Comment.mn

Хүүхдийн эрхийг зөрчигчдөд төрөөс хатуу арга хэмжээ авдаг болъё

Энэ ертөнцөд хүн болж бүрэлдэх нь зүүний үзүүр дээр арвай тогтохын адил ховорхон хувь тавилан гэж эртний нэгэн сударт өгүүлсэн байдаг. Тиймээс ч үртэй болох хувь тохиож буйг хүндэтгэн үзэж, дээдэлдэг нь хүний ёсон. Гэтэл сүүлийн жилүүдэд ховорхон заяах энэхүү хувь тавиланг хурууны үзүүрээр устгах болсон. Цөөхөн хүн амтай манай улсын хувьд үр хөндөлтийн асуудал дэндүү их байгаа нь хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлж байгаа юм. Хорвоод хүн болж мэндлэхээр тэмүүлэх бяцхан үрсээ “Чи ирэх болоогүй” хэмээн хөнөөх хүйтэн сэтгэлтнүүд олширсоор байгаа нь эмгэнэлтэй. Манай улсад 1992 оноос хойш үр хөндөлтийг хүссэн хүн бүхэн хийлгэх эрхийг нээлттэй  болгосноор энэ төрлийн бизнес арилжаа наймаа мэт цэцэглэснийг Улаанбаатар хотын өнцөг булан бүрт тавхан алхмын зайтай байрлах эмэгтэйчүүдийн эмнэлгүүд гэрчилнэ.

Үүнийг дагаад хүмүүсийн сэтгэхүй ч өөрчлөгдөж эхэлж байна. Өөрөөр хэлбэл, энэ ертөнцөд хүн болох гэж эхийн хэвлийд бүрэлдсэн бяцхан үрсийг ирээдүйд зовоохгүйн төлөө гэх нэрийдлээр үгүй хийх нь зөв гэсэн байр суурьтай хүмүүс олширчээ. Арга ч үгүй биз сүүлийн жилүүдэд ээж аавынхаа хайранд бялуурч, энгэрт нь эрхэлж байх ёстой бяцхан үрс гэр бүлийн хүчирхийлэлийн золиос болж нарт хорвоог орхих тохиолдол ихэссэн. Тийм болоод ч тэр үү зарим хүмүүс цахим ертөнцөд “ХҮҮХЭД ОЛДСОН Л БОЛ ГАРГА” гэдэг үгтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Тухайлбал, нэгэн залуу өөрийн цахим хуудсандаа, ““Хүүхэд олдсон л бол гарга” гэдэг харгис үзэлтэй би санал нийлдэггүй. Учир нь хүүхэд бол бүрэн бүтэн гэр бүлийн хүндэт гишүүн нь болж мэндлэх ёстой болохоос биш хариуцлагагүй сексийн өр төлөөс биш, хэн нэгнийг шантаажлах хэрэгсэл биш, эцгийг нь өөртэйгөө суухыг албадагч золиос биш, эцгийг нь байнга сануулах ямар нэгэн дурсамжийн дэвтэр биш, хөгширсөн хойно хөл мөлийг нь хучих зарц бас биш, эцэгт нь гаргасан уур хилэнцээ тайлан загнуулж зодуулахаар ирсэн ялын тогтоол биш!!!!!” хэмээн нийтэлжээ.

Энэ хүний хэлснийг буруутгах боломжгүй. Тэглээ гээд энэ хорвоод төрж баяр баясгалан бэлэглэх гэж ирсэн үрээ ирээдүйнхэн төлөө гээд амьсгалыг нь таслах нь буруу. Тиймээс орчин үеийн залуус маань жаахан ч гэсэн хариуцлагатай байх нь хамгийн чухал.

Мөн төрөөс үр хөндөлтийн эсрэг ажлуудыг эрчимжүүлж хариуцлага хүлээлгэж, шийтгэл ноогдуулах хэрэгтэй. Хэрэгжиж буй хуулиа хэр сайн хэрэгжиж байгаад хяналтыг сайжруулмаар байна. Хувьсгал ялсаны дараа өрх бүрт сургалт явуулан бэлгэвч хэрхэн хэрэглэх талаар сургалт явуулж байсан. Түүний талаар онигоо гэмээр түүхүүд их байдаг ч үр дүнд хүрч байсан. Одоо тэгвэл төрөөс бэлгэвч хэрхэн хэрэглэх талаар сургалтуудыг ерөнхий боловсролын сургуулиудад явуулж, үр хөндүүлж байгаа охид бүсгүйчүүдэд торгууль ноогдуулж, хүүхдээ зовоож байгаа эцэг эхчүүдэд хатуу арга хэмжээ авбал энэ бүгд багасах юм биш үү. Төр хатуудаа хатуу зөөлөндөө зөөлөн байх хэрэгтэй.

Хорвоод хүн болох эрхээ аваад ирж байгаа хүүхэд бүхэн мэндэлж аз жаргалтай амьдарлыг эдлэх ёстой.

 Т.Оюу

Эх сурвалж: Zaluu.com

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.