Comment.mn

Албан тушаалтан офшор бүсэд данс эзэмших, компани байгуулахыг хориглоно

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Гишүүдээс гаргасан саналуудыг тусган хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хуульзүй, дотоод хэргийн сайдад даалгалаа.

Төсөлд, Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх болон нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвших үедээ офшор бүсэд өөрийн нэр дээр банкинд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох тухай тусгасан байна.

Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүнийг баталлаа.

Монгол Улсын Засгийн газар шинээр байгуулсантай холбогдуулан гадаад улс орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын комисс, хамтарсан хороо, дугуй ширээний уулзалт зэрэг хамтын ажиллагааны Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүнийг шинээр томиллоо. Одоогоор Монгол Улсын Засгийн газар гадаад улс орнуудын Засгийн газартай нийт 38 хамтын ажиллагааны механизм байгуулан ажиллаж байна.

Хонины нэхий, арьс ширний үнэ нэмэгдэх боломжтой боллоо.

Өнөөдрийн байдлаар хонины нэхий 500, ямааны арьс 2000, адууны шир 30000 төгрөгийн үнэтэй болсноос малчдын орлого буураад байгаа юм. Иймд тэдний орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Арьс ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх зохицуулалтыг 2016 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн 2017 оны наймдугаар сарын 1-нийг хүртэл мөрдөхгүй байхаар Засгийн газар шийдвэрлэлээ. Ингэснээр арьс ширний экспорт нэмэгдэж, хонины нэхий, арьс ширний үнэ өсч малчдын орлого нэмэгдэх боломжтой гэж салбарынхан тооцоолсон байна.

Арьс ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх зохицуулалтыг 2013 онд баталснаас хойш хонины нэхий экспортлоогүй байна. Мөн манай улс арьс ширнийхээ 40 хувийг л дотооддоо худалдан авах багтаамжтай байдаг байна.

Өр, авлага барагдуулах, үнэ тарифыг судлах үүрэг бүхий ажлын байгуулна.

Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний нүүрс олборлогч “Багануур”, “Шивээ-Овоо” хувьцаат компанийн өнөөгийн байдал, хүндрэлтэй асуудлын талаар хэлэлцээд, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг сайд П.Ганхүү, Б.Чойжилсүрэн болон “Эрдэнэс Монгол” компанийн захирал нарт Засгийн газрын тэмдэглэлээр үүрэг болголоо.

Техник, тоног төхөөрөмжийг нь шинэчлэх, өр авлагыг барагдуулах, авахад бэлэн нүүрсний нөөцийг нэмэгдүүлэх, үнэ тарифтай холбоотой асуудлыг Ажлын хэсэг гарган судалж, санал боловсруулан Засгийн газрын хуралдаанд оруулахыг үүрэг болголоо.

“Багануур” хувьцаат компани жилд гурван сая гаруй тонн нүүрс олборлон төвийн бүсийн “ДЦС-2” ”ДЦС-3”-ыг 100 хувь, “ДЦС-4”-ийг 50, Дархан, Эрдэнэтийн Дулааны цахилгаан станцуудын хэрэглээний 30 хүртэл хувийг хангадаг. Харин “Шивээ-Овоо” хувьцаат компани хоёр сая тонн нүүрс олборлож “ДЦС-4”-ийн нүүрсний хэрэглээний 51 хувь, “Амгалан дулааны станц” болон орон нутгийн уурын зуухнуудыг нүүрсээр хангадаг.

Дээрх хоёр компани дизелийн түлш ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд 2015 оны жилийн эцсээр тасалбар болгон баталгаажуулсан олон тэрбум төгрөгийн өртэй байгаа нь хамгийн гол хүндрэл юм. Түлшний хуваарьт нийлүүлэлт буурснаас болж хөрс хуулалт доголдоход хүрчээ. Өнөөдрийн байдлаар уурхай 30 хоногийн түлшний нөөцтэй байх ёстой ч 2-7 хоногийн нөөцтэй байна.

Товч мэдээ

– Сангийн сайд Чойжилсүрэн Монгол Улсын 2017 оны төсвийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүллээ. Хуульд заасны дагуу тухайн оны 9 дүгээр сарын 15-ны дотор дараа оны төсвийн төслийг боловсруулан Засгийн газарт танилцуулах үүрэгтэй юм.

– УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы санаачлан боловсруулсан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах саналаа хууль санаачлагчид уламжлахаар тогтов.

– Шивээхүрэн боомтын төмөр замын суурь бүтэц барих төсөлд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн Ордонтой хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулах талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

– Импортын барааны гарал үүслийн дүрмийг 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэхээр боллоо.

– Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлав.


Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.