Сүүлийн жилүүдэд Монгол улсад төлбөр тооцоог гадаад валютаар гүйцэтгэж ханшийн зөрүүнээс ашиг олж, хэрэглэгчдийг хохироохоос гадна мөнгөний ханшийг бууруулах сөрөг үр дагаварууд нийгэмд бий болсоор байна. Уг нь улс орон бүр үндэснийхээ мөнгөн тэмдэгтийг хамгаалах бодлого явуулдаг.
Тухайлбал, ОХУ үндэсний хэмжээнд ам.доллараар худалдаа, татвар, түрээсийн төлбөр хийхгүй байхыг Засгийн газрын шийдвэрээр хатуу хориглосон байдаг аж. Ингэснээр рублийнхээ ам.доллартай харьцах харьцааг тогтвортой байлгаж, инфляци өсөхөөс мөн мөнгөн тэмдэгтээ үнэгүйдүүлэхээс сэргийлж чаддаг байна.
Харин манай улс үндэсний мөнгөн тэмдэгтээ хамгаалахаар УИХ-аас Үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоо гүйцэтгэх тухай хуулийг 2009 оны долдугаар сард, Валютын тухай хуулийг 20 орчим жилийн өмнө баталсан. Энэ хүрээнд Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчийн 1999 оны 25/88 тоот хамтарсан тушаалд “Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх бүх төрлийн ажил, үйлчилгээ, зар сурталчилгаа, аливаа үнийн санал болон тарифыг зөвхөн Монгол Улсын үндэсний валют төгрөгөөр илэрхийлж байсугай” гэж заасан байдаг.
Өөрөөр хэлбэл, манай улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгжийн төлбөр, цаашлаад цалин хөлс олгох, ажил үйлчилгээ худалдаж авахдаа зөвхөн төгрөгөөр л гүйцэтгэх ёстой гэсэн үг.
Гэтэл энэ хуулийн заалт өнөөг хүртэл хэрэгжихгүй байна. Энэ нь долларын ханшны хэлбэлзлээс шалтгаалж иргэдэд хохирол учруулдаг. Мөн валютын ханш чангарахад нөлөөлдөг байна.
Энэ төрлийн зөрчлийг арилгуулах үүднээс саяхан Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хорооны хамтарсан шалгалт хийж нийт 13 ААН байгууллага ам.доллараар худалдаа, төлбөр тооцоогоо хийдэг болохыг илрүүлж арга хэмжээ авчээ. Ийм зөрчил гаргасан иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-30 дахин, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалттай байдаг юм байна.
Хуулийг уландаа гишгэж, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгаа газруудыг нэг удаа торгосон болоод өнгөрч байгаа нь энэ төрлийн зөрчил буурахгүй байх шалтгаан болж байгаа гэж мэргэжилтнүүд үзжээ. Тиймээс хууль зөрчиж иргэдийн халаасыг сэгсэрдэг компаниудад тооцох хариуцлагыг чангатгаж, нэн даруй таслан зогсоохгүй бол дотоодын зах зээлд валютын зохиомол эрэлт үүсэх, цаашлаад төгрөгийн ханш сулрахад нөлөөлөөд зогсохгүй, иргэдийн үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгт итгэх итгэлийг бууруулж, макро эдийн засгийн тогтвортой байдалд ч сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм.
Т.Гэрэл
Эх сурвалж: Zaluu.com