Comment.mn

Хүүхдээ харгалзах уу, хүнсээ залгуулах уу?

Автозамын хөдөлгөөний аюултай байдал манайд хэвийн үзэгдэл болсон гэж хэлж болохоор. Өдөр бүр согтуурах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан 40-60 иргэнийг журамласан, зам тээврийн осолд хүүхэд өртсөн тухай мэдээлэл ирж байна. Ослоор хүн нас бараагүй бараг нэг өдөр ч байхгүй гэж хэлж болно

.Эцэг эх, асран хамгаалагч, багш нар нь хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулснаас болж энэ сарын 01-ний өдрөөс хойш 14 өдрийн байдлаар нийт 44 хүүхэд зам тээврийн осолд өртсөн бөгөөд 3 багш, 2 эцэг эхэд хариуцлага тооцжээ. Тэдэнд ЗХАБТХ-ийн 54.6-д заасан хуулийн хариуцлага хүлээлгэсэн байна. /ЗХАБТХ-ийн 54.6. Энэ хуулийн 13.2.7-д заасныг зөрчсөн нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна. Энэ хуулийн 13.2.7. Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх;/

Зам тээврийн холбогдолтой осол гэмтлийг бууруулах гэж төрөөс хуулийг чангатгаж, замын цагдаагийн алба хаагчид урьдчилан сэргийлэх сануулга, зөвлөмж өгч ажиллаж байгаа ч осол гэмтлийн тоо тийм ч дорвитой буурахгүй байна. Үүнд иргэдийн ухамсар хамгийн чухал үүрэгтэй. Хотын соёл гэж бид ярьж, шүүмжлэх дуртай ч зам дээр гараад хэр соёлтой байдаг вэ гэдгээ хүн бүр дотроо нэг бодох хэрэгтэй. “Энэ намайг ингэж шахаж байгаа бол би ч гэсэн хариуг нь өгнө, дээрэлхүүлэхгүй юм шүү. Замын хөдөлгөөний хууль дүрмээ баримталдаг жолооч бараг байхгүй юм чинь би ч гэсэн яадаг юм бэ.” гэсэн бодолтой жолооч хотын хаа сайгүй бий. Яг ийм бодолтой жолооч нарыг эрсдэл байнга угтан хүлээж байдаг боловч тэднээс болж өөр гэмгүй нэгэн, ялангуяа хүүхэд хохирч байдаг нь хамгийн харамсалтай.

Нөгөөтэйгүүр явган зорчигчдод ч бас асуудал бий. Үүнийг хот тохижилттой холбон өөрсдийгөө өмөөрөх хэсэг ч байдаг. Жишээ нь, гарцан дээр байгаа гэрлэн дохионууд бүгд буруу маш осолтой хэлбэрээр тавигдсан байгаагаас хүүхэд битгий хэл том хүн дайруулж амь насаа алдаж байна гэсэн шүүмлэл байна. Мөн явган хүний гарцыг ойр ойрхон байх ёстой гэж үздэг хүмүүс ч бий. Гэтэл гадаадын улс оронд тухайлбал, Англид явган хүний гарц манайх шиг ийм ойрхон байдаггүй ч явган зорчигч заавал гарцаар гардаг байна. Энэ хэвшил манайд их дутагдалтай байгаа юм. Эцэг, эхчүүдийн үлгэр дуурайлал хүүхдэд хамгийн их үр нөлөөтэй. Тиймээс хүүхэдтэй явж байгаа хүн бүр гарцгүй замаар гарч болохгүй гэсэн ойлголтыг багаас нь суулгаж, ирээдүйдээ үлгэрлэх хэрэгтэй.

Дээр дурдсанчлан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оруулсан хүнд хариуцлага хүлээлгэж эхлээд буй. Энэ нь нэг талаар урьдчилан сэргийлэх зөв алхам мөн. Гэвч нөгөө талаас нь харвал иргэдэд хүндрэлтэй асуудал гарч ирээд байгаа юм. Учир нь амьдралаа залгуулах гэж арай ядан хөдөлмөрлөж яваа хүн нэг бол хүүхдээ харгалзаж ажлаасаа гарах, эс бөгөөс хүүхдээ орхиод өдрийн хоолны мөнгөө олох гэсэн сонголтонд орж байна. Та алийг нь сонгох вэ? Багш нарын хувьд ч мөн адил. Хүний үрийг эрдэм номтой болгох их ажлын зэрэгцээ завгүй эцэг, эхийг нь орлож амжаагүйгээсээ болж хариуцлага хүлээх үү? Магадгүй бусдын хүүхдийг харгалзаж байх хооронд өөрийнх нь хүүхдийг хэн асран хамгаалах вэ? Энэ мэтээр үргэлжлэх гинжин хэлхээ хаа нэг газар тасарна. Энэ л бидний хэлэх гээд байгаа эрсдэл юм. Шийдвэрлэхэд тун бэрх ч бидэнд нэг л гарц байна.

Хүний амийг юугаар ч үнэлэшгүй. Гэвч хүний хэрэгцээ ч мөн хязгааргүй. Ажил, амьдралаа зохицуулах нь хувь хүний асуудал гэж хэлэх нэгэн байгаа. Гэхдээ миний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг энэ л нийгэмд бид хэрхэн зөв гольдролоор амьдрахыг зохицуулж өгдөг зүйл бол хууль. Тиймээс хүн бүр хуулиа даган мөрдөхөөс өөр гарц үгүй. Тэгэхээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу дээр дурдсан асуудал бүхний нэн тэргүүнд хүүхдээ харгалзах үүргийг хүлээлгэж буй юм. Үүнээс эцэг, эхчүүд болон багш нар хуулийн дагуу хүүхдээ асран хамгаалахаас бусад ажлаа хойш тавих ёстой гэсэн гаргалгаа гарч байна. Эцэст нь хэлэхэд жолооч ч, явган зорчигч ч хуулиас гадуур амьдрах аргагүй. Үүнд хэн ч гомдоллох эрхгүй. Учир нь хүний амь бүхнээс үнэтэй.

М.Хатанаа

www.bataar.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.