Ид барилдаж, амжилт нь өдрөөс өдөрт ахиж явах насандаа ээжтэйгээ уулзаж чадалгүй хадан гэрт нь явуулсан тухайгаа ярихдаа ихэр татан уйлсан нь хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөв.
Монгол бөхөд арвин намтартай тэрбээр 2004 оноос хойш УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа дараалан сонгогдож өдгөө Батлан хамгаалахын сайдын албыг хашиж улстөрд зузаан намтар бүтээж яваа нэгэн. Тэрбээр 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж 41 хувийн санал авч байв. Цөөн хувийн зөрүүгээр ялагдсан ч гэлээ түүнд Монголын ард түмэн итгэл үзүүлэхэд бэлэн байгааг санал хураалтын үр дүн баталсан юм.
Харин 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирээд байгаа энэ өдрүүдэд Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгт оролцсон нь улстөртэй ямар нэг сэжмээр холбогдоно. МАН хоёр дахь удаагаа Монгол түмний бахархалт аваргаа Ерөнхийлөгчид сойхоор бэлтгэж буйн дохио ч байж мэдэх.
Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгт оролцох саналыг түүнд эртнээс тавьж байсан ч удаа дараа татгалзсан нь тохиромжтой цагийг хүлээж байсантай холбоотой биз.