Сүүлийн жилүүдэд олны сүсэг бишрэлийг хүлээсэн уул ус, овоо хайрхныг тахин шүтэж, тахилга тайлга үйлдэн онгод хийморио даатгах нь олширсон ч тэр хэрээр хүрээлэн буй орчинг бохирдуулж, тахих нэрээр бузарласаар байгаа нь харамсалтай. Тодруулбал, Монгол түмний шүтээн болсон, эр хүний хийморийг сэргээдэг гэгддэг хайрханууд маань цагаан сарын үеэр хийморио сэргээгсдийн хєлд дарагдан, Улаанчулуутын хогийн цэгээс дутахааргүй болчихдог нь нууц биш.
Энэ буруу үзэгдэл энэ жилийн цагаан сарын шинийн 1-ний өдөр ч давтагдав. Уламжлалт баяраараа уул овоогоо тахих гэж очсон ханагар сайхан эрчүүд маань хүндэтгэл тээж оччихоод буцахдаа тарьсан хогоо авдаггүйгээс архины шил, консервны лааз, хуванцар сав, шуудай, гялгар уут, сүүний хайрцаг мэт нь хаа сайгүй хєглєрч, хайрханд тахилга болгон єргєсєн цагаан идээ, малын мах зэрэг нь илжирч муудан хогийн цэгээс ялгагдах юмгүй болсон талаар сүүлийн өдрүүдэд цахим ертөнцөд багагүй шуугисан.
Уул овоондоо ажил үйлсээ даатгаж, хиймор лундаагаа сэргээж болно оо. Гэхдээ эрийн цээнд хүрсэн, хүний хань хүүхдийн эцэг болсон залуучууд маань ядаж л тарьсан хогоо аваад явчих ухамсартай баймаар юм. Эс тэгвээс хийморь лундаагаа сэргээсэн бус, хангай дэлхийгээ бузарлаж, нүгэл үйлдсэн хэрэг болно.
Энэ талаар , Зүүн хүрээ Дашчойлин хийдийн тамгын лам Ц.Алтанхүүгээс тодруулахад, “Уул овоонд идээ будаа өргөж буй хүмүүс хог хаягдал хаяж буй нь бурхны ёсонд сайн сайхны бэлгэдэл биш болж, сөрөг муу үзэгдэл дагуулдаг. Цагаан сарын шинийн 1-ний өдөр нар мандахыг харах гэсэн иргэд уул овооны оргилд гарч, идээ, будаа, хадгийг овоонд өргөдөг. Ингэхдээ зан үйл талаас буруу үйлдэж байна. Манайхны ихэнх овооны оройд гарч сүү, цагаан идээгээ өргөхдөө зориулалтын саванд хийдэггүй. Энэ нь эргээд байгальд хог болж байна. Тиймээс энэ үйлийг хийх гэж байгаа иргэд зориулалтын саванд өргөл, барьцаа өргөөд буцахад ямар нэг асуудал байхгүй. Бас нэг буруу үзэгдэл нь овоо тахиж байна гээд гал түймэр тавиад буцчихдаг. Энэ нь эргээд нөхөж баршгүй үзэгдэл болдог” гэсэн юм.
Нүүдэлчин ард түмний хувьд монголчууд байгаль дэлхийтэйгээ байнга харьцаж уул, ус, ургамал, ан амьтадаа хамгаалах ёс жаяг, зан үйл, уламжлалтай ард түмэн билээ.Овоо тахилга үйлдэх зан үйл нь мөн л эрт цагаас хэвшсээр ирснийг тэмдэглэвэл зохино. Монголчууд уул толгод, даваа хөтөл дээр овоо босгож, түүнийгээ хүндэтгэн тахиж байгаль орчноо хайрлан хамгаалсаар ирсэн билээ. Уул овоо тайх, овооны тахилга хийх зан үйлийг үйлдэхдээ тухайн газар нутгийн эзэн лус савдагийн зан араншин, нутаг хошууны ард олны хэвшиж тогтсон уламжлал зэрэгт тохирсон тус тусын зориулалт бүхий уншлага үйлдэж, сан тавьж, арц хүж уугиулж, цай идээ цагаа, мах шүүснийхээ дээжийг уул усандаа өргөдөг уламжлалтай.
Одоо бол энэ уламжлал алдагдаж, хог хаягдлаа овоон дээр орхиж байна. Овоонд хамгийн нандин санааны өргөл нэмэх учиртай тул бохирлох буртаглах үйлийг цээрлэдэг. Гэвч энэ ёсон гээгдсэнээс хадаг, бүс, архины шил, ундааны сав, мөнгөн тэмдэгт, арц хүжний уут гэх мэт зүйлийг овоонд өргөдөг болжээ.
Монголчуудын дийлэнх олонх нь хогон дунд амьдарч байгаадаа эмзэглэж, амтай болгон нь ярьж шүүмжилдэг. Тэгсэн хэрнээ, бүгдээрээ хүний нүд хариулж байгаад л хаа тааралдсан газраа хогоо хаячихдаг. Уг нь бол хүн бүр ярьдаг шигээ дор бүрнээ хог хаяхгүй байх наад захын ухамсартай байхад л бид энэ гамшгийг гэтэлгэж чадна.
Эх Сурвалж: Zaluu.com
уул овоог тахина гэдэг нь тэнэг асуудал мөн. Энэ бол Молголчуудын оюун ухааны хоцрогдол билээ.
Уул овоог тахиснаар бид олон зүйлээр хохирно байх шүү Молнолчуудаа .