүртэл хийж байлаа. Гэвч сүүлийн үед сураг тасрав.

ТӨР БИШ ЗАХ ЗЭЭЛ ЗОХИЦУУЛСАН ХОТЖИЛТ

Саяхан Нээлттэй нийгэм форумд “Хотын хөгжил ба хот төлөвлөлт” сэдэвт хэлэлцүүлэг болсон юм. Энэ үеэр Германы хот төлөвлөлтийн мэргэжилтэн, доктор Йонханес Фон Франц “Хотыг маш нарийн төлөвлөхгүй бол ямар ч эмх цэгцгүй болдог. Хяналтгүй болсон тохиолдолд гэр хорооллын иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд бэрхшээл тулгардаг. Хамгийн том хүндрэл нь газар ашиглалтын зөрчлүүд үүсэж эхэлдэг. Ингэснээр тодорхой хэсгүүдэд сургууль, эмнэлэг гээд нийгмийн үйлчилгээ хүргэх барилга барихад түвэгтэй болдог. Яагаад хот төлөвлөлт хэрэгтэй вэ гэвэл эхлээд иргэдэд зориулсан үйлчилгээ, дэд бүтцийг шийдэх нь зүйтэй. Ерөнхийдөө байгаль орчныг хамгаалж, иргэдийн аюулгүй байдлыг хангасан байх ёстой. Гэхдээ хотын төлөвлөлтөд төсөв хамгийн чухал. Төсвийг төлөвлөснийхөө дагуу зарцуулж чадвал тогтвортой хөгжил бий болно” гэж онцолсон.

Түүний хэлснээр бол зам зассаныхаа дараа дулааны шугам тавьж буй нэрээр ухаж сэндийлэх нь хамгийн буруу аж. Хот тохижилт, дэд бүтцийн компаниуд нь эхнээсээ уялдаа холбоотой ажилладаг байх хэрэгтэйг онцолсон юм. Эхлээд хотын төлөвлөгөөгөө гаргасны дараа зорилго, зорилттойгоо нягт уялдах ёстой байдаг аж. Гэхдээ таван жил тутам төлөвлөгөөгөө шинэчилж явах ёстой. Нийслэлийн удирдлагуудын хэлж буйгаар ирэх 10 жилд Улаанбаатар хотын хүн ам 400 мянгаар нэмэгдэх хооцоо гаргасан. Харин хаана шингээх нъ үнэхээрийн толгой гашилгасан асуудал болж буй нь дамжиггүй. Монголд төрийн бодлогын хэмжээнд хотжилт өрнөсөнгүй. Ердөө чөлөөт зах зээлийн жамаар л яваа нэрийдлээр замбараагүй бөегнөрөл болсон.

ГАЗРЫН НАЙМАА ХОТЫН БОДЛОГЫГ ЗАМХРУУЛАВ

Дэлхийн томоохон хотууд гаргасан төлөвлөгөө, зураглалынхаа дагуу хөгждөг. Жишээлбэл, ОХУ-ын Эрхүү хот л гэхэд төв талбайдаа хотынхоо зураглалыг байршуулсан байдаг юм билээ. Хотынх нь зураглалаас хараад аль гудамжны хаана нь юу байдгийг түвэггүй олох боломжтой. ӨМӨЗО-ы Хөх хотын хөгжлийн төлөвлөгөөний зураглалд ч бүх зүйлд тодорхой тусгагдсан байдаг. Харин манай Улаанбаатарын зураглалыг хараад ойлгоход бэрх. Тэр бүү хэл газрын зураг дээрээс нь ч гудамж талбай, хаяг байршлыг олоход тун амаргүй.

Эдийн засагч Д.Жаргалсайхан “Бид XXI зуунд амьдарч байгаа хэрнээ гэр хорооллын иргэд нь усанд орох халуун усны газар ховорхон байна шүү. Намайг багад сургуулийн хүүхдүүдийг долоо хоног бүр халуун усанд оруулдаг байлаа. Улаанбаатар хотын хүн амын хэдэн хувь нь гэр хороололд амьдарч, хэдэн халуун усны газартай байна. Тэртээ зуун жилийн өмнө байсан модон жорлон яагаад өнөөдрийг хүртэл хэвээрээ байдаг юм. Хүн рүүгээ хандсан ажил хийхгүй хэрнээ хөшөө босгохыг илүүд үздэг. Баянзүрх дүүрэг 220 мянган хүн амтай. Нийгмийн үйлчилгээ үзүүлэх газар хомс байхад гурван тэрбум гаруй төгрөгөөр гурван нохойны хөшөө босгочихоод байж байна. Үүнийг хотын хөгжил гэж хэлдэггүй байх” гэсэн удаатай. Мөн тэрбээр Улаанбаатар хотын газрыг ширээн доогуур зарж, хотын бодлогыг устгаж, хөгжих, тэлэх гарцгүй болгосныг халаглан хэлж байна.

 

Б.Гандолгор

Засгийн газрын мэдээ

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.