Таван хувийн хүүтэй ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгохгүй гэсэн байр суурийг төв банкнаас илэрхийлж байна. Өмнөх засгийн үед уг зээлийн санхүүжилтийн тухайд ТОСК-ийн удирдлага хэлэхдээ “Засгийн газар Тэтгэврийн санд өртэй. Тэгэхээр Засгийн газар Тэтгэврийн сантай гэрээ байгуулаад тийшээ орох ёстой мөнгийг ипотекийн зээл рүү оруулж, хүүнээс нь ашиг олох нь эдийн засагт эргээд тустай” гэх зүйлийг хэлж байсан санагдана. Тэгвэл өнөөдөр төв банк өөр байр суурьтай байна.
Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, төсвийн алдагдал нэмэгдэж, орлого тасалдаж буйтай холбогдуулан Төв банк зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлэхгүй байх зайлшгүй шаардлага үүссэн. Үүнтэй холбоотойгоор бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлж 15 хувьд хүргэсэн билээ. Ингэж мөнгөний хатуу бодлого баримталж эхэлсэн учраас цаашид ипотекийн таван хувийн зээлээр дамжуулан мөнгөний нийлүүлэлтийг дэмжихгүй гэж Монголбанк үзэж байгаа юм.
Гэхдээ ипотекийн таван хувийн зээлийн хөтөлбөр нь Засгийн газраас баталсан журмын дагуу хэрэгждэг. Тийм учраас Засгийн газар тодорхой түвшинд эх үүсвэрээ шийдэж чадвал ипотекийн таван хувийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, ипотекийн таван хувийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх эсэх нь Засгийн газрын түвшинд шийдэгдэнэ гэж байна.
Тодотгоход, Төв банк арилжааны банкуудын ипотекийн зээлийн санхүүжилтэд шалгалт оруулсантай холбогдуулан зээл олголт тодорхойгүй хугацаагаар зогсоод байгаа юм.
Сүүлийн үед ипотекийн зээлтэй холбоотой хэд хэдэн асуудлаар иргэд тодорхой мэдээлэл авахыг хүсч байна. Монголбанк ипотекийн зээлийн санхүүжилтийг зогсоосон уу, цаашид зээл хэвийн олгогдох уу гэх зэрэг олон асуулт иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа юм. Тэгвэл энэ талаар Төв банкны хэвлэлийн төлөөлөгч Д.Ариунаа “Монголбанк ипотекийн зээлийн санхүүжилтийг түр зогсоосон. Учир нь Төв банкнаас өнгөрсөн наймдугаар сард арилжааны банкуудад шалгалт хийсэн. Тодруулбал, арилжааны банкууд ипотекийн зээлийн санхүүжилтийг цаг хугацаанд нь гаргадаггүй өөр дээрээ хадгалсан, зориулалтын бусаар зарцуулж байгаа зөрчил ажиглагдсан. Үүнтэй холбогдуулан нэгдсэн журмаар шалгалт хийсэн. Эдгээр зөрчлийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг Монголбанк болон арилжааны банкуудын удирдлагын түвшинд хэлэлцэж байна. Ингээд нэгдсэн шийдэл гаргасны дараа ипотекийн зээлийн санхүүжилт үргэлжлэн олгогдоно” гэж байна.
Тэгэхээр ямар ч байсан ипотекийн зээл олголт цаашид үргэлжилнэ. Харин 5 хувийн хүүтэйгээр олгогдохгүй байх магадлал өндөр байна.
Эх сурвалж: Б.Итгэл, Шуурхай.мн